НҮБ-ын Ерөнхий ассамблей өнөөдөр (2017.XII.21) Иерусалим хотын статусын асуудлаар шуурхай хурал зарлан хуралдах гэж байна. 193 гишүүнтэй Ерөнхий ассамблейн хурлыг Араб болон исламын шашинт орнуудын хүсэлтээр зарлажээ. Ерөнхий ассамблейн гэнэтийн яаралтай хуралд оролцохоор Туркийн гадаад хэргийн сайд Нью-Йоркийг зорьсны адилаар олон орон түргэн авчээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын 57 гишүүн орон шуурхай хуралдаан зарлаж, зүүн Иерусалимыг Палестины эзлэгдсэн хот хэмээн зарлаж, олон улсын хамтын нийгэмлэгээс үүнийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ арванхоёрдугаар сарын эхээр Иерусалим хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель Авиваас нүүлгэхээр болсон нь исламын шашинт орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулж байна. Арабын орнуудыг төлөөлж Египет улс Иерусалим хотын статусын асуудлаар тогтоолын төсөл боловсруулан Аюулгүйн зөвлөлд даваа гаригт санал хураалт явуулах гэсэн боловч АНУ хориг тавих эрхээ ашиглан зогсоосон юм. Аюулгүйн зөвлөлийн 14 гишүүн орон Иерусалимын талаарх АНУ-ын шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолд гарын үсэг зурсны дараа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хэйли “энэ тогтоол бол доромжлол, Вашингтон үүнийг хэзээ ч мартахгүй” хэмээн хориг тавих эрхээ ашиглажээ.
Ерөнхий ассамблейн тусгай хурлыг НҮБ-ын дүрмийн 1950 оны тогтоолын төслийг зарлан хуралдуулж байгаа аж. Уг тогтоолын төсөлд хэрэв Аюулгүйн зөвлөл үүргээ гүйцэлдүүлж чадахгүй бол гишүүн орнууд энхийн төлөө нэгдэн арга хэмжээ авахаар тусгасан байдаг аж. Гэхдээ Ерөнхий ассамблейгаас гаргасан шийдвэр Аюулгүйн зөвлөлийг бодвол хүч нөлөө бага тул олон улс нэгдэн дипломат аргаар дарамт, шахалт үзүүлдэг байна. Уг заалтын дагуу Ерөнхий ассамблей 10 удаа л хурал зарлан хуралдаж байв. Хамгийн сүүлд 2009 онд Зүүн Иерусалим ба Палестины нутаг дэвсгэр эзлэгдсэний дараа дээрх хурал болжээ.
Израилийн засгийн газраас АНУ-ын байр суурьд түшиглэн Иерусалим хотыг нэгдмэл, үүрдийн нийслэлээ хэмээн тунхаглаж, гадаад орнуудын элчин сайдын яамдыг төвлөрүүлэхийг хичээж байна. Нөгөө талд тусгаар тогтнолын статусаа алхам алхмаар батжуулсаар буй Палестин шийдвэрийг эсэргүүцэх аж. Дэлхийн эртний хотын нэг Иерусалим нь ислам болон христийн шашны хувьд ариун газарт тооцогддог. Гэвч тус хотын харьяалал урт хугацааны туршид Израиль болон Палестины хооронд маргааны сэдэв болсоор иржээ. Улмаар НҮБ-аас хотыг олон улсын статустай болгосон боловч шийдвэрийг Израиль үл дагажээ. Үүнээс гадна Израиль, Палестины хоорондох 1993 оны энхийн баримт бичгээр бол Иерусалим хотын асуудлыг хоёр тал энхийн яриа хэлцлийн зарчмаар шийдвэрлэхээр тогтсон байдаг.