Олимпод оролцох Оросын тамирчдад сануулга өгчээ.
ОУОХ-ноос олимпод оролцох Оросын баг тамирчдад 13 шаардлага тавьсны нэг нь дээрх асуудал аж. Тамирчдын хувцас, хэрэглэл дангаараа Оросын далбаанд байдаг гурван өнгийг нэг дор агуулсан байж болохгүй гэнэ. Мөн Оросын сүлд, армийн сүлд тэмдгийг цүнх, бусад хэрэгсэлдээ байршуулахыг хоригложээ.
Олимпод оролцох Оросын тамирчдын хувцас, хэрэглэлд “Оросын олимпийн тамирчин”, эсвэл OAR /Olympic athlete from Russia/ гэсэн товчлол байршуулахыг зөвшөөрсөн байна.
“Сочи-2014” олимпийн үеэр төрийн санхүүжилтээр допингийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр ОУОХ-ноос ОХУ-ын баг тамирчдын “Пёнчан-2018” өвлийн наадамд оролцох эрхийг хассан билээ.
Гэхдээ сэргээш хэрэглээгүй, цэвэр гэдгээ баталсан Оросын тамирчид Олон улсын олимпийн хорооны далбаан дор жагсахыг зөвшөөрсөн юм. Ингэхдээ Оросын олимпийн тамирчин нэрээр цоллуулж, алтан медаль хүртвэл ОУОХ-ны сүлд дууг эгшиглүүлэхээр заасан юм.
“Пёнчан-2018” өвлийн наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотноо хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ.
С.ЦЭЛМЭГ