Канадын ерөнхий сайд Жастин Трудо гэр бүлийнхээ хамт тэрбумтан, шашны зүтгэлтэн Ага Ханы хувийн арал дээр амарсныг ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж ёс зүйн хороо нь үзжээ.
Канадад ерөнхий сайд ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдол анхных нь боловч ямар нэгэн шийтгэл оноогоогүй гэнэ. Ёс зүйн хорооны тусгай төлөөлөгч Мэри Даусон ерөнхий сайдыг өнгөрсөн жил гэр бүлийнхээ хамт Зул сарын амралтаа Ага Ханы Багамын жижиг арал дээр өнгөрүүлсэн явдал бол “Ашиг сонирхлын зөрчлийн тухай ” хуулийг зөрчсөн хэрэг гэж үзсэн байна. Канадын “Ашиг сонирхлын зөрчлийн тухай” хуульд эрх баригчдыг бэлэг авахыг хориглодог ажээ.
Канадын ёс зүйн хорооны мэдэгдсэнээр ерөнхий сайд Жастин Трудо Ага Хан болон түүний туслахуудтай улс төр,бизнесийн холбогдолтой яриа хэлэлцээ хийгээгүй, Ага Ханы сантай холбоотой асуудлаар парламентад хэлэлцүүлэг эсвэл санал асуулга явуулаагүй ч тэрбумтны хувийн арал дээр урилгаар очиж амарсан нь ёс зүйн дүрмийг зөрчсөн хэрэг гэжээ.
Тэрбумтан, Исламын Низари Исмайли шашны тэргүүн Ага Ханы үндэслэн байгуулсан Ага Ханы хөгжлийн сан хэд хэдэн оронд хөгжлийн төсөл хэрэгжүүлэхдээ Канадын засгийн газраас хэдэн зуун сая доллар авсан ажээ.
Канадын ерөнхий сайд Жастин Трудо ёс зүйн дүрмийг зөрчиж, алдаа гаргасандаа уучлал гуйжээ. Тэрбээр мөн цаашид гэр бүлийнхээ амралтын төлөвлөгөөг ёс зүйн хороонд мэдэгдэж байхыг анхааралдаа авна гэжээ.
Канадын сөрөг хүчний Консерватив намын лидер Эндрью Шийр “Улс төрчид болон тэдний найз нөхдөд зориулсан дүрэм нийтийн ёс зүйгээс өөр гэж Либералчууд бодож байна” гэжээ.
Харин шинэ Ардчилсан намын дарга хэлэхдээ энэ явдал Канадын дундаж давхаргынхан болон улс төртэй холбоотой элит хүрээний хоорондох ялгаа ихсэж буйн жишээ гэжээ.
Эх сурвалж : Agence-Prance Presse