Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Нам хуваагч

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар бие даагчийн статусаар УИХ-д гурван жил ажилласны эцэст 2015 оны арванхоёрдугаар сарын 29-нд буюу Тусгаар тогтнолын баярын өдөр Хөдөлмөрийн үндэсний намд /ХҮН/ элссэн билээ. Ингэснээр ХҮН парламентад нэг суудалтай болж байв. Төд удалгүй С.Ганбаатар тус намын дарга болсон ч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй хэсэг нөхөд нь тамга тэмдгээ нууж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

ХҮН-ын асуудал даамжирсаар эцэстээ задарч, тус намд элсээд байсан Б.Найдалаа, Т.Доржханд нарын хүмүүс бие даагчийн статусаар УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. 

Тухайн үед ХҮН-д үлдсэн хэсэг гишүүд нь УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд илэрхийлсэн боловч тамга тэмдэг, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар СЕХ-бүртгэхээс татгалзсан билээ. Иймээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвшиж, Дархан-Уул аймагт өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн. 

УИХ-ын сонгуулиас хойш нам жим амьдарсан С.Ганбаатар нэг жилийн дараа МАХН-д элсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч дахиад л ялагдсан. 

Тухайн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү "С.Ганбаатараас өөр хүн нэр дэвших ёстой" гэдэг байр суурийг барьж байсан ч намын нөхөд нь хүлээж аваагүй. УИХ-д МАХН -ыг төлөөлөлтэй байлгаж, амьд гэдгийг нь мэдрүүлж буй ганц гишүүнийхээ үгийг удирдлагууд нь үл ойшоосныхоо шанг өнөөдөр хүртэцгээн хоёр хуваагдаад байна. 

Нэг талд нь О.Баасанхүү гишүүн, нөгөө талд нь Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын хүмүүс бий. Тамгатай, тамгагүй хоёр даргатай болсон МАХН-ын асуудлыг Улсын Дээд шүүх дэнслэх юм

С.Ганбаатарын элссэн нам бүрт ийн асуудал үүсэж, хоёр хуваагдан, тамга тэмдэг, дарга цэргийн асуудалтай болдог нь тохиолдол гэхэд дэндүү хачирхалтай

Энэ бүхнээс харахад С.Ганбаатар намаа алдаг уу, эсвэл С.Ганбаатарын намыг хэн нэгэн алаад байна уу гэсэн асуулт урган гарч байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж