“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг. Энэ удаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна.
Боловсролын салбарын сайд дарга нар хамгийн их халаа сэлгээнд өртжээ. Энэ оны тавдугаар сарын сүүлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух Онц бөгөөд Бүрэх эрхт Элчин сайдаар томилогдох болсноор тус яам удирдлагын хүлээлт, томилгооны хүлээсэнд орж эхэлсэн гэхэд болно. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас үүдэж Ё.Отгонбаярыг одоо болтол Элчин сайдын ажилд нь томилж, илгээгүй байгаа. Нөгөөтэйгүүр одоо хүртэл тус яамны дэд сайдыг нөхөн томилоогүй хэвээр олон сар өнгөрчээ.
Ийнхүү дэд сайдыг нь чөлөөлснөөс хойш сар гаруйн дараа БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулж, түүний оронд академич Г.Чулуунбаатарыг салбарын сайд болгожээ. Зуны хэдхэн сарын хугацаанд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд олон салбарыг нэгтгэсэн энэ яамыг удирдсан Г.Чулуунбаатар сайд багш нарын шаардлагаас эхлээд хүндхэн сорилыг давсан ч бас л энэ оны есдүгээр сарын 7-нд Засгийн газар огцорсноор өөрчлөгдөх нь тодорхой болсон билээ. Ингээд Г.Чулуунбаатар ажлаа хүлээлгэн өгч, өдгөө Ц.Цогзолмаа тус яамыг удирдаж байна.
Богино хугацаанд хэд хэдэн сайдын нүүр үзсэн энэ яам одоо мөн Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. 2017 оны долдугаар сард БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг чөлөөлж, тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан ч албан тушаалд нь буцааж томилсон зүйлгүй байна. Шүүх Б.Баярсайханы талд шийдвэр гаргасан ч Засгийн газар Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан Ж.Болормааг томилсон. Гэсэн ч есдүгээр сард томилогдсон түүнийг гурван сарын дараа буюу сая арванхоёрдугаар сарын эхээр бас л чөлөөлчихсөн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэж ийм нэгэн томилгоо дуусдаггүй газар байна.