Ионжуулагчтай агаар цэвэршүүлэгч хортой юу?

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Ионжуулагчтай агаар цэвэршүүлэгч хортой юу?

Ионжуулагчтай агаар цэвэршүүлэгч хортой юу?

Иргэд нэг үеэ бодвол утаанаас өөрсдийгөө, гэр бүлээ хамгаалахын тулд тодорхой оролдлого хийдэг болжээ. Маск зүүж хэвших, гэр болон албан байгууллагадаа агаар цэвэршүүлэгч ашиглах зэрэг аргуудыг хэрэглэж байна. Гэр хорооллын олон мянган айлыг нүүрс түлэхийг нь болиулж чадахгүйгээс хойш энэ нь бараг хамгийн зөв хамгаалалтын арга байх.

Ядаж гэрийн нөхцөлд үр хүүхдээ хороос хамгаалах энгийн арга нь агаар цэвэршүүлэгч гэж хүмүүс харж байна. Харин агаар цэвэршүүлэгчийн хэрэглээ, ач холбогдол, үр дүнгийн талаар иргэд хэр мэдлэгтэй байна вэ?. Өнөөдөр бидний эргэн тойрныхоо хүмүүсээс асууж, судалдаг болсон хамгийн түгээмэл асуудал энэ болжээ.

Олон төрлийн агаар цэвэршүүлэгч Монголын зах зээлд нэвтэрчээ. Саяхнаас гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэх болсон Б.Төгстэй уулзлаа. Тэрбээр “Би гэртээ МI ухаалаг агаар цэвэршүүлэгчийг 450,000 төгрөгөөр худалдаж авсан. Хэрэглэж эхлээд 15 хонож байна. Бусад агаар цэвэршүүлэгчээс давуу тал нь гар утаснаасаа Wifi-д холбогдож, Mi Smart Home App ашиглаж, өрөөнийхөө агаарын үзүүлэлт, температур, чийгшил, шүүлтүүрийн солих хугацаа зэрэг олон талын мэдээллийг харж байна. Өглөөдөө хамар битүүрээд сэрдэг байсан бол багассан. Гэрт хуушуур хайрлаа гэхэд хиншүү, хярвасны үнэрийг хурдан арилгаж, агаар цэвэршүүлэхдээ хурдан. Цахилгаан бага зарцуулдаг. Гэрт агаар цэвэршүүлэгч байх нь үр дүнтэй санагдсан” гэж ярилаа.

ИХЭВЧЛЭН ионжуулагчтай шүүлтүүр сонирхДОГ

Агаар цэвэршүүлэгчийг хамгийн олон төрөл, сонголттой зарж байгаа газрууд бол электрон барааны дэлгүүрүүд. Электрон барааны Pc Mall дэлгүүрийн баруун дөрвөн зам дахь салбарт “AirPro” брэндийн агаар шүүгчийг 299,900-499,900 төгрөгийн хооронд худалдаж байлаа.

Худалдааны зөвлөх О.Жавхлангаас агаар цэвэршүүлэгчийн талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд “Хүмүүс ионжуулагчтай шүүлтүүр илүү их авдаг. Манай салбарт худалдаалагдаж байсан нь дууссан. Асууж, сураглаж ирэх хүмүүс цөөнгүй байна. Өмнөх жилүүдийг бодвол энэ жил агаар цэвэршүүлэгч авах хүмүүс илт нэмэгдсэн. Гэхдээ авах хүсэлтэй хүн олон ч санхүүгийн асуудалтай тулгардаг. Агаар шүүгчийг дулааны улиралд ашиглахгүй бол хоёр жилийн эдэлгээ даадаг. Худалдан авалт хийхэд зургаан сарын баталгаа өгдөг, харин шүүлтүүр нь нэг жилийн хугацаатай. Шүүлтүүр нэмж захих хүмүүс байдаг” гэж тайлбарлалаа.

Агаар цэвэрлэгчийн үнэ нь метр квадрат цэвэрлэх хүчин чадлаасаа хамаараад өөр өөр байна. Тухайлбал, 22 метр квадрат цэвэрлэх агаар цэвэршүүлэгч 299,900 төгрөг, 35 метр квадрат цэвэрлэх чадалтай агаар цэвэршүүлэгч 399,900 төгрөгөөр, 48 метр квадратыг цэвэрлэх агаар цэвэршүүлэгч 499,900 төгрөг гэхчлэн үнэтэй байгаа юм. AirPro брэндийн агаар цэвэршүүлэгч нь зөвхөн Pc Mall дэлгүүрт зарагдах ба тус дэлгүүр Турк улсад захиалга өгч, Монголд нийлүүлж байгаа ажээ.

Үзүүлэлт сайтай агаар шүүгчид мөнгө харамладаггүй

Бид дараа нь баруун дөрвөн замд байрлах Next electronics-ийн салбар дэлгүүрт очлоо. Энд агаар цэвэршүүлэгч 300,000-970,900 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан бөгөөд хүмүүс агаар цэвэршүүлж, чийгшүүлдэг хос үйлдэлтэй “Winix” брэндийн бүтээгдэхүүнийг түлхүү сонгодог тухай худалдагч ярилаа. Энэхүү агаар шүүгч гэрт тархсан утаа, харшил үүсгэгч бичил тоосонцор, мөөгөнцөр, амьтны үсийг 99.97 хувь шүүн цэвэрлэж, нян бактери үржих боломжгүй болгодог гэдгээрээ онцлог юм байна. Мөн агаар цэвэршүүлэх, чийгшүүлэх хос үйлдэлтэй гэнэ.

Худалдааны менежер Д.Очирдорж "Энэ жил худалдан авалт илүү нэмэгдсэн. Хүмүүс ирэхдээ хэдэн метр квадрат талбайг цэвэрлэж чадах вэ гэдгийг хамгийн түрүүнд асуудаг. Үзүүлэлт сайтай агаар цэвэршүүлэгчийг мөнгө харамлахгүй авч байна. 500-600 мянган төгрөгийн хооронд байгаа агаар цэвэршүүлэгчийг асуудалгүй авна, харин 900 мянган төгрөгөөс дээш үнэтэйг албан байгууллагууд ихэвчлэн сонгодог" гэж тайлбарлав.

Хүмүүс энэ дэлгүүрээс хувийн хэрэглээнд “Winix” брэндийн агаар цэвэршүүлэгчийг ихээр авч хэрэглэдэг аж. Энэхүү брэндийн агаар цэвэршүүлэгч нь 33-99 метр квадрат талбайг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өндөр загвар нь байрлал голохгүй, хаана ч тавьж болдог ажээ. Шүүлтүүр нь дугуй хэлбэртэй учир 360 градусаас агаараа сорж цэвэршүүлдэг гэж байв. Шүүлтүүр 150,000 төгрөгөөр зарагддаг. Шүүлтүүрийг бохирдлоосоо хамаараад зургаан сараас жилийн хугацаатай сольдог юм байна.

Гэхдээ иргэдийн дунд ионжуулагчтай агаар цэвэршүүлэгч хортой байж болзошгүй гэдэг болгоомжлол бас байна. 

ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭ

Д.ОЮУН

Гадуур маск зүүгээгүй үедээ ороолтоороо ам хамраа битүүлээд явж байна. Манайх гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэг. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Хүү маань  л өнгөрсөн жил 500 орчим мянган төгрөгөөр авч байсан. Өдөржингөө л асаалттай байлгадаг. Саяхан шүүлтүүрийг нь  сольсон.

Б.ЦЭВЭЛМАА

Агаар цэвэршүүлэгч авъя гэсэн бодол байдаг ч чадахгүй байх. Тэтгэврийн  хэдэн төгрөг хүрэлцэхгүй байхад ямар мөнгөөрөө авах билээ. 

Ц.МИНЖЭЭ

Бид утаатай яаж ч тэрсэлдээд үр дүн алга. Төр засаг нь утаа бууруулах нэрээр далимдуулж мөнгө идэхээс өөр юм алга. Энүүхэндээ гэж хэлэхэд, агаар цэвэршүүлэгчийг мөнгөтэй хүн л авна уу гэхээс гэр хорооллын хүмүүсийг тэр болгон авдаг гэж бодохгүй байна. Би хүүхдүүдээ гэртээ ядаж утаанаас хол байг гэж бодоод хоёр жилийн өмнө Хятадын агаар цэвэршүүлэгч авч тавьсан. Тухайн үедээ 500 орчим мянган төгрөгөөр авч байсан санагдана. Өвлийн цагт хэрэглээд, дулааны улиралд далд хийчихдэг.


"Харахад нэг л саарал

Хамар хоолой хорсгосон

Харуусал дагуулсан хар утаа" гэсэн мөртүүдийг хэзээ мартахааргүй болжээ.

Өвлийн тас хар өдрүүд. Улсынхаа нийслэлийг утаанд эзлүүлсэн үеэс хойш энэ "дайсан"-тай олон аргаар тэмцсэн ч өнөөдрийг хүртэл өчүүхэн төдий ч үр дүнд хүрэхгүйгээр үл барам улам бүр бид утаандаа живж байна. Төр засаг утаатай тэмцэх гэж хэчнээн тэрбум төгрөгийг ‘утаа’ болгов. Тэгсэн ч хэвээрээ. Утааны уршиг иргэдийн эрүүл мэнд, ургийн гажигт нөлөөлж байна гэсэн гашуун мэдээ цацагдсаар… Өдрийн ихэнх цагийг энэ хэвээр утаан дундаа өнгөрүүлэх юм бол Улаанбаатар хот дахь хүн амын дундаж наслалт 56 хүртэл буурна гэсэн судалгаа хүртэл гаргажээ. Агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд аман хүзүүдэж, Ираны ард бичигдэж байгаа Улаанбаатарыг утаанаас салгаж чадах аргыг хэн ч олоогүй байна.

Энэхүү сурвалжилгаар дамжуулан иргэдийн сэтгэгдлийг сонсохыг хүсч байна. Та хэрвээ агаар цэвэршүүлэгч хэрэглэж эхэлсэн бол хэрэглээний талаарх бодлоо "Сэтгэгдэл бичих" хэсэгт хуваалцаарай.

Next electronics дэлгүүрийн 299.900-599.900 төгрөгийн хооронд зарагддаг агаар цэвэршүүлэгч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж