Охидын нөхөн үржихүйн асуудал Монголын нийгмийн анхаарал татсан сэдэв болсон. Энэ талаар “ Гүнж” төвийн ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ундрахаас тодруулга авлаа.
-Өсвөр насны ээжүүдийн тоо нэмэгдэх болсон нь юутай холбоотой вэ?
-Нийгэмд өсвөр насны ээжүүд нэмэгдэж байгаа нь сөрөг үзэгдэл биш л дээ. Гэхдээ эдгээр хүмүүсийг буруутгадаг хандлага нийгэмд бий болчихсон байна. Хүүхэд төрүүлж, өсгөх нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал мэтээр хардаг болсон л их харамсалтай санагддаг. Өсвөр насны охидын хувьд ээж болох нас залуужсан нь бэлгийн харилцаанд орж буй анхдагч нас залуужсантай холбоотой гэж харж байна. Эдгээр охидын хүүхэд төрүүлж буй дундаж нас нь 12-15 нас болчхож. Охидын хувьд бэлгийн боловсролын талаар дутмаг мэдлэгтэй учир өсвөр насандаа ээж болох үзэгдэл түгээмэл гарсаар байна. Үүний зэрэгцээ бэлгийн бойжилт бүрэн гүйцэт хөгжөөгүй насандаа бэлгийн харилцаанд орсноор БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт зэрэг асуудал үүсч байна шүү дээ.
Тийм учраас бэлгийн харилцаанд орох зөвшилцлийн насыг тогтоох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн насанд хүрсэн хүмүүс л архи тамхи хэрэглэж болно гээд нас заачихсан байдаг. Гэтэл хэдэн нас хүрээд бэлгийн харилцаанд орох вэ гэдэг ойлголт өнөөгийн өсвөр насны залуучууд дунд байдаггүй. Бидний үед эрүүл мэндийн хичээл ордог байхад тэвчих тухай их ярьдаг байсан. Гэтэл одоо тэр талаар ямар ч ойлголт байхгүй болчихжээ. Манай төвөөс гаргасан судалгаагаар “хүүхдээ өсгөж буй өсвөр насны эхчүүдийн 74 хувь нь ганцаараа өсгөж байна” гэсэн судалгааг гаргасан. Харин эрчүүдийн хувьд хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй, үр хөндүүлэхийг шаардах, шахалт дарамт үзүүлэх асуудал их гарч байна. Үүнд л төрийн бодлого зохицуулалт шаардлагатай байгаа юм.
–Монголд үр хөндөлтийн эсрэг хориглох журам байдаг уу? Өсвөр насны ээжүүд жил бүр нэмэгдэх хандлагатай байна гэж та хэллээ?
– Үр хөндөлт манай улсад хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн. Тодруулбал, 12 хүртэлх долоо хоногтой жирэмсэн эмэгтэй өөрийнхөө хүслээр сайн дураар үр хөндүүлэх боломж нь нээлттэй. Үр хөндөлт гэдэг нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал шүү дээ. Хэрэв хориглосон хуульчлал байх юм бол эмэгтэйчүүдэд илүү хор хөнөөлтэй. Тийм учраас үр хөндөж буй үйлчилгээ нь мэргэжлийн эмчээр, мэргэжлийн эмнэлэгт өөрийн хүсэлтээр хийлгэсэн байх ёстой. Гэхдээ өсвөр насандаа үр хөндүүлнэ гэдэг хэцүү асуудал. Эдгээр охид сэтгэл санааны дарамтад орж, гадуурхагддаг. Улмаар амиа хорлох охидын тоо ч нэмэгдэж болзошгүй. Манайд төвд ирсэн охидын 67 хувь нь үр хөндүүлэх хүсэлтэй байсан ч эдийн засгийн байдлаасаа болоод төрүүлсэн гэх судалгаа бий. 2016 оны байдлаар 1000 гаруй охин үр хөндүүлсэн тохиолдол бүртгэгдсэн. Гэвч энэ бол зөвхөн бүртгэгдсэн үр хөндөлтийн тоо. Хувийн эмнэлгүүд, эмийн аргаар үр хөндсөн охидын тоо үүнд ороогүй.
-Мэдээлэлгүйгээс гадна амьдралынх төвшин эрт төрөлтөд нөлөөлдөг үү?
-Бид нарын харж буйгаар ядуурал болон өсвөр насны охидын төрөлтийн асуудал хоорондоо уялдаа холбоотой. Түүнээс гадна эмэгтэйчүүд охидын эсрэг хүчирхийлэл манайд газар авсан. Өсвөр насандаа төрсөн ээжүүдийн 95 хувь нь хэн нэгнээс хараат байна. Иймээс эцэг, эх байх ухамсрыг багаас нь төлөвшүүлэх нь чухал. Өөр нэг санаа зовоосон асуудал нь 16 нас хүрээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгэх асуудал хүндхэн байна. Бодит байдалд 14 настай охин хүүхдэдээ төрсний гэрчилгээ авахын тулд хоёр жил хүлээдэг. Хуулийн байгууллагууд бүртгэнэ гэдэг ч иргэний үнэмлэх байхгүйн учраас шинээр төрсөн хүүхдэдээ төрсний гэрчилгээ авч чадаагүй гэсэн асуудал яригдаж л байдаг. Үүний улмаас охид эцэг эхдээ өргүүлэх, хүүхдээ хаях асуудал гардаг юм. Нийслэлийн хэмжээнд жил бүр 50-д нярай өнчирдөг гэсэн судалгаа байдаг. Энэ асуудалд төр засгаас цогц бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Э.Ариун
Холбоотой мэдээ