Өнгөрөгч жилүүдэд дарга тогтдоггүй, томилогдсон зарим даргаа эмч нар нь эсэргүүцэж байсан гээд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн удирдлагын суудал тойрсон асуудал эрүүл мэндийн байгууллагын төдийгүй иргэдийн анхаарлын төвд байлаа. Өдгөө харин тус эмнэлгийн ерөнхий захирлаар эмнэлэгтээ 10 гаруй жил мэс заслын эмчээр ажилласан, ахлах зэргийн эмч, клиникийн профессор Т.Мөнхсайхан томилогдон, ажиллаж байна. Монголын хамгийн өндөр ачаалалтай эмнэлгийг хоёр дахь жилдээ удирдаж байгаа түүнтэй ярилцлаа. Гэмтэл, согог судлалын төвд ямар шинэчлэл хийгдсэн, ямар асуудал байгаа зэрэг олон асуултад тэрбээр хариулт өгч байна.
-Бидэнд цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлыг эмнэлэг дотроосоо томилогдсон гэж дууллаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 2000 онд, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2006 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд л Гэмтэл, согог судлалын төвд анх ажилд орж, эмнэлэгтээ 10 гаруй жил ажилласан. Манай гэр бүлд эмч мэргэжилтэй хүн байдаггүй. Өөрөө л эмч болохоор шийдэж, мэргэжлээ сонгосон доо. Миний хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын ажлаа хүлээж аваад жил гаруй хугацаа өнгөрч байна. Эмнэлэгтээ 10 гаруй жил ажилласан учраас юуг яаж өөрчилж, сайжруулж болох уу, бидэнд юу дутагдалтай байдаг вэ гэдэг дээр өөрийн гэсэн бодолтой явдаг байлаа. Надад энэ ажлыг хийх боломж гарсанд их баяртай байдаг. Цаашдаа улам л хичээж ажиллах ёстой гэж хичээж байгаа тийм л нэг эмч хүн дээ.
-Бодлогын хувьд та ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-Эмнэлгийнхээ үйл ажиллагаа, тэр дундаа үйлчлүүлэгчдэд хүргэх тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгохын тулд урт болон богино хугацааны бодлого гаргасан. Манай эмнэлэг өнгөрсөн хугацаанд эмнэлгийн гаднах орчны тохижилтоос эхлээд чамгүй олон ажлыг хийлээ. Монгол Улсын хэмжээнд яаралтай тусламжийн үйлчилгээг нэг шат ахиулсан. Анх удаа эмнэлэг дээр нисдэг тэргээр өвчтөнөө хүлээж авдаг боллоо. Эмнэлгийн гадна онгоц буух нөхцөл бүрдлээ. Энэ бол яаралтай тусламжийг шинэ түвшинд гаргах том амжилт гэж манай хамт олон үзэж байгаа.
-Нисдэг тэрэг гаднаа буулгаж байгаа анхны эмнэлэг танайх болсон. Энэ ажлыг бүтээхэд хүндрэлтэй асуудал байсан уу?
-Энэ асуудлыг судлахаар өмнө нь Эрүүл мэндийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам, тээврийн хөгжлийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байсан. Тэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би өөрөө орж ажилласан. Нисдэг тэрэгний зогсоолын тохижилтын асуудлыг нийслэлийн удирдлагаас шийдэж, тохижуулж өгсөн. Ерөнхийдөө нисдэг тэрэгний зогсоол бол манай эмнэлгийн харьяанд байдаг талбай л даа. Өмнө нь энэ талбайд хүүхдийн тоглоомын хэсэг байгуулж, барилга барьсан байсныг нурааж, өндөр даацын нисдэг тэрэгний зогсоол болгосон юм. Тал талаас санаа тавьсан ажил болохоор хүндрэл гайгүй байсан.
-Одоо харин хэзээ нисдэг тэргээр өвчтөн хүлээж авдаг болох вэ? Манай улсад орон нутгаас өвчтөн тээвэрлэх зориулалтын түргэн тусламжийн нисдэг тэрэг хэд байдаг юм бол?
-Бид саяхан нисдэг тэрэгний зогсоолд туршилтын буулт хийж, үзсэн. Туршилтын буулт хийсний дараагаар Иргэний нисэхийн ерөнхий газраас манай талбайг баталгаажуулж, гэрчилгээ олгох ёстой юм. Гэрчилгээ хараахан гараагүй байна. Гэрчилгээ хүлээж авснаар байнгын нисдэг тэрэг буух боломжтой болж, өвчтөнөө хүлээж авч болно. Монголд орон нутгаас өвчтөн тээвэрлэх боломжтой зориулалтын түргэн тусламжийн нисдэг тэрэг цөөхөн бий. Гэхдээ байгаа хэдэн нисдэг тэргүүд нь хувийн хэвшлийн авиа компанийн өмч л дөө. Тэгэхээр цаашдаа улсын хэмжээнд яаралтай тусламжийн үйлчилгээний зориулалтын нисдэг тэрэгтэй болоход бид анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ асуудлыг улс дэмжих байх гэж боддог.
-Хүмүүс Гэмтэл, согог судлалын төвийн үйлчилгээнд ихэвчлэн шүүмжлэлтэй ханддаг. Та яагаад тэгдэг гэж боддог вэ? Нөгөө талаар танай эмнэлэг хамгийн ачаалалтай эмнэлэг. Үргэлж хүнд өвчтөн хүлээж авдаг. Одоогийн нөхцөлд Гэмтлийн эмнлэгийн эмч, сувилагчдын ажиллах нөхцөл ямар хэмжээнд бүрдсэн байдаг вэ?
–Манай эмнэлгийн хүлээн авах хэсгийн эмч, сувилагчид яг л галын фронт дээр байгаа юм шиг ажилладаг. Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшил, тээврийн хэрэгслийн тоо олшрох тусам гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна. Гэнэтийн осол гэмтэл учирсан, стресстэж, зовж шаналсан хүмүүс үйлчлүүлдэг учраас харилцааны хувьд түвэгтэй асуудлууд үүсдэг нь үнэн. Гэхдээ манай эмч, сувилагч нар үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг шүү. Маш хүнд. Харамсалтай нь, эмнэлгийн хүлээн авах тасгийн эмч, сувилагч нарын хийж байгаа ажил хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ордоггүй юм. Үнэн хэрэгтэй бол байнгын дээд зэргийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс бол гэмтлийн хүлээн авах тасгийнхан байдаг.
Гэмтлийн эмнэлэгт ачаалал багатай сар, жил гэж байдаггүй. Тийм өдөр ч байхгүй. Өвөл болохоор халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл, зун нь авто осол, архидан согтуурснаас шалтгаалсан гэмтэл нэмэгддэг. Салбар яамнаас энэ жилийг “Нийгмийн эрүүл мэндийн жил” болгосон учраас манай эмнэлэг нийгмийн эрүүл мэндийн алба байгуулж, өвлийн улиралд халтиргаа гулгааны сар эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, ажиллалаа. Боломжийн хэмжээнд үр дүн харуулж л байна.
-Улсаас өгч буй төсөв мөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ? Гэмтлийн эмнэлгийн төсвийн зардлын дийлэнх хувийг ямар үйлчилгээнд зориулдаг юм бол?
–Манай эмнэлэгт олгож байгаа төсвийн мөнгө 100 хувь хүрэлцээтэй гэж хэлэхгүй. Зардлийн ихэнх нь мэс заслын зардалд зарцуулагддаг. Хэвтэн эмчлүүлэгчдийн 80-90 хувь нь мэс заслын эмчилгээ хийлгэж, тусламж авдаг гэсэн үг. Санхүүжилтийн 20 орчим хувийг яаралтай тусламж үзүүлэхэд зарцуулдаг. Ерөнхийдөө иймэрхүү байдлаар зардлаа хуваарилдаг.
-Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хувьд томоохон мэс заслаас гадна шинээр жижиг мэс ажилбаруудыг Монголдоо хийж хэвшүүлжээ. Эмнэлгийн удирдлагын хувьд эмч мэргэжилтнүүдээ чадваржуулах тал дээр та юуг анхаардаг вэ?
–Манай эмнэлгийн хувьд сүүлийн жилүүдэд олон төрлийн мэс заслыг шинээр хийж байгаа. Тэр дундаа өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах, дурангийн мэс засал, түлэгдлийн донорын арьсыг хэрэглэх, хуруу залгах гэх мэт жижиг мэс заслын ажилбарыг өндөр түвшинд хийж байна. Эмч нарын ур чадвар ч сайжирсан. Ингэснээр гадаадад эмчлүүлэхээр явах хүмүүсийн тоог тодорхой хэмжээгээр бууруулсан гэж хэлж болно. Одоо хамгийн гол нь техник технологийн хувьд ажиллах орчноо сайжруулах хэрэгтэй байна. Хэдий бид хичээж, сайжирч байгаа ч гадаад руу эмчлүүлэх урсгал байсаар байна. Тиймээс эмч нарын ур чадвараас гадна эмчилгээний чанар, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй гэж боддог. Хүний нөөцийн бодлого, эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх тал дээр манай эмнэлэг БНСУ, Япон, АНУ-ын эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эдгээр улсуудад мэргэжилтнүүдээ суралцуулах, туршлага солилцоход анхаарч байна. Мөн бид эмч мэргэжилтнүүдээс илүү сувилахуйн дунд мэргэжилтнүүдээ чадваржуулахад сайн анхаарал тавьдаг.
-Таныг олон хүнд өвдөгний үений дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн, алтан гартай эмч гэж сонссон?
-Намайг оюутан байхад манай буурал ээжийн өвдөг нь их өвддөг байсан. Тэр зовлонг би сайн мэднэ. Анх 2011 онд БНСУ-ын “Халлим” их сургуульд үений дурангийн мэс заслаар мэргэжил дээшлүүлээд эмнэлэгтээ буцаж иртэл мэс засал хийдэг аппарат нь ч байдаггүй байлаа. Тэгээд өөрөө БНСУ-аас аппарат худалдан авч, эмнэлэгтээ байрлуулж, үений дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй хийж эхэлсэн. Ингэж анх Монголд өвдөгний үений мэс заслыг өдөр тутмын мэс засал болгон нутагшуулж байлаа. Өмнө нь манай эмнэлэгт энэ төрлийн мэс заслыг цөөн тоогоор л хийдэг байсан. Эмчийнхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч хичээл зүтгэл тавьж эхлүүлсэн энэ ажлаараа бахархдаг. Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход орчин үед техник хэрэгсэл ямар чухал байдгийг тэр үеэс илүү сайн ойлгосон доо.
2012 оноос хойш таван жилийн хугацаанд 1000 гаруй хүнд үений дурангийн мэс засал хийсэн. Манай эмнэлэг өдөрт 1-2 хүнд энэ мэс засал хийдэг байсан. Энэ тоо дээрх төрлийн мэс засал, эмчилгээ манай улсад маш хэрэгцээтэй байгааг харуулж байгаа гэж хэлж болно. Тэр 1000 хүн ойрхноор нь БНСУ-д мэс засал хийлгэе гэж бодоход нэг хүн доод тал нь 5000 ам.долларын зардал гаргана. Монголд өндөр өртөгтэй мэс заслыг улсаас санхүүжүүлдэг болоод дөрвөн жил болж байна. Манайд үений дурангийн хагалгааг 5-6 сая төгрөгөөр хийдэг. Үүний 75 хувийг улсаас хөнгөлснөөр үйлчлүүлэгч 25 хувь буюу нэг сая орчим төгрөгийн зардал гаргаж байна гэсэн үг.
-Таныг бас “Монголын түлэнхийн сан” –г байгуулж, сайн үйлс хийдэг гэсэн. Сангийнхаа үйл ажиллагааг танилцуулаач?
–Эмнэлгийнхээ түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг хараад үнэхээр сэтгэл эмтэрдэг. Тэгээд л тэдэнд туслах зорилгоор одоогоос гурван жилийн өмнө “Монголын түлэнхийн сан”-гаа байгуулсан. Монголд түлэгдсэн арьсны мэс засалд орж буй хүнд донорын арьс өндөр өртгөөр хэрэглэдэг. Хэдийгээр улсаас мэс заслын 75 хувийг төлдөг ч үлдсэн 25 хувийн төлбөрийг төлж чадахгүй хүмүүс цөөнгүй бий. Тиймээс сангаасаа тодорхой хувийг нь төлж, иргэд, өвчтөнд тусалдаг юм. Бид энэ жил түлэгдэлтээс үүдэлтэй нас баралтыг 60 хувиар бууруулж чадсан боловч түлэгдэлтийн тоо буураагүй ба түлэгдсэн хүмүүсийн 90-95 хувь нь халуун тогооны буруу хэрэглээнээс болж эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс халуун тогоог монгол гэрийн баганад байрлуулдаг тавиурыг эхний ээлжид 1000 ширхгийг хийж Баянхошууны айлуудад үнэ төлбөргүй суурилуулаад байна.
-Таны цаашдын зорилгыг сонсъё. Эрүүл мэндийн салбарт илүү ихийг хийж, олон хүнд тусална гэдэгт итгэлтэй байна?
-Хүн гэдэг урмын амьтан шүү дээ. Би энэ үгтэй санаа нэг явдаг. Манай эмнэлгийн үйлчлүүлэгчдийн талархсан сэтгэл, тэдний “Баярлаж явдаг шүү” гэх үг миний хувьд маш том шагнал. Цаашдаа өөрийнхөө хүч чадал, боломж бололцоогоо дайчлан, эрүүл мэндийнхээ салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээх болно. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвөө дэлхийн жишигт нийцсэн олон улсын эмнэлэг болгохоор зорьж ажиллана.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх