Гишүүд "Халдашгүй байдал"-аа хамгаалах уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Гишүүд "Халдашгүй байдал"-аа хамгаалах уу?

Гишүүд "Халдашгүй байдал"-аа хамгаалах уу?

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.9.1-т заасан “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон  түүний халдашгүй байдал буюу бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах эрх нээлттэй болж байгаа юм. Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-д танилцуулах бөгөөд УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх асуудлыг хэлэлцэхгүй. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн Л.Энхболд:

Зарчмын хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөв. Үндсэн хуулиар иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Харин улс төрийн зорилгоор, улс төрийн намууд буруу ашиглах вий гэсэн болгоомжлол байна. Ер нь бол УИХ-ын гишүүн заавал халдашгүй эрхтэй байх шаардлагагүй гэж би боддог. Ард түмэнтэйгээ адилхан эрх, үүрэг хүлээгээд явах ёстой. Хэрэв гэмт хэрэг хийсэн бол хуулиар хамгаалагдахгүй шалгагддаг байх ёстой. Энэ талаасаа зөв. Магадгүй аль нэг нам олонх болсон тохиолдолд Эрх зүйн байдлын тухай хуулиар УИХ-ын олонхийн дэмжлэгээр эргүүлэн татах асуудал гарч ирнэ. Тэгэхээр улс төрийн өшөө авалт болох вий гэж болгоомжилж байна.

————————————————

УИХ-ын гишүүн Л.Болд:

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол шалгахгүй өнгөрч болохгүй. Жирийн иргэнийг шалгадаг, УИХ-ын гишүүнийг шалгаддаггүй байж болохгүй. Шалгаж, гэмт хэрэг хийсэн гэдэг тогтоогдвол хариуцлагыг нь хүлээлгээд явах ёстой. Хуульд буруу, зөрүү ойлгогдсон, буруу хэрэглэдэг байсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Цэцийн гарсан шийдвэрийн дагуу УИХ тодорхой хуулиудад өөрчлөлт оруулаад явах байх. Ер нь бол парламентын засаглалтай орны парламентын гишүүн халдашгүй байх ёстой. Хэрэв парламентын гишүүний халдашгүй байдал халдвал ард түмний бүрэн эрхэд халдаж байна гэсэн үг.  Цэцийн шийдвэр бол хэн нэгэн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд халдашгүй байдал гэхгүйгээр шалгах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг.

————————————————

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Халдашгүй байдал нь Монголд суугаа гадаадын Элчин сайд, төлөөөлөгч нар халдашгүй байх ёстой гэдэг зарчим. Түүнээс монгол Хүн Монгол дотроо хамгаалагдана гэж байхгүй. Нэгэнт Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргасан учраас ямар нэг тайлбар хийх нь илүүц байх. Цэцийн гаргасан шийдвэр нь өөрөө зарчмын зөв шийдвэр. Харин ч энэ шийдвэр эрт гарах ёстой байсан.

————————————————

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Олон улсын нийтлэг жишгийг харж байхад УИХ-ын, парламентын халдашгүй байдал байдаг. Яагаад гэвэл парламентын гишүүд улс эх орныхоо ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тодорхой бүлэглэл, цөөнх, бизнесийн эрх ашигт нийцэхгүй шийдвэр, хууль тогтоомж гаргадаг. Энэ үүднээсээ халдашгүй байх ёстой. Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс гаргаасан шийдвэр бол өнөөдрийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн төлөвшил,  ёс суртахуунтай холбоотой асуудлаар шийдвэр гарч байгаа учраас ард түмэнд таалагдана. Хүссэн ч хүсээгүй ч тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлж л ийм шийдвэр гаргаж байна. Их л том үнэ цэнээр Монголын нийгмийн төлөвшил, ёс суртахууныг бий болгох гэж гаргаж байгаа шийдвэр гэж л харж байна. Уг нь УИХ-ын гишүүн нь ёс суртахуунтай, нийгэм нь төлөвшсөн нийгэмд энэ шийдвэртэй, шийдвэргүй болох л асуудал.

————————————————

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг Үндсэн хуулийн 29-р зүйлд хуулиар хамгаална гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу УИХ-ын тухай хуулийн 6-р бүлэг УИХ-ын гишүүний эрх зүйн зохицуулалтыг зохицуулдаг. 6.9.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. 2012 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг Их суудлын хуралдаанаар шийдсэн. Энэ шийдвэр эцсийнх. Миний хувьд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд УИХ-аа төлөөлж оролцох байсан ч өмнө нь Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэртэй агуулгын хувьд ижил учраас заавал очиж маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. Ер нь бол энэ шийдвэр УИХ-ын гишүүдийн УИХ-д хүндэтгэлгүй хандсантай холбоотой. Аль ч улсад УИХ-ын гишүүн нь халдашгүй бүрэн эрхтэй байх нь гүйцэтгэх засаглал, хууль шүүхийн байгууллагын нөлөөнд орохгүй байх дэлхийн нийтлэг зарчим. УИХ-ын гишүүд ёс зүйгүй байх, долоо хоногт нэг удаа болдог хуралдаа оролцохгүй байх, хүний өмнөөс кноп дарснаас болж, үндсэндээ УИХ-ын нэр хүнд унасан учраас эсэргүүцсэн зүйл гэж харж байна. Тиймээс УИХ-ын гишүүд үүний бурууг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Цаашид Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг ямар хуульд, ямар зохицуулалтаар байх вэ гэдгиг судлах ёстой. Хэд хэдэн зохицуулалт оруулах ёстой гэж би бодож байна. Тухайлбал, намрын чуулганы хуралдааны 50 хувиас дээш хувьд нь суухгүй байгаа гишүүнийг УИХ-ын Ёс зүйн хорооны дүгнэлтээр татдаг байх, гэмт хэрэг хийсэн, шалгагдах ёстой, нотлох баримттай бол Прокурорын байгууллагаас УИХ-д шалгах хүсэлт гаргадаг эрх нь нээгдээсэй гэж би хүсч байна. Энэ мэт эрх зүйн үр дагавар үүсэх ёстой гэж би бодож байгаа.

————————————————

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Онол талаасаа авч үзвэл парламентын гишүүнд халдашгүй /immunity/ байдал хязгаарлагдсан эрх гэсэн хоёр эрх байдаг. Өөрөөр хэлбэл, орон байр, машин, захидал харилцаа, бие гэсэн зүйлүүдийг халдашгүй байх үзэл баримтлал байдаг. УИХ-ын гишүүн улс төрийн хэлмэгдүүлэлтээс ангид байх, аливаа нөлөөллөөс ангид байх үүднээс тогтсон халдашгүй байдал байсаар ирсэн, аль ч парламентын загслалтай оронд. Ганц нэг хүний кейс эсвэл гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг орогнох газар болгож байгаа агуулгаараа зөв. Дэлхийн нийтийн парламентын засаглал талаасаа онолын хувьд буруу шийдвэр.  Үндсэн хуулийн цэц хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн зарчмаар УИХ-ын гишүүний халдашгүй болон хязгаарлагдмал эрхийн аль аль нь байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Үндсэн хуулийн зохицуулалт зарчмын барьж, дунд болон дээд суудлын хуралдаанаас дүгнэлт гарсан учраас нэмэлт тайлбар хэлэх зүйл алга.

————————————————

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Өнгөрсөн онуудад тухай үеийн УИХ-ын гишүүд УИХ-ын тухай хуульд тодорхой заалт оруулж ирсэн Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарсан байсныг 2012 онд  дахин агуулгыг нь өөрчлөн оруулж ирсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж өмнө нь шийдвэр гарсан байсан. Харин өчигдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарлаа. Үндсэн хуулийн цэц нэг хүний асуудлыг хэлэлцдэггүй. Энэ бол УИХ-ын тухай хуулийн тодорхой зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдэж байгаа асуудал. Бусад иргэдийн адил шалгагдаад явах ёстой. Өнгөрсөн хугацаанд шалгуулахыг эсэргүүцсэн, халдашгүй байдлын ард нуугдсан эсэхийг би мэдэхгүй байна. Үнэхээр хэрэгт холбогдсон, хариуцлага хүлээх шаардлагатай бол шалгуулаад үнэн, зөвийн тогтоох ёстой. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад хэрэгт холбогдсон, хууль шүүхээр шийдэгдсэн, шалгах үйл ажиллагаанаас халдашгүй байдлын ард нуугдсан тохиолдолд байхгүй байгаа. Цэцийн шийдвэр халдашгүй байдлыг тэр чигээр нь үгүй хийгээгүй. Зөвхөн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд түүнийг нь прокурорын байгууллагаас шалгах хүсэлтээ ирүүлж, шалгаж, шийдвэр гаргана.

————————————————

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Цэцийн их суудлын дүгнэлт надад ирээгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүнд хуулийн хамгаалалт хэрэггүй гэсэн шийдвэр гарсан гэж дуулсан. Өмнө нь нэг удаа гаргаж, түүнийг нь тойруулаад оруулсан гэсэн мэдээлэлтэй байна. Энэ бол Цэцийн дүгнэлт, санал нийлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүнийг шалгах, хорих асуудал жаахан хүндрэлтэй процесстой. Хамгийн чухал нь УИХ-ын гишүүд өөрсдөө гэмт хэрэгт холбогдохгүй байвал энэ нэг их хэрэгтэй эд биш шүү дээ. Гэмт хэрэг хийхгүй л байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж