АНУ Хойд Солонгосыг биологийн зэвсэг бүтээж байна хэмээн хардаж буйг Пхеньян үгүйсгэж, энэ бол Вашингтоны ээлжит явуулга хэмээн мэдэгджээ.
"БНАСАУ Биологийн зэвсгийн эсрэг олон улсын конвенцэд нэгдсэн гишүүн орны хувьд биологийн зэвсэг бүтээх, үйлдвэрлэх, хадгалах болон эзэмшихийн эсрэг байр сууриа хэвээр хадгална” гэж Хойд Солонгос дахь Америк судлалын институтээс мэдэгдсэнийг тус улсын мэдээллийн төв агентлаг уламжилсан байна.
Хойд Солонгос 1987 онд Биологийн зэвсгийн эсрэг олон улсын конвенцэд нэгдсэн ажээ.
Тус институт АНУ-ын хардлага бол Пхеньяныг олон улсад ганцаардуулж, манай улсын эсрэг авч буй эдийн засгийн олон хориг арга хэмжээг зөвтгөх зорилготой ор үндэсгүй гүтгэлэг гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap