“Авлигын хэргээр яллуулбал төрд ажиллахгүй”

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

“Авлигын хэргээр яллуулбал төрд ажиллахгүй”

“Авлигын хэргээр яллуулбал төрд ажиллахгүй”

УИХ Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлаад байгаа. Төрийн албыг улс төрөөс ангид байлгахад чиглэсэн дээрх хуульд ямар онцгой заалтууд туссан талаар төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Төрийн албыг улс төрөөс ангид байлгах зорилгоор Төрийн албаны тухай хуулийг шинэчиллээ. Хуульд орсон гол өөрчлөлтүүд юу вэ?

-2017 оны хоёрдугаар сард УИХ-ын нэр бүхий 12 гишүүн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд дөрвөн чухал үзэл баримтлал туусан. Нэгд, төрийн албыг улс төрөөс ангид, хараат бус байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тухайлбал, сонгууль бүрийн дараа төрийн албанд халаа, сэлгээ хийгддэг. Хэн нэгэн намын нөхөр төрийн албанд томилогдон ирдэг байсныг хорьж байгаа.

Хоёрт, төрийн алба өөрөө шатлан дэвших тогтолцоог бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан тушаалын ес дэх шатанд албан тушаалын орон тоо гарвал төрийн захиргааны албан тушаалын найм дахь шатлалаас л ажилтан авна гэсэн үг. Ийм заалт туссанаар төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх нөхцөл бүрдэж байгаа юм.

Гуравт, төрийн албыг хариуцлагатай болгож байгаа. Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тохиолдолд түүний ажилгүй байсан хугацааных цалинг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөөсөө төлнө. Одоо бол төрийн албан хаагчийг буруу шийдвэрээр халсан бол цалинг нь төрөөс олгодог. Төрөөс олгодог байсан учраас дураараа халаа, сэлгээ хийж ирсэн.

Дөрөвт, Төрийн албаны зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж, эрх хэмжээг нь нэмсэн. Эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг Төрийн албаны зөвлөл өөрөө хүчингүй болгох эрхтэй болно. Одоо бол буруу шийдвэрийг шүүх шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч хууль бусаар ажлаас халагдсан тохиолдолд шүүхэд хандах шаардлагатай болдог. Шүүхээр явахаар маш их цаг хугацаа шаарддаг. Шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэрийг шууд хүлээн авч, шийдвэр гаргах эрхтэй болж байна гэсэн үг. Ийм дөрвөн онцлог үзэл баримтлалтай хуулийг батлуулсан.

-Сонгууль бүрийн дараа Засгийн газар солигдох бүрт төрийн албанд халаа, сэлгээ хийгдэж байна. Хуульд ямар үндэслэлээр төрийн албан хаагчийг солих, сайд эсвэл төрийн нарийн бичгийн даргын хэн нь ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахад оролцох юм бэ?

-Төрийн албан хаагчийг томилдог эрх бүхий гурван хүн нь Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нар. Тиймээс энэ гурван албан тушаалтныг сонгуулийн циклээр бус зургаан жилийн хугацаатайгаар томилж буй.

Хуульд биеийн эрүүл мэндийн байдал, шүүхээр ял шийтгэл авсан тохиолдол гэх мэт тодорхой заалтуудаар ажлаас чөлөөлөх заалтыг оруулж өгсөн. Бусад тохиолдолд заавал хугацаагаа дуусгах ёстой.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн даргыг зургаан жилээр сонгодог. Сонгуулийн дараа сольдоггүйн учир энэ. Төрийн захиргааны дээд албан тушаалтнуудын томилгоог сонгуулийн циклээс зөрүүлж байгаа юм. Мөн бүх албан тушаал дээр шаардлага тавьж байна. Жишээлбэл, Төрийн нарийн бичгийн дарга 16 жил ажилласан байх, яамдын газрын дарга нар 12, яамны ахлах мэргэжилтэн найман жил, яаманд шинээр орох мэргэжилтэн дөрвөн жилд төрийн албан ажилласан байна гэсэн шаардлагуудыг тусгаж өгсөн. Энэ нь нөгөө шатлал гэсэн үг. Улс төрөөс төрийн албыг салгаж, хараат бус байлгаж байгаа юм. Түүнчлэн улс төрийн албан тушаалтны шахалт, хууль бус шийдвэрийг гаргахгүй байх, татгалзах, саналаа бичиж өгөх эрхийг төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад олгож байгаа. Хэрэв улс төрийн албан тушаалтан төрийн захиргааны албан тушаалтанд хууль бус шаардлага тавих юм бол шууд огцрох үндэслэл болж өгнө.

