УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр /2017.12.20/ мэдээлэл хийж, Б.Хурцын томилгооны асуудлаар Ерөнхийлөгчид хандаж буйгаа дуулгав. Тэрбээр Б.Хурцын томилгоог зогсоохыг Ерөнхийлөгчөөс хүсчээ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нарын дундах маргаан хурцдаж, улс төрийн топ сэдэв боллоо. Б.Хурцын томилгоог тойрсон асуудал улс төрийн намуудыг, УИХ дахь АН, МАН-ын бүлгүүдийг, бүр цаашлаад үй зайгүй үерхэж явсан О.Баасанхүү, Ж.Батзандан хоёрыг хүртэл талцуулж, УИХ хүн шүүдэг газар уу, хууль баталдаг субъект үү гэх асуулт тавихад хүргэж байна. Нөгөө талаас харахад, хэн нэгнийг Элчин сайдаар томилох, эгүүлэн татах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд үүнд УИХ-ын дурын гишүүн нөлөөлөх эрх зүйн үндэс бий юу гэж асуух шалтгааныг ч бас төрүүлж буй.
Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаадад суух Элчин сайд нарыг УИХ-тай зөвшилцөн томилох, эгүүлэн татах бүрэн эрхтэй. Энэ эрх, үүргийн хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналаа Засгийн газарт хүргүүлж, УИХ-тай зөвшилцсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн санал болгосон, Засгийн газраас оруулсан, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж дэмжсэн ба Ерөнхийлөгч итгэмжлэн хүлээн авах эсэхээс энэ томилгоо эцэслэгдэнэ.
Энэхүү томилгоо бусад Элчин сайд нарыг томилдог процедурийн дагуу өрнөсөн. Харин Б.Хурцыг Элчин сайдаар томилох ёстой, ёсгүй нь өөр асуудал. Хэрэвзээ Б.Хурц гэж хүн Ж.Батзандангийн хэлсэн шиг аюултай гэмт этгээд мөн юм бол түүнийг нь УИХ биш шүүх тогтоох ёстой. Тэгэхээр Б.Хурцтай холбоотойгоор нээлттэй сонсголоор гаргаж тавьсан баримтуудыг Ж.Батзандан шүүхэд өгч, шүүхээс гэм буруу нь тогтоогдсон тохиолдолд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн томилгоог хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд өгөх, буруутгах бүрэн эрх Ж.Батзанданд бий. Б.Хурцын томилгоонд хурцаар реакцилж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч уг томилгоог хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр эсэргүүцлээ илэрхийлж, болох байсан. Засгийн газар ч УИХ-д өргөн барьсан саналаа эргүүлж татах хугацаа ч байсан. Ямартай ч Б.Хурцыг тойрсон хурц хэрүүл үргэлжилж, их хурлынхаа дараа ил тод зодоон нь түр намжсан эрх баригчдын зөрчил энэ асуудлаар эргээд сэргэж эхэллээ.
Б.Хурцын томилгоог дэмжсэн УИХ-ын шийдвэрийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хийсэн “М.Энхболдыг огцруулна” гэсэн мэдэгдлээс У.Хүрэлсүхийн засагт багийн тоглолт байхгүйг, УИХ, Засгийн газрын хоорондын зөрчил нь ч хэвээр байгааг харж болохоор байна. Ерөөс эрх мэдлийн төлөөх эрх баригчдын зөрчил ирэх гурван жил үргэлжлэх нь нэн ойлгомжтой болжээ.
Ганц хүний томилгоо тойрон “нээлттэй хэлэлцүүлэг” хийсэн нөхдүүд өнөөдөр хэвлэлийн баатар болцгоож хаалттай хуралдсан УИХ-ыг муухай харагдуулах дур сонирхол 65 бүлгийн зарим гишүүдэд багагүй байх шиг. Үүний ард нөгөө л эрх баригчдын эрх мэдлээ булаацалдсан зодоон өрнөж байгаа нь тодорхой байгаа. Үнэндээ ‘М.Энхболдыг огцруулна’ гэх Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард спикер болох дур сонирхол нуугдаж буй нь нуугаад ч ил байна.
Монголын парламент хууль баталдаг субъект үү, шүүх үү гэдгийг улстөрчид өнөөдөр ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Хувь хүмүүсийн хоорондын маргаан, өс хонзон, гомдлыг парламент нь сонсоод сууж байх нь зөв үү. Ер нь хууль батлах, шүүн хэлэлцэх нь хоёр өөр байгууллагын эрх үүргийн асуудал бөгөөд парламентыг шүүх болгох нь нэг ёсондоо шүүх засаглалын эрх мэдэлд хөндлөнгөөс халдаж байна гэсэн үг.
Монголын парламент хууль батлах үндсэн үүргээсээ илүү дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд эрх мэдэл, сандал суудал, томилгоо тойрсон хэрүүл хийдэг, хэн нэгнийг шүүдэг газар болж хувирсан нь өнөөдрийн эмгэнэл хийгээд энэ нь Үндсэн хуулийг өөрчлөх гол үндэс нь юм.
Нөгөө талаар Н.Алтанхуягийн засгаас эхлээд тоолох юм бол сүүлийн дөрвөн ч Засгийн газарт багийн тоглолт гэж байсангүй.
Үндсэндээ өчигдөрхөн Ж.Эрдэнэбатыг танхимын сайд нь огцруулсан шиг өнөөдөр У.Хүрэлсүхийн засгийг сайдууд нь унагаах эрсдэл нүүрлэсэн бөгөөд энэ засгийн эмзэг гурван цэгийн нэг нь Ц.Нямдорж гэдгийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь зүгээр ч нэг амнаасаа унагаасан үг биш байх.
Энэ мэт улс төр тойрсон улс төр нь өөрөө М.Энхболдын парламентыг Үндсэн хуулиа өөрчлөхөд хүргэх үй олон шалтгааныг гаргаж өгч байна. Гүйцэтгэх засаглал нь сул, хууль батлагчид нь бодлого боловсруулдаг, бодлого боловсруулдаг нь хууль баталдаг институцийн эрх мэдлийн давхардал, давхар, дан дээлийн асуудлыг цэгцлэхгүйгээр үнэмлэхүй олонх байлаа ч ажил явдаггүй гэдгийг өнөөдрийн улс төр хангалттай харуулж байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