Ж.Батзандан Ерөнхийлөгчид ханджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан Ерөнхийлөгчид ханджээ

Ж.Батзандан Ерөнхийлөгчид ханджээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2017.12.20/ нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.  УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар БНСУ-д  суух Элчин сайдаар Б.Хурцыг томилохыг дэмжсэн.  Засгийн газраас Б. Хурцыг томилох шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа нэр бүхий гишүүд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах санал гаргасан. Мөн Б.Хурцтай холбогдох өргөдөл, гомдлууд дээр тулгуурласан хэлэлцүүлгийг  УИХ-ын нэр бүхий гишүүд зохион байгуулсан. МАН-аас Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг нар, АН-аас Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд оролцсон энэ хэлэлцүүлэгт Б.Хурцын хууль бус үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн 10 гаруй иргэний өргөдөл, гомдлыг сонсчээ. Эндээс гаргасан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр албан ёсоор хүргүүлсэн гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

Ерөнхийлөгчид хүргүүлсэн дүгнэлтэд,  Б.Хурц нь олон улсын хэм хэмжээ, Европын холбооны хууль, дүрмийг зөрчин, Франц, Бельги, Герман улсын хилийг дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон. Энэ асуудлыг Европын холбооны хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа, хаагдаагүй. Д.Энхбат агсны гэр бүлийнхэн хууль зөрчин байж түүний амь насанд хүрсэн ТЕГ болон Б.Хурцад төр хариуцлага тооцож, гэр бүлийнхнээс нь албан ёсоор уучлал хүсэхийг шаардаж байгаа. Монгол Улсын төр энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Франц, Бельги, Герман улсуудтай албан ёсоор холбогдож, энэ хэргийн явцыг судлан УИХ-д танилцуулах шаардлагатай байна. Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жил хоригдох ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлийнхэн нээлттэй сонсголд ирж, тайлбар өгсөн. Ц.Амгаланбаатар гэдэг хүн тагнуулынхны өгсөн чиглэлийн дагуу бусдыг хилсээр гүтгэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй байна. Иймд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбогдуулан шалгаж дуусах хүртэл Б.Хурцыг БНСУ дахь Элчин сайдаар томилох нь зохисгүй гэж үзэж байна. Мөн иргэдээс ирсэн бусад санал, дүгнэлтийг тусган Б.Хурцын томилгоог зогсоохыг хүсч байна гэжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж