Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Трампын “рекорд”

Трампын “рекорд”

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрх хэрэгжүүлэх эхний жил Америкийн нийгэм, эдийн засагт төдийгүй, олон улсын харилцаанд олон өөрчлөлт авчирсан дуулиан, шуугианаар арвин өнгөрсөн нь түүний төлөө саналаа өгсөн олон иргэдийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн бололтой. Трампыг Цагаан ордонд заларсан өдрөөс эхэлсэн шил шилээ дарсан хөл толгойгүй үйл явдлууд түүний рейтинг ингэж унахад нөлөөлжээ. АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын хүчин чармайлт, ололт, амжилтыг үгүйсгэхэд өнгөрсөн хэдэн сарын хугацаанд багагүй хичээл зүтгэл гаргасан Трампын рейтингийн уналт шинэ доод түвшинд очсон байна.

Тогтворгүй байдал авчирсан Трамп

Трампыг Ази, Номхон далайн бүс нутгийг самарч, тогтворгүй байдал авчирсан гэж Австралийн ерөнхий сайд асан Кевин Рудд хэлсэн нь санамсаргүй үг биш байв. Нью Йорк хотод өнгөрсөн долоо хоногт болсон Ази, Номхон далайн бүс нутгийн тулгамдсан асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ Кевин Рудд Трампын явуулж буй бодлого АНУ-Хятадын болон бүс нутгийн орнуудтай харилцах харилцаанд сэв суулгасан гэсэн билээ. Тэрбээр мөн Хойд Солонгосын талаар явуулж буй Трампын гадаад бодлогыг жинхэнэ будилаан хэмээсэн юм.

АНУ-д төвтэй судалгаанд суурилсан зөвлөгөө, менежментийн олон улсын компанийн судалгаагаар Трампыг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 100 хоногт Америкчуудын 40 хувь нь л түүнийг ажлаа сайн хийж байна гэж дүгнэсэн бол 55 хувь нь түүний явуулж буй бодлогыг эсэргүүцсэн билээ. АНУ-ын өмнөх хэд хэдэн ерөнхийлөгчийн олон нийтийн дундах рейтингийг авч үзэхэд тэдний хэн нь эхний 100 хоногтоо ийм муу дүн авч байгаагүй ажээ.

Трампын өмнөх таван ерөнхийлөгч, тэр дундаа Билл Клинтоны рейтинг бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 573 дахь хоног дээр 50 гаруй хувиар унасан ажээ. Харин Трамп рейтингээ ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш наймхан хоногийн дараа 51 хувиар бууруулж чадсан билээ.

Сонгуульд ялалт байгуулахад ОХУ-аас дэмжлэг авсан, Холбооны мөрдөх товчооны даргыг албан тушаалаас нь халсан, хэвлэл мэдээллийнхэнтэй дайн зарласан, эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийг урагшлуулах чармайлт гаргаагүй, эртнээс таагүй харилцаатай байсан Хойд Солонгостой харилцах харилцааг мухардалд оруулсан, Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэх шийдвэр гаргаж, АНУ-ын дипломат харилцаанд баримталж ирсэн тэргүүн шугамаас хазайсан зэрэг дуулиан шуугиантай олон асуудлын ачаар Трамп анхаарлын төвөөс огт гараагүй юм.

Долдугаар сараас хойш Трампын рейтинг харьцангуй тогтвортой байсан. Харин хамгийн сүүлийн санал асуулгаар Трампын талаарх олон нийтийн санаа бодолд сөрөг хандлага давамгайлах болсон байна. Трампын рейтинг Шарлотсвиллд гарсан неонацистуудын жагсаал болон Ирма хар салхи дэгдсэн үед ч одоогийнх шиг ийм доогуур байгаагүй юм.

Гэсэн хэдий ч АНУ-ын хүн амын тодорхой хэсэгт Трампын нэр хүнд өссөн. АНУ-ын улс төрд Трампын нэр хүнд Ардчилсан намын гишүүдийн дунд одоогийнхоос илүү унах боломжгүй шиг Бүгд найрамдахчууд ерөнхийлөгчөө ямар ч галзуу үйлдэл гаргасан түүнээс нүүр буруулж чадахгүй нь тодорхой байна.

Трампт итгэл хүлээлгэх үү?

Трампт итгэл хүлээлгэх эсэх асуудал хараахан болоогүй. Учир нь ингэхийн тулд төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дийлэнхийн саналаас гадна Сенатын гишүүдийн гуравны хоёр хувийн санал хэрэгтэй.

Төлөөлөгчдийн болон Сенатын танхим одоогоор Бүгд найрамдахчуудын хяналтад байгаа болохоор Трампыг огцруулах тийм ч амар биш.

Бас Трампт итгэл хүлээлгэх эсэх талаар санал асуулга явуулахад саад болж буй бас нэг шалтгаан бол түүний явуулж буй бодлогыг дэмжиж буй сонгогчдын 40 хувь билээ. Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө түүнийг дэмжигч 40 хувийн тоо буурчихгүй итгэл хүлээлгэх эсэх тухай асуудал сөхөгдөхгүй.

Гэхдээ 2020 оноос өмнө Трампыг огцруулах эсвэл итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулах магадлал 50 хувьтай байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж