Өмнөд Солонгосын поп дуучин Ким Жон-хёныг өнөөдөр (2017.12.21) сүүлчийн замд нь үдлээ. Азид алдартай K-pop урсгалын томоохон төлөөлөгч “SHINee” хамтлагийн гоцлол дуучин өнгөрсөн даваа гаригт Сөүл хотын Ганнам дүүрэг дэх студид амиа хорлосон билээ. Тэр дөнгөж 27 настай байсан.
Ким Жон-хёны үхэл K-pop урсгалын хэдэн зуун мянган шүтэн бишрэгчдэд уй гашуу авчирсан юм. Түүнийг санхүүгийн бэрхшээл болон шахуу ажлын хуваариас болж стресст орсон гэж таамаглаж байгаа ч найздаа бичсэн захидалдаа алдар нэр, депрессээс болж шаналж буй тухай бичсэн байжээ.
Ким Жон-хёныг даваа гаригт студидээ амиа хорлосон байхыг нь олсон билээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хэдийнэ нас барсан байсан юм. Оршуулгад нь гэр бүлийнхэн, хамтлагийн гишүүдээс гадна цөөн хэдэн уран бүтээлч оролцсон гэнэ.
Хамтлагийн гишүүд твиттер хуудсандаа солонгос хэлээр ‘Жон-хён юу юунаас илүү дуу хөгжимд дуртай байсан. Түүнийг бид үүрд санан дурсана” хэмээн бичжээ.
1990-ээд оны эхээр Өмнөд Солонгост бий болсон Барууны болон Азийн поп хөгжмийн холимог урсгал K-pop одоо олон сая ам.долларын ашигтай хөгжмийн зах зээл болсон юм.
2008 онд таван гишүүнтэй байгуулагдсан “SHINee” хамтлаг Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болж, K-pop урсгалын том төлөөлөгч гэгддэг.
БИЧЛЭГ ҮЗЭХ
ЭХ СУРВАЛЖ: BBC