Вэй Жяньгуо гэх 53 настай хятад эр Бээжин хотын нисэх буудалд 10 жил амьдарчээ. 2008 онд эхнэртэйгээ муудалцаад гэрээсээ гарсан тэрбээр Бээжингийн Капитал олон улсын нисэх буудалд хоног төөрүүлэх болсон гэнэ.
Өнгөрсөн жил 9.4 сая зорчигч хүлээн авсан, дэлхийн хамгийн завгүй нисэх буудлуудын жагсаалтын хоёрт бичигддэг Бээжингийн Капитал нисэх буудал нь гурван терминалтай.
Эрхэлсэн тодорхой ажилгүй Вэй овогт нисэх буудалд дулаан, тухтай байдаг, бас хүссэнээрээ идэж, ууж болдог гэж ярьжээ. Тэрбээр гэрээсээ авчирсан цахилгаан тогоондоо хоолоо хийж иддэг, тэрүүхэн тэндээ бяцхан зөөврийн гал тогоотой болж амжжээ. Бусад үед Вэй нисэх буудлаар хэсэж, хоол хүнсээ цуглуулдаг аж. Хүлээлгийн танхимын сандлуудын хооронд хуучин, муу хөнжил дэвсэж, өөртөө ор засаад унтчихдаг. Гэрээсээ авч гарсан ойр зуурын хэрэглээний зүйлсээ түрдэг тэргэнд хадгалдаг ажээ.
Вэй уг нь хэзээ л бол хэзээ гэртээ харьж болно. Гэвч өөрөө хүсдэггүй гэнэ. Тэрбээр “Намайг гэртээ архи уухыг зөвшөөрдөггүй юм” гэж ярьсан байна. Вэй ажлаасаа халагдсан бөгөөд сар бүр засгийн газраас 1000 юанийн тэтгэмж авдаг аж.
Sina.cn цахим хуудсанд мэдээлснээр Вэй 2008 онд ажлаасаа халагдаад, архинд донтсон байна. Өдөр алгасалгүй архи уух болсон тул эхнэр нь гэртээ архи уухыг нь хоригложээ. Энэ л түүний гэрээсээ дайжих шалтгаан болсон байна.
Нисэх буудлын удирдлагууд түүнийг явахыг удаа дараа шаардсан боловч эргээд л хүрээд ирдэг гэнэ.
С.ЦЭЛМЭГ