Засгийн газар энэ оны аравдугаар сард нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэгдүүлэх ёстой байсан ч хойшлуулсаар иржээ.
Шинэ он гарангуут дээрх төрлийн ОАТ-ыг өсгөх чиглэл барьж буй аж. Энэ тохиолдолд нефть импортлогч компаниуд бүтээгдэхүүний үнийг өсгөхөөс аргагүй болох юм байна.
Нефтийн бүтээгдэхүүний үнэ бүхий л төрлийн бүтээгдэхүүний суурь үнэ болж ирсэн. Тиймээс нефтийн ОАТ-аас хамаарч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж болзошгүй байна.
Үүнээс гадна Ж.Эрдэнэбатын танхим Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргаснаар долоон ч төрлийн татварыг нэмсэн. Эдгээрээс өнгөрсөн хугацаанд дөрвөн төрлийн татвар нь нэмэгдсэн бол ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс гурван төрлийн татвар нэмэгдэх юм. Үүнд архи, тамхины ОАТ, мөн 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн цалинд ногдуулах татвар хамаарч байгаа.
Архи, тамхины ОАТ тус бүр 10 хувиар нэмэгдэх бол 1.5 сая төгрөгөөс дээших орлогод 5, 10, 15 хувийн татварыг шатлалаар ногдуулна. Эдгээр гурван төрлийн татвараас цалинтай холбогдох татварын нэмэгдлийг зарим эдийн засагч цаг үеэ олоогүй шийдвэр гэж шүүмжилж буй.
Ингэхдээ зөвхөн татвар төлдөг хэсэгтээ илүү ачаа үүрүүлэх бодлого барьсан нь оновчгүй болсон. Үүнийхээ оронд хуулийн цоорхой ашиглан татвар төлөхгүй амьдарсаар байгаа хэсэг бүлгийнхнийг татварт хамруулах бодлого хэрэгжүүлсэн бол илүү оновчтой байсан. Цаашдаа Засгийн газар татварын шударга бус тогтолцоог халж, хүн бүр татвар төлдөг шударга тогтолцоог бий болгохгүй бол далд эдийн засгийг бий болгоно гэж үзэж байна.
Г.ХОРОЛ