Хоёр Солонгосын цэрэггүй бүсээр лхагва гаригийн өглөө орон нутгийн цагаар 08:00 цагт Хойд Солонгосын бас нэгэн цэрэг өмнөд рүү гарчээ.
Манан буусныг ашиглан цэрэггүй бүсээр нэвтэрсэн Хойд Солонгосын цэргийг өмнөдийн тал ямар зорилгоор хил нэвтэрснийг мөрдөн шалгаж байгаа аж. Хойд Солонгосын харуулын цэргүүд хил зөрчигч рүү гал нээгээгүй гэх мэдээлэл байна.
Он гарснаас хойш Хойд Солонгосоос дөрвөн цэрэг Өмнөд рүү оргосны хоёр нь цэрэггүй бүсээр нэвтэрсэн байна.
Сүүлд арваннэгдүгээр сарын 13-нд Хойд Солонгосын нэгэн цэрэг энэ бүсээр нэвтэрч, өмнөд рүү оргох гэж байхдаа харуулын цэргүүдэд буудуулж, амь насаа эрсдэлд оруулсан юм. Таван удаа буудуулсан цэргийг ухаангүй хэвтэж байхад нь өмнөдийн цэргүүд олсон билээ.
Хойд Солонгосын хил зөрчигчдөөс маш цөөхөн хүн амь насаа эрсдэлд оруулан, цэрэггүй бүсээр нэвтэрдэг.
Хоёр Солонгосын хилийг зааглаж оршдог цэрэггүй бүс бол төмөр тороор хүрээлсэн, хяналтын камер хаа сайгүй суурилуулсан, цахилгаан дамждаг төмөр хашаатай, минажуулсан талбайтай дэлхий дээрх хамгийн өндөр харуул хамгаалалттай бүс юм.
Эх сурвалж: CNN