С.Жавхланг Байнгын хорооноос чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

С.Жавхланг Байнгын хорооноос чөлөөлөв

С.Жавхланг Байнгын хорооноос чөлөөлөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд залруулга хийв.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

“Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирээд, УИХ-аар хэлэлцүүлсэн. Түүнээс УИХ томилоогүй. Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч хийдэг. Зарим хүмүүс Элчин сайдын асуудлыг УИХ-д хамаатуулж яриад байх юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг чуулганы хуралдаантай давхацсан.

УИХ-ын даргын зөвлөл долоо хоногийнхоо хэлэлцэх асуудлыг урьдаас төлөвлөж баталдаг гэдгийг сануулъя. Тиймээс Элчин сайдтай холбоотой асуудлаар зөв мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж үзээд, залруулга хийлээ” гэв.  


Ингээд хуралдаан үргэлжилж, хурлын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны долдугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлав.

Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь "Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…" гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Гэхдээ дээрх заалтад иргэний эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрхийг огт хөндөөгүй. Харин улс төрийн нам, хүчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийнх нь хүсэл зоригоос ангид байдлаар жагсаал, цуглаанд оролцуулан ашиглаж буй байдлыг зөрчил хэмээн үзэж, хариуцлага ногдуулж өгнө үү гэдэг хүсэлт иргэдээс ирсэн учраас хуульд тусган, баталжээ. Харин Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад “Хүсэл зоригийнх нь эсрэг” гэдэг үг бичигдээгүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул Зөрчлийн тухай хуульд дээрх асуудлыг тусгаж, нэмэлт өөрчлөлт оруулж, баталлаа.


Л.Элдэв-Очирыг Ц.ГАРАМЖАВЫН ОРОНД БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛОВ

УИХ-ын чуулганаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, батлав. Тус байнгын хороог даргалж байсан Ц.Гарамжавын хуулийн хүрээнд ажиллах хугацаа дууссан тул Л.Элдэв-Очирыг томилох санал оруулсан. Хуралдааны үеэр  гишүүд асуулт асууж, хариулт авав. Гэхдээ Байнгын хорооны даргын томилгоо хэлэлцсэн энэ хуралд Л.Элдэв-Очир гишүүн өөрөө  ирсэнгүй. Үүнийг хүндэтгэх шалтгаантай хэмээн тайлбарласан бөгөөд түүний оронд холбогдох асуултуудад Ц.Гарамжав гишүүн мэдээлэл өгч, асуултад хариулсан юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Шүүмжлэлтэй хандах зүйлс олон байсан шүү. Аймгийн ИТХ нөхөн сэргээлт нэрээр газар өгч байгаа. Гэтэл нөхөн сэргээлт нэрээр газар ухаад байна. Шинэ байнгын хорооны дарга нөхөн сэргээх нэрээр аймаг, орон нутгийн удирдлагуудын ард байдаг асуудлыг нэг талд гаргахгүй бол болохгүй байна. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Д.Гарамжав:

-Б.Пүрэвдорж гишүүн үг хэлэх тоолондоо хүн гутаан доромжилж, ёс зүйгүй үг хэлдэг. Миний мэргэжил уул уурхайн инженер мөнөөс мөн. Та миний өмнө нь ажиллаж байсан компанийн хүмүүсийг гутаан доромжлох эрхгүй. Нөхөн сэргээлтийн лиценз олгохдоо эдийн засгийн чадавхгүй, мэргэжлийн бус хүмүүстэй компанийг оруулж ирж байна. Мэргэжлийн хяналт энэ талаар яагаад шалгалт хийхгүй байна вэ. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийдэг компаниуд орж, ажиллах нь буруу. Нөхөн сэргээлт нэрээр олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь ч буруу. Дээр нь хүний нэр төрд халдах хуультай байдаг шүү гэдгийг анхааруулъя.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ашиг сонихрлын зөрчилтэй хүн байнгын хорооны даргаар томилогдсоныг шүүмжилсэн юм. Заамарыг завааруулсан хүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдсоныг би буруутгасан юм. Түүнээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдсон бол хоёр гараа өргөөд дэмжинэ.

УИХ-ын гишүүн Д.Гарамжав:

-Заамарт олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэн зөвийг нь олж хэлээрэй.


С.Жавхланг ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨВ

Ийнхүү гишүүдийн дунд асуулт, хариулт үргэлжилсний дараа Л.Элдэв-Очирыг тус байнгын хорооны даргаар томилохыг олонхийн саналаар батлав.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хүсэлтийг авч хэлэлцлээ. Тэрбээр өөрийг нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг гаргасан байна. Энэ асуудлыг чуулганд оролцож буй гишүүдийн 70 хувь нь дэмжиж, С.Жавхланг тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө.  

Ингээд УИХ хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр тохирлын үнэлгээ гэдэг нэршлийг хуульд оруулахын тулд 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгааг гишүүд шүүмжилсэн юм. 

УИХ-ын чуулган үргэлжилж байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж