А.Сүхбат дэмжлэг хүлээж, Т.Аюурсайхан хүчгүйдэв

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

А.Сүхбат дэмжлэг хүлээж, Т.Аюурсайхан хүчгүйдэв

А.Сүхбат дэмжлэг хүлээж, Т.Аюурсайхан хүчгүйдэв

УИХ-ын чуулганы өнөөдөр /2017.12.22/-ийн хуралдаан эхэлж, Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх болон Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн тухай УИХ-ын дарга танилцуулсан.

Гэвч УИХ-ын гишүүн А.Сүхбат Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Харин дээрх тогтоолыг санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бичил уурхай эрхлэгч иргэд хөдөлмөр, аюулгүй байдлаар хохирч байна. Бичил уурхай гэдэг бол Ашигт малтмалын тухай хуулиар үйлдвэрлэлийн аргаар олборлоход ашиггүй, овоолго дээр ашиглаж байгаа ордыг хэлж байгаа. Энэ хүмүүсийг хүчээр, мэргэжлийн байгууллагууд хаах саналыг тавьж байсан. Тэнд байгаа хүмүүсийн олонх нь өрхийн амьдралаа залгуулах, хоногийн хоолоо авах хэмжээний иргэд байдаг. Бичил уурхайг шууд хаах нь олон иргэдийн орлогыг үгүй хийнэ гэсэн үг. Тиймээс бичил уурхай эрхлэгчдэд ажлын байр бий болгоход, гадны тусламж ашиглах шаардлагатай байгаа. Төрөөс бичил уурхай эрхлэгчдийн талаар хэрэгжүүлэх ямар нэг хөтөлбөр байхгүй байдаг. Энэ бол нийгмийн хамгааллын чиглэлээр авах арга хэмжээ юм. Тиймээс энэ арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэх шаардлага байна’ гэсэн юм.  Эл асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Уул уурхайтай холбоотой асуудал улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Гэхдээ нөгөө талд үндэстэн дамнасан компаниудын ашиг болж бид алдаж байгаа. Мөн байгаль орчинд маш том хохирол учруулж байгаа. Бичил уурхайн асуудлыг цэгцлэх хүлээлт иргэдэд бий. УИХ-ын чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулж, нухацтай авч үзэх нь зүйтэй.  

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Уул уурхайн салбарт мэргэжлийн бус байдал хавтгайрсан учраас ард иргэдийн дунд нэр хүнд муутай байгаа. Сүүлийн үед 3000 гаруй лицензтэй, сум болгоны дарга 50 га олгох эрхтэй байгаа. Түүнд ямар ч байгалийн баялаг олгож болохоор байна. Үүний дараа бичил уурхай, түгээмэл, үүсмэл ашигт малтмал хийж байгаа ч нөхөн сэргээлт хийдэггүй, ашигт малтмалыг олборлодог бүхэл бүтэн масс бий болсон. Эднийг яаж хэрхэн зохицуулах, энэ хүмүүсийг нийгмийн зөв зохистой харьцааг бий болгох вэ гэдэг санаачилга гаргаж байгаа  нь зөв. Гэхдээ энэ салбарыг зөвхөн бичил уурхай гэж авч хэлэлцэхгүй, салбараар нь авч хэлэлцэх шаардлагатай байна. Том бодлогоор холбогдох яамдтай нь авч хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Бид хэлэлцэх асуудлаа ярилцах гээд өргөн хэлэлцүүлэг хийдэг болсон. Ер нь бол аливаа асуудлаар бэлдэж ирээд хэлэлцүүлэх боломжтой. Одоо УИХ-ын Дэгийн тухай хуулийг эргэж харах шаардлагатай. Өмнө нь УИХ-ын гишүүдийн ирц 51 хувиас дээш хувьтай байж, аливаа хууль, шийдвэрийг нухацтай гаргаж байсан. Он гараад УИХ-ын гишүүдээр УИХ-ын дэгтэй холбоотой ярилцлага хийх гэж байна.

Т.Аюурсайханы оруулж ирсэн энэ асуудал маш чухал. УИХ-ын байнгын хороо тогтоолын төсөл санаачилбал шууд баталдаг дэгтэй. Харин УИХ-ын гишүүн тогтоолын төсөл санаачилбал хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлдэг.  

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд эзгүй байгаа учраас энэ асуудлыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат нар гаргасан юм. Үүний дараа УИХ-ын гишүүдийн горимын саналаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг батлав

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ-ын үйл ажиллагааг Дэгийн тухай, УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг. Тиймээс тогтоолоор Төсвийн зөвлөл байгуулах нь хууль зөрчих вий.  Одоогийн орж ирж байгаа бүтэц нь Сангийн сайд нараас бүрдсэн зөвлөл байгаа юм. Тиймээс Дэгийн болон УИХ-ын тухай хууль зөрчилдөх нөхцөл үүсэж байгаа шүү. УИХ-ын тухай хуульд Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний алба гэсэн бүтэц байгаа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан тогтоол гаргасан. Энэ тогтоолд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулж, дүрэм, журмыг нь батлах ёстой гэсэн. Гэвч Төсвийн байнгын хорооны гишүүд нь дүрмийг заавал УИХ-ын тогтоол батлах ёстой гэсэн санал гаргасан юм. Үүний дагуу УИХ-ын тогтоол гаргах шаардлагатай байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. 2018 оны төсөв, түүнийг дагалдах хуулиуд болон бусад хуульд дүн шинжилгээ хийх, зөвлөмж дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага байгуулах юм.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг олон жилийн өмнө баталсан ч хэрэгжүүлдэггүй байсан. Төсвийн хязгаар нормд тааруулж, төсөв батлах ёстой ч бид жил бүр хязгаар, нормыг нь өөрчилдөг. Төсвөө эрүүлжүүлэхийн тулд энэ зөвлөл байх нь маш чухал. Амьдрал дээр бүх яамдад судалгаа, шинжилгээ хийдэг, норм тогтоодог алба байхгүй байна. Тиймээс амьдралд нийцэхгүй шийдвэрүүд гарч байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөх шаардлага байна уу.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ер нь цаашид жил жилийн төсөв төлөвлөх, УИХ-аар хэлэлцэх үеэр улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа. Энэ жил Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний албыг сайжруулах, орлого зарлагыг төлөвлөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажил маш олон бий. Нэгэнт хуулиар үүрэг өгсөн учраас Төсвийн тогтвортой зөвлөлийг байгуулж байгаа. 

Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмт батлах тогтоолын төслөөр гишүүдээс санал хураахад 59,6 хувь нь дэмжив.

Эрчим хүчийг гаалийн татвараас чөлөөлөхөөр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай төсөл нь баруун бүсийн эрчим  хүчийг 2020 он хүртэл Гаалийн албан татвараас чөлөөлөх юм байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Баруун аймаг ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч аваад удаж байгаа. Ингэхдээ дандаа Гаалийн татвараас чөлөөлөгддөг. Социализмын үеэс Ховд аймагт хоёр ч усан цахилгаан станц байгуулж, эрчим хүчээр хангах боломжтой төслүүд бэлэн бий.  Усан цахилгаан станцыг барьснаар баруун аймгаа хангаж, экспортод гаргах боломжтой төсөл байгаа. Энэ төслүүд яагаад өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна вэ?.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Баруун бүсэд ирээдүйд эрчим хүчний хэрэглээ өсөх тооцоо гарсан. Хэрэгцээ шаардлагыг үндэслэн хоёр ч усан цахилгаан станцыг ойрын хугацаанд эхлүүлнэ гэж бодож байгаа. Өмнө нь хийгдэж байсан ТЭЗҮ, эх үүсвэртэй холбоотой асуудлыг гаднаас санхүүжүүлэх боломжтой гэдгээ зарим байгууллагуудад саналаа тавьж эхэлсэн.

Гишүүд асуулт, тайлбар авсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь дэмжих горимын санал гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх зөвшөөрсөн  учраас тогтоолын төслийг батлах санал хураав. Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг бүхэлд нь батлах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн олон дэмжиж, батлагдав.

Үүний дараа  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Монгол Улс нүүрсээр баялаг, нар, салхины эрчим хүчийг ашиглах боломжтой. Тиймээс гол мөрөн ихтэй газруудад усан цахилгаан станцуудын ажлыг эхлүүлж, дэмжих шаардлагатай. Гаднаас өндөр үнээр авч байгаа эрчим хүчийг бууруулж,  дотоод нөөцөө ашиглах тал дээр анхаарах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Нар, салхины хувьд дотоод эх үүсвэртэй уялдуулахаас өөр арга байхгүй. Харин Шивээ овоо цогцолборын маш өндөр хүчин чадал бүхий эх үүсвэртэй цахилгаан станц бий болох асуудал яригдаж байна. Энэ эх үүсвэртэй уялдуулах шаардлага бий болж буй. Энэ чиглэлээр Зүүн азийн эрчим хүчний супер сүлжээ төсөл яригдаж байгаа. Зөвхөн ярианы түвшинд яваа гэсэн хариулт өглөө.

Төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг УИХ-ын гишүүдийн 64,2 хувь нь дэмжлээ.

Дээрх хоёр хуулийн төслийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр заажээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албан тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийн эцсийн найруулга сонслоо.

Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы асуулгын хариуг сонсох юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж