Ц.Хосбаяр багшийн бахархалууд

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Ц.Хосбаяр багшийн бахархалууд

Ц.Хосбаяр багшийн бахархалууд

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно-2017” шагналын эзэд лхагва гаригт тодорсон. Энэ жил чөлөөт бөхийн баг тамирчид дэлхийн аварга болон бусад тэмцээнд үзүүлсэн амжилтаараа шилдэг нь байсан. Шилдэг эмэгтэй тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг залуу тамирчин болон шилдэг холбооны эзэд бол чөлөөтийнхөн юм. 

Дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан чөлөөт бөхийн тамирчин П.Орхон шилдэг эмэгтэй тамирчны шагналыг гардсан. Мөн түүний багш, “Алдар” спортын хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр шилдэг дасгалжуулагч хэмээх хүндтэй шагналын эзэн болсон юм. Хоёр жилийн өмнө буюу 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс С.Цэрэнчимэд аваргын алтан медалийг хүртэж, Монгол түмнээ баярлуулж байсан нь саяхан мэт. Багш, шавь хоёр тухайн жилдээ хамтдаа Гавьяатын шагналаа авч байснаас гадна ‘Бөртэ Чоно’-ын эзэд болж байсан. 

Ц.Хосбаяр багшийн дараагийн тамирчин дахин дэлхийд тодорлоо. Японы алдарт бөх Каори Ичог ялж, дэлхийд танигдсан П.Орхон ‘Рио 2016’ олимпийн наадамд анх удаа зодоглосон. Тэгвэл тэр энэ жилийн дэлхийн аваргад хүсэл мөрөөдлөө биелүүлж, эх орондоо дэлхийн аварга хэмээх цолтой ирсэн. Алдарт Каори Ичог ялж, түүнд томоохон сургамж хайрласан түүний хувьд бэлтгэл сайн байгаагаа Дэлхийн цомын үеэр ч харуулаад авсан. Ийнхүү П.Орхон багшийнхаа хамт ‘Бөртэ Чоно’-ын эзэн боллоо. 

2001 оноос хойш “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж байгаа Ц.Хосбаяр багш олон бахархалт шавьтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийн дэвжээнээс аваргын алтан медалийг хүртээд байгаа нь С.Цэрэнчимэд, П.Орхон юм. Спортоос түр чөлөө авсан С.Цэрэнчимэд саяхан хүүтэй болсон билээ. Харин тэр энэ жилийн ‘Бөртэ Чоно’-ын үеэр багш болон дэвжээний анд П.Орхоны баярыг хуваалцахаар ирсэн юм. 

Нэгэн дэвжээнд хамтдаа бэлтгэл хийж, нэгэн багшийн удирдлага дор эх орныхоо нүүр царай болсон тэд Монголын бахархалууд. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж