Суралцахуйн бэрхшээлийг ялах л болно

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Суралцахуйн бэрхшээлийг ялах л болно

Суралцахуйн бэрхшээлийг ялах л болно

Энэ хүүг Д.Лхагвасүрэн гэдэг. Тэр төрөлхийн тархины саажилттай бөгөөд тусгай 63 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч. Д.Лхагвасүрэн тусгай сургуулийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Хамтдаа инээмсэглэе” тэмцээний яруу найргийн төрөлд оролцож, алт, хүрэл медалийн эзэн болсон, авьяаслаг сурагч юм. 

Улсын хэмжээнд тусгай сургалттай зургаан сургууль байдгийн нэг нь 63 дугаар сургууль. Тус сургуулийн сурагчид өнөөдөр /2017.12.21/ өөрсдийгөө хөгжүүлэх мини театрынхаа нээлтийг хийж, цугласан олонд авьяасаа сонирхууллаа.

Аутизм, даунтай, тархины саажилттай, тулах эрхтний согогтой, оюуны хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 63-р сургуульд 240 гаруй хүүхэд суралцдаг аж. “Суралцахуйн бэрхшээлтэй” хэмээх тодотголтой тусгай сургуулийн анги танхимын дугаарыг ягаан, цэнхэр, ногоон өнгөөр ялгасан нь нүдэнд шууд туслаа. Жишээлбэл, англи хэлний хичээлийн танхимыг ногоон өнгөөр зааж, A, B, C үсгээр хаягжуулсан байх ажээ.

“Хүүхдүүд маань дуу, хөгжим, бүжиг сурах өндөр эрмэлзэлтэй. Манай сургуулийн сурагчдын хувьд хэл яриа, сонсгол муутай, ой тогтоолт удаан тал бий. Хүүхдүүд маань хичээлээ сайн ойлгосон ч хурдан мартдаг. Тийм учраас сурагчдад дуу, хөгжмийн хичээл онцгой шаардлагатай. Хүүхдүүд одоо театртай болсон учраас тэндээ дуулж, бүжиглэж, авьяас чадвараа улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд согог зүйч мэргэжилтэй ч дуу хөгжмийн багш мэргэжлийг давхар эзэмшсэн. Өнгөрсөн жил манай хүүхдүүд “Хамтдаа инээмсэглэе” тэмцээнд амжилттай оролцож, багаараа нэгдүгээр байр эзэлсэн” гэж тус сургуулийн дуу хөгжмийн багш Б.Тогос ярилаа.

Сургуулийн мини театрыг ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас санхүүжүүлэн, 40 сая төгрөгөөр тохижуулж өгчээ. Ингэснээр суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд дуу хөгжмийн хичээлээс гадна, урлагийн тоглолт тавьж, чөлөөт цагаараа кино үзэж, хуруу хүүхэлдэйн тоглолт сонирхох боломжтой боллоо. Энэ бол хүүхдүүдийн хувьд том бэлэг юм. 

Тусгай 63 дугаар сургуулийн захирал С.Эрдэнэбаатар

“Германы Элчин сайдын яамны тусламжтайгаар дуу, хөгжмийн танхимаа үнэхээр сайхан тохижууллаа. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй харьцуулахад арай хүнд. Тиймээс сурагчид маань хамгийн энгийнээр мэдэрч, мэдээлэл авах боломжтой байхыг бодолцож сургуулийнхаа орчныг бид өнгө, будгаар ялгаж, материалын хувьд ялгамжтай байлгахыг зорьдог. Он гаргаад сургуульдаа сэтгэл заслын танхим шинээр нээх гэж байгаа” гэж тус сургуулийн захирал С.Эрдэнэбаатар танилцуулсан юм. 

Энэ үеэр 63-р сургуулийн гуравдугаар ангид орж үзлээ. С.Эрдэнэчимэг багштай энэ ангид оюуны бэрхшээлтэй 12 сурагч суралцдаг аж. Нэг анги хэдий хүүхэд бүрийн онцлогт тохируулж сургалтаа явуулдаг талаар ангийн багш ярилаа. “Хүүхдүүдийн маань зарим нь бичиж сурч байхад зарим нь дөнгөж ярьж, цэг холбож бичих хичээлээ хийж эхэлдэг. Оюуны бэрхшээлтэй хүүхдэд сурах орчин маш чухал. Хичээл заах хичээлийн хэрэглэгдэхүүн, материаллаг бааз энгийн хүүхдүүдээс илүү шаардлагатай. Энэ бүгдийг ихэвчлэн багш нар өөрсдөө хийдэг байна.

Хайр татсан, хүн бүхэнтэй эелдэг, зөөлөн харьцах, эрх дураараа биш хэрнээ биднээс илүү их хайр энхрийллийг өөрийн эрхгүй хүсэх зөөлөн харц. Тэд бүгд их хөөрхөн. Сурах гэж хичээх мэрийлт, багшийнхаа үгэнд орж байгаа байдал, нэг нэгэндээ тусалж байгаа хүмүүжил нь нэг л өөр. Бүр ухамсартайгаар тийм үйлдэл оюун ухаанд нь сууж хөгжсөн гэмээр ухаантай, бяцхан үрс… 

Дараа ирж, театрт нь тоглолт үзэхээ амлаад сургаалиас гарлаа. Сайн сураад, гоё дуу сураад, сайхан бүжиглэдэг болохоор нь заавал очиж, театрынх нь үзэгчийн нэг болно оо, хүүхдүүд ээ. Хамтдаа инээмсэглэе, өнөөдөр сургууль нь та бүхэнд гоё театр бэлтгэж өгчээ. Жаахан л дэмжээд, туслаад өгвөл энэ өхөөрдөм хүүхдүүд суралцахуйн бэрхшээлийг ялах л болно. 

А.Сүрэн 

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж