Хөнгөлөлттэй эм олгох ажлыг цахимаар хянана

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй эм олгох ажлыг цахимаар хянана

Хөнгөлөлттэй эм олгох ажлыг цахимаар хянана

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодг эмийг сард хоёрхон удаа түгээдэг нь дараалал үүсгэх зэргээр чирэгдэл учруулдаг тухай иргэд олон жил ярьсан. Харин энэ асуудалд Эрүүл мэндийн яамнаас өөрчлөлт хийхээр болж, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан, хүссэн үедээ хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Ажлын хэсгийнхэн нийслэлийн зургаан дүүрэг дэх эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилж байгаа 300 гаруй эмийн сан болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартад хяналт тавин ажиллажээ. 

Өөр нэг дэвшилттэй тал нь хөнгөлөлттэй эм олгохдоо цахим программ ашиглаж, хаана, хэзээ аль өрхийн эмч ямар оноштой хүнд хичнээн эм бичиж өгснийг хянах юм байна. Эмийн сангуудын хувьд нэг эмийг нэг хүнд давхардуулж олон удаа олгох гэхчлэн зөрчил олон илэрч байгаа тул нэг талаар хяналтыг сайжруулахад анхаарч эхэлжээ. 

Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газраас мэдээлэл хийлээ.

 

1,6 САЯ ИРГЭНД 28 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭМ ОЛГОЖЭЭ

Эрүүл мэндийн даатгалын сангаас /ЭМДС/ үнийн хөнгөлөлт олгох эмээр үйлчилдэг гэрээт эмийн сангуудын тоо 2012 онтой харьцуулахад нийслэлд 5 дахин, улсын хэмжээнд 1,6 дахин өссөн байна. Энэ онд Улаанбаатарт хотод шинээр 77 эмийн сан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрээ байгуулсан байна. Ингэхээр нийтдээ 300 гаруй эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг дамжуулж олгох аж. 

2016 онд ЭМДС-аас давхардсан тоогоор 1.6 сая хүнд 26.6 тэрбум төгрөгийн эмийн хөнгөлөлт үзүүлжээ. Тэгвэл энэ онд давхардсан тоогоор 1,6 сая иргэнд 28 тэрбум төгрөгийг ЭМДС-гийн хөнгөлөлттэй эмийн үйлчилгээнд төсөвлөсөн байна. 

Одоогоор ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 817 нэр төрлийн эм багтаж байгаа аж.

Эмийн сангуудад хийсэн шалгалтаар хөнгөлөлттэй эмийн жагсаалтын нэрсийг хэвлэж танилцуулаагүй, эмийн үнийн ил тод байдал хангалттай биш зэрэг зөрчлүүд илэрчээ.

Мөн өрхийн эмч холбогдох стандарт, эмнэлзүйн удирдамжийн дагуу үзлэг, оношилгоо хийлгүйгээр эмийн жорыг даатгуулагчийн хүсэлтээр бичих, энэ талаарх тэмдэглэгээг картанд болон цахим бүртгэлд бүртгэдэггүй, хяналт тавьдаггүй нийтлэг зөрчил гарсан байна.

Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийн боловсрол, ялангуяа эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг хангалтгүй байдгаас шаардлагагүй, өндөр өртөг бүхий эм бичиж өгөх шаардлагыг тавьж, үүнээс болж маргаан үүсдэг талаар эмч нар сануулжээ.

ӨРХИЙН ЭМЧ ӨДӨРТ 15 ХҮН ҮЗЭЖ, ЭМИЙН ЖОР БИЧНЭ

Өрхийн эмч стандартын дагуу нэг иргэнийг 15 минут үзэх ёстой бөгөөд өдөрт 10-15 хүнд үзлэг хийх боломжтой хэ. Өөрөөр хэлбэл, ийм тоогоор эмийн жор бичнэ гэсэн үг. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийг зөвхөн өрхийн эмчийн заавраар өгдөг. Гэтэл хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн иргэд олноор дугаарлаж, зарим нь эмчтэй маргалдах тохиолдол цөөнгүй гардаг ажээ.

Эм хангамжийн нөөц, санхүүжилт сайтай эмийн сангууд 15-20 хоногт эмийн нөөцөөр тасардаггүй бол санхүүжилт багатай эмийн сан хөнгөлөлттэй эмийг сарын эхний хэдэн өдөрт олгож дуусдаг аж. Энэ байдал яваандаа арилна гэж Эрүүл мэндийн салбарынхан үзэж байна. 

“Улаанбаатар хотын хэмжээнд шинээр 77 эмийн санг сонгон шалгаруулалтад тэнцүүлсэн. Эмийн сангийн хувьд байршил, төсвийн байдал чухал. Эмийн сангийн сарын төсөв 10 сая орчим байх ёстой ба хүн ам төвлөрсөн буюу I зэрэглэлийн эмийн сан дээд тал нь 120 сая орчим төгрөгийн санхүүжилттэй байна. Энэ жилийн тухайд элэгний В, С вирусийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх, элэгний С вирусийн эм гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Жил ирэх тусам эрүүл мэндийн даатгалын зардал нэмэгдэж байгаа’ гэж Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газрын Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Энхбат хэллээ.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ УДАХГҮЙ ЗАРЛАНА

Эрүүл мэндийн даатгалаас зарим эмийг 80 хувь хүртэл хөнгөлдөг байна. Иргэд нэг жоронд өндөр үнэтэй эм хэд хэдээр нь бичүүлж нөөцлөн, замбараагүй хэрэглэж байгааг албаныхан анхаарууллаа.

Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтын тухайд ажлын хэсгээс удахгүй нээлттэй зарлана гэв. Тэр үед ямар эмийг хэдэн хувийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгохыг тодорхой болгох юм байна. 

Хүн ам төвлөрсөн буюу I зэрэглэлийн эмийн сан байрлах боломжтой Багшийн дээдийн ойролцоо ажиллах гурван эмийн сангаар ороход нэг нь хөнгөлөлттэй эм олгох эрхтэй эмийн сан байв. Гэхдээ тус эмийн сан хөнгөлөлттэй олгох эмнүүдээ арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд өгч дууссан тул ирэх оны нэгдүгээр сард санхүүжилт орсны дараа эм олгож эхэлнэ хэмээж байлаа. 

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж