Олон улсын жүдо бөхийн холбооноос 2017 оны хамгийн сүүлийн “Мастерс” тэмцээнийг ОХУ-ын Санкт-Петербург хотод арванхоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Энэхүү тэмцээнд зөвхөн шилдгүүд урилгаар оролцдог бөгөөд жин тус бүрийн эхний 16 тамирчны дунд өрсөлдөөн болдог. “Мастерс”-ын дараа эмэгтэйчүүдийн 57 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа 7132 оноогоор Дэлхийн чансааны тэргүүллээ итгэл төгс хадгалж үлдсэн юм. Түүний хувьд энэ онд Дэлхийн аваргад түрүүлж, “Мастерс” тэмцээнд дөрөв түрүүлсэн анхны жүдоч болсон түүхэн амжилтын эзэн болов. Мөн Рио 2016 олимпийн өмнө болон хойно болсон дэлхийн аваргаас медаль хүртсэн нь бас нэгэн тодруулах амжилт болжээ. Монголын жүдоч Д.Сумъяа нэгэнтээ дэлхийн жүдогийн хатан хаан мэт хүлээн зөвшөөрөгдлөө.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа энэ онд үзүүлсэн амжилтаараа өчигдөр /2017.12.20/ спортын салбарын тэргүүн шагнал болох “Бөртэ чоно”-ын эзэн болж, оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон нь энэ оны бас нэгэн онцлох үйл явдал байлаа. News агентлаг ‘Хүмүүс’ буландаа дэлхийн аварга Доржсүрэнгийн Сумъяаг онцолж байна.
“МОНГОЛ ОХИД”-ООС БӨХИЙН АМЬДРАЛ НЬ ЭХЭЛЖЭЭ
Д.Сумъяа бага насаа Увс аймгийн Баруунтуруун суманд өнгөрүүлжээ. Өвөө, эмээгийн хүүхэд тэрбээр бага байхын эрэгтэй дүү нартайгаа ноцолдож өсчээ. Тавдугаар ангийн сурагч байхдаа аавдаа барилдах сонирхолтойгоо хэлтэл аав нь “нас чинь бага байна, 1-2 жил хүлээчих” гэсэн гэдэг. Аав нь удалгүй Спортын төв ордонд байрлах Г.Базарсүрэн багшийн “Монгол охид” клубт элсүүлснээр түүний бөхийн амьдрал эхэлсэн байна. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр барилддаг байжээ.
Япон, Солонгосын тамирчид дөрөв, таван настайгаасаа жүдогийн спортыг сонгодог бол манай тамирчид нилээн хожуу эхэлдэг. Д.Сумъяагийн хувьд ч 15 насандаа жүдогийн спортын сонгож, богино хугацаанд амжилт үзүүлээд байна.
2014 ОН – ХАРАМСАЛТАЙ ӨДРҮҮД
Д.Сумъяа 2014 оны дэлхийн аваргаас медальгүй ирж байсан. Тэр 57 кг-ын “С” хэсэгт Бразилын Рафаэль Силва нарын бөхчүүдтэй багтсан. Эхний учраа бөхчүүдээ төвөггүйхэн ялсан тэрээр хэсгийн аваргын төлөө Силватай учраа таарчээ. Гэхдээ энэ барилдаанд тэр ялж, хагас шигшээд үлдсэн ч хоёр ялагдан тэмцээнээс медальгүй ирж байсан. Энэ тэмцээн түүнийг олимп, дэлхийн аваргын медальтан болох замыг нь нээж өгсөн. Тэр ч энэ цагаас эхлэн багштайгаа улам сайн ажиллаж эхэлсэн гэдэг. Тухайн үед сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал Б.Золзаяатай Х.Эрдэнэт-Од багш нь холбож өгснөөр хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэлийг хийж эхэлжээ. Ингэж 2014 оны дэлхийн аваргад ялагдсан ялагдлыг мартаж, өөрийгөө бүрэн дайчилснаар дараа жилийн дэлхийн аваргаас хүрэл медальтай ирж байсан юм. Олимпийн наадамд очихдоо их тайван очиж байснаа тэр нэгэн ярилцлагандаа өгүүлж байсан.
Олимпийн наадамд Д.Сумъяагийн эхний учраанууд өмнөх дэлхийн аваргын тэмцээнд ялагдаж байсан Нидерландын Санне Верхаген, Португалын алдарт бөх М.Телма нар байсан ч тэднийг ялж, хагас шигшээд үлдэж байсан. Тэр жүдогийн гайхамшигийг энэ үед харуулж, “Лондон 2012” олимпийн наадмын аварга Японы Каори Мацүмотог цэвэр ялж, финалд дэвжээний эзэн орны бөх Рафаэль Силватай барилдсан юм. Өнөөг хүртэл Силва шүүгчийн тусламжтайгаар ялалт авсан хэмээн яригдсаар байгаа билээ. Гэхдээ Д.Сумъяа “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальтан болж, дэлхийд данслагдсан бөх гэдгээ баталсан юм.
“МАСТЕРС”-Т ДӨРӨВ ТҮРҮҮЛСЭН ТҮҮХИЙН ЭЗЭН
Олимпийн наадмын дараа тамирчид хэсэг хугацаанд амардаг бол Д.Сумъяа дараагийн олимпт дахин барилдана гэсэн итгэлтэйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна. Жүдогийн тамирчдын хувьд жилийн турш болж тэмцээнд аль болох их оролцож, оноо цуглуулж чансаагаа алдахгүй байдаг. Тэр хэрээр тэрбээр олимпийн наадмын дараа амарсангүй. Харин ч дэлхийн аваргын медалийн өнгөө өөрчлөх зорилт тавьж, дэлхийн аварга боллоо. Финалын барилдаанд Японы залуу бөх Цүказа Ёшидаг ялж, түүнийг мөн саяхан болсон “Мастерт”-т мөн ялсан. “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа 2015, 2017 оны дэлхийн аваргаас медаль хүртсэн хосгүй амжилтыг үзүүлээд байна. Түүн шиг ийм амжилтыг үзүүлсэн бөх манайд үгүй. Мөн хамгийн сүүлд “Мастерс” тэмцээнд түрүүлж, тус тэмцээнд дөрөв түрүүлсэн бөхөөр нэрлэгдлээ. Түүний энэ амжилт жүдо бөхийн түүхэнд шинээр бичигдэж байна. Мөн чансааны оноогоо 7132-т хүргэж, Японы бөх Хашимотогийн хамт 2009 оноос хойш 7100-гаас дээш оноо авсан анхны жүдоч болж байна. Тэр ийнхүү 2017 оныг гайхалтай амжилттайгаар үдлээ.
Эгэл жирийн нэгэн гэр бүлд төрж өссөн Д.Сумъяа эмэгтэй хүн барилдана гэдэг амаргүй сонголтыг хийсэн ч тэр тэмүүлсэн мөрөөдөлдөө хүрч чадсан. Одоо түүнд “Токио 2020”-д амжилттай оролцож, Монгол түмнээ дахин баярлуулах итгэл, сэтгэл бий. Тэр бэлтгэлээ эрчимжүүлсээр.
Эмэгтэй хүнд баймгүй их тэвчээрийг гаргаж, хувийн амьдралаа хойш тавьсан Д.Сумъяа дэлхийд тодорсон гавьяатан билээ.
Холбоотой мэдээ