Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч наймдугаар сард Францын Парис хотноо болсон билээ. Тус тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, П.Орхон эмэгтэйчүүдийн 63 кг-д аваргын алтан медалийг хүртсэн юм. Тэрбээр чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аварга болсон тав дахь бөх юм. Т
Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, “Соёмбо” уран бүтээлийн нэгдлээс санаачлан “Алтан соёмбо” шагналтнуудаа тодруулсан бөгөөд энэ үеэр Зүүнбаян-Улаан сумын уугуул, гавьяа тамирчин Пүрэвдоржийн Орхонд энэхүү хүндтэй шагналыг олгожээ.
Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээн 2016 оны нэгдүгээр сард ОХУ-ын Красноярск хотод болоход эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж, тус тэмцээнд түрүүлснээс гадна дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд нэгэн хосгүй ялалтыг авчирсан юм. ‘Рио 2016’ олимпийн наадамд бэлтгэл хангагчаар явсан тэрбээр энэ жилийн Дэлхийн аваргад түрүүлсэн амжилтаараа ‘Оны шилдэг тамирчин’-д нэр дэвшээд байна.
Гавьяат тамирчин П.Орхон өнгөрөгч наймдугаар сарын шилдэг тамирчин болсноос гадна Монголын Үндэсний олимпийн хорооноос ‘Токио-2020’ олимпийн наадмын тэтгэлгийг анх удаа хүртсэн. Хамгийн сүүлд тэрбээр ОХУ-д Чебоксард болсон Дэлхийн цомын тэмцээний үеэр дөрвөн барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө ялсан амжилтыг үзүүлсэн бөгөөд Монголын баг хүрэл медаль хүртэхэд чухал ялалтуудыг авсан. Дэлхийн цомыг Японы бүсгүйчүүд хүртсэн бол БНХАУ, Монгол удаалсан. Манай баг АНУ-ын хүчирхэг багийг хүрэл медалийн төлөөх барилдаанд 5:2 онооны харьцаагаар хожсон юм.