-Төрийн албан хаагч дарамт шахалтад орсноос өөрийн хүсэлтээр ажлаа өгдөг тохиолдлууд бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Амьдрал дээр улс төрийн албан тушаалтны дарамт, шахалтаар ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдол олон гардаг. Үүнийг хуулиар зохицуулж өгсөн. Тодруулбал, улс төрийн албан тушаалтны хууль бус шаардлагыг төрийн захиргааны албан хаагч хүлээж авахгүй байж, эсэргүүцэж хэлэх, тэмдэглэл хийхийг хуульд тусгаж өгсөн. Ийм шахалтад орсон төрийн албан хаагч шууд Төрийн албаны зөвлөлд хандах эрхтэй. Төрийн албаны зөвлөл тухайн төрийн албан хаагчийг дарамтад ороод ажлаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэдгийг нь тогтоох юм бол дарамт үзүүлсэн улс төрийн албан тушаалтанд огцрох хүртэл санал тавих арга хэмжээ авна. Тиймээс энэ хууль гарсны дараа төрийн алба улс төрөөс хараат бус байж, төрийн албан хаагч бие дааж шийдвэр гаргахад энэ хууль чиглэнэ.

-Өмнө нь төрийн албанд халаа, сэлгээ хийхдээ намаас томилдог байсан нь хууль эрх зүйн зохицуулалтгүйгээс үүссэн гэж та бодож байна уу. Одоо ч гэсэн халаа, сэлгээ үргэлжилсээр?

Өмнө нь хууль байсан ч зохицуулалт дутмаг байсан. Улстөрчдийн ёс зүй, төрийн албанд хандах хандлагаас их зүйл шалтгаалж буй. Одоо улс төрийн нөлөөллийг багасгаад, нөлөөллийг нь тогтоовол хариуцлага тооцоод эхлэхээр төрийн албанд нөлөөлөх нь багасна.

Төрийн албаны энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Хугацааг нь яагаад урт тавьсан бэ гэвэл хууль хэрэгжихээс өмнө УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн албаны зөвлөл гээд дангаараа болон хамтарч гаргах 38 журам бий. Өөрөөр хэлбэл, улс төрөөс ангид байх, хариуцлагатай болох заалтуудыг илүү нарийвчилж журамлана гэсэн үг.

-Төрийн албан хаагчдыг чадавхижуулах талаар хуульд тодорхой зохицуулалт орсон уу?

-Энэ хууль хэрэгжиж эхэлсний дараа төрийн албан хаагчдыг чадавхижуулах хүсэлтийг НҮБ, Канадын санд хандан тавьсан. Хууль хэрэгжиж эхэлбэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой төсөл хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчийг чадавхижуулах чиглэлээр хоёр тодорхой заалт орсон. Засгийн газар төрийн албан хаагчдаа чадавхижуулах үүрэг хүлээж буй. Төрийн албан хаагчаа бэлтгэх, сургах, дадлагажуулахад Засгийн газар тодорхой төсөв гаргаж ажиллана. Мөн Удирдлагын академи бизнесийн сургууль болсон. Үүнийг Төрийн албаны зөвлөлд шилжүүлнэ. Албан тушаал бүр дээр шаталсан багц сургалт зохион байгуулна. Тухайн сургалтад хамрагдсан хүн дараагийн албан тушаалд орох эрх нь нээгдэнэ. Тэгэхээр төрийн албан хаагчдыг чадавхижуулах тал дээр нэлээн дэвшил гарна гэж харж байна.

Төрийн албаны сонгон шалгаруулалтыг олон улсын хэмжээнд хэрэглэгддэг зарчмаар явуулна. Ялангуяа ур чадварыг илрүүлэхэд чиглэсэн, тухайн ажлын байранд тохирох эсэхэд чиглэсэн зохицуулалт хуульд оруулсан. Цаашид гарах журамд нарийвчлан тусгана.

Мөн бид гадаад орнуудын туршлага, шалгалт зохион байгуулдаг аргачлалаас дэвшилттэйг нь сонгон ашиглах шаардлагатай.

-Боловсрол, туршлагаар илүү байсан ч хуурамч дипломтой хүн тэнцлээ гэсэн шүүмжлэл маш их гардаг. Сонгон шалгаруулалт шударга явдаггүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хуучин сонгон шалгаруулалт бол хүнд зориулж явж ирсэн. Дорж гэдэг хүнд мэргэжил, ажилласан жил, эзэмшсэн мэргэжил, өмнө нь ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт зааж, шалгалт авдаг. Шинэ хуулиар ажлын байрны тодорхойлолтыг тухайн ажиллаж байсан байгууллага бус Төрийн албаны зөвлөл гаргана. Ажлын байрны тодорхойлолтыг зургаан жилийн хугацаанд өөрчилж болохгүй. Өмнөх хуульд хүн томилдог субъект ажлын байрны тодорхойлолтыг өөрөө гаргана гэж заасан байсан.

-Дарга хэн байхаас шалтгаалж хамаатан садан нь төрийн албанд ордог. Ялангуяа аймаг, сумдад илүү их үзэгддэг тэр жишиг өөрчлөгдөх үү?

-Суманд тийм тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ хуулиар ашиг сонирхлын зөрчлийг маш сайн дэлгэрүүлж оруулсан.

Шинэ хуулиар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй тохиолдолд түүнийг яаж зохицуулах вэ гэдгийг тодотгож өгсөн. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд болох гэж байгаа хүнийг хувийн эмнэлэгтэй бол томилохгүй. Тухайн томилогдсон хүн эмнэлэгтэйгээ холбоотой, эмнэлэгтээ давуу эрх олгосон ямар ч шийдвэр гаргах боломжгүй. Түүнийг нь журмаар хорьж өгнө. Ямар нэг шийдвэр гаргавал, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, хариуцлага тооцох асуудлыг оруулж өгсөн. Нэг байгууллагад, нэг удирдлага дор ийм хамааруулах бүхий этгээд ажиллахгүй гэдгийг нь зааж өгсөн.

-АТГ-т шалгагдаж шүүхээс ял авсан бол төрийн албанд дахин ажиллах боломжтой юу?

-Хуучин бол ял шийтгэлийн хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болдог байсан. Одоо бол авлига болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд дахиж төрийн албанд ажиллах боломжгүй гэж хуулиар хаасан.

Тухайн хүн өмнө нь авлига авсан хэргээр ял авсан л бол төрийн албанд дахиж хэзээ ч орохгүй. Энэ бол том хариуцлага.

-Төрийн алба хүнд сурталтай гэх ойлголт нийгэмд суучихсан. Төрийн албаны хүнд суртлыг арилгах , иргэдэд үйлчлэх хүртээмжийг нэмэгдүүлэхэд юуг анхаарах вэ?

-Энэ хуульд нэг шинэ зүйл орсон нь Төрийн албаны дэргэд олон нийтийн зөвлөлтэй болох. Энэ зөвлөл төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдэнэ. Энэ зөвлөлийн үүрэг нь төрийн албыг ил тод байлгах, нээлттэй, үр дүнтэй, хүнд сурталтай эсэхэд жил бүр мониторинг хийх ёстой. Энэ мониторингийн дүнг тухайн төрийн алба авч хэрэгжүүлэх юм. Олон нийтийн зөвлөл гэдэг нь иргэдийг төлөөлж төрд хяналт тавьдаг байгууллага бол байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж