УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах тодруулгыг хийлээ.
-УИХ-аас Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон ч татварт суутгуулаад 250-260 мянган төгрөг гар дээрээ авч байна. Татвар авахгүй байж болоогүй юм уу?
-Санаж байгаа бол тухайн үед бид УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхдээ төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгож, 300 мянган төгрөг олгоё гэж оруулж ирсэн. Харин УИХ урамшуулал болгож өөрчилсөн. Хуулийнхаа дагуу урамшууллаас Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Тэр дагуу татвар авч байна.
-2018 онд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар нэмэгдэнэ. Иргэдийн хувьд татварын дарамт үүснэ гэж үзэж байна?
-Энэ асуудлыг 2017 оны дөрвөн сард Засгийн газар өргөн бариад шийдсэн асуудал. Татварыг орлогоос нь хамааруулж, 10, 15, 20, 25 хувь гээд шатлалтай болгож байгаа. Гэхдээ орлогын татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр төлнө. Үлдэж байгаа 8 хувийнх нь татвар л нэмэгдэнэ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна, ирэх оноос мөн бага цалин авч байгаа иргэдийн татварын хөнгөлөлт нэмэгдэнэ. Татвараас чөлөөлөгдөх орлогын хэмжээг нэмж өгсөнтэй холбоотой юм. Инфляци, валютын ханшийн уналттай холбоотойгоор бага цалин авдаг хэсэг хамгийн их хохирч байгаа. Тийм учраас дээрх зохицуулалт хийсэн.
Хоёрт, ирэх оноос архи, тамхины ОАТ нэмэгдэхээр байгаа. Олон айл өрхийн амьдрал архи, тамхинаас болж нурж унаж байгаа. Гэмт хэрэг ч их гардаг. Энэний татварыг эсэргүүцэх хүн цөөхөн байх болов уу.
-УИХ-ын зарим гишүүд Татварын хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилна гэж байна. Энэ тохиолдолд Олон улсын валютын сан /ОУВС/-тай тохирсон хөтөлбөр зөрчигдөх үү яах вэ?
-Хэрвээ татварыг өөрчилнө гээд явах юм бол ОУВС-тай хэлцэж тохирсноосоо буцна гэсэн үг.
-Ирэх онд шинээр татвар бий болгох хуулийн төсөл санаачлах уу. Жишээлбэл, Малын хөлийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар бий болговол татварын бааз суурь нэмэгдэж, орлого өснө гэж үздэг. Энэ төрлийн татварыг бий болгохгүй бол татвар төлдөггүй нэг хэсэг хүмүүс бий боллоо?
-Татвар шинээр бий болгохгүй.
-Яагаад?
–МАН 2016 оны сонгуульд оролцохдоо шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан.
-Амлалтандаа хүрэхийн тулд ингэж байгаа юм уу?
-Одоо байгаа хуулийнхаа хүрээнд бид үйл ажиллагаа явуулах боломжтой. Эхний удаад бид Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад онцгой анхаарал тавьж, ажиллаж байна.
Нэг ёсны Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах замаар төсвийн зардлыг бууруулах бүрэн боломж байна. Өнгөрсөн хугацаанд төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад байршуулчихаад эргэж өндөр хүүтэй зээлж, асар их зардал гаргадаг байсан. Сангийн сайдаар томилогдсоноосоо хойш би арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн арилжааны банкууд дахь дансыг Төрийн санд төвлөрүүлж байна. Амаргүй байна, зарим эсэргүүцэлтэй тулж байна. Дээр нь төсвийн хөрөнгө дээр хяналт тавих ёстой. Шилэн дансны хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Төрийн сан дээр аливаа гүйлгээ хийгдэж байгаа нөхцөлд бүх гүйлгээг Шилэн дансанд тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар бүх төслүүд Шилэн дансанд бүртгэгдсэн. Өөрсдийн үрэлгэн зардлаа багасгаагүй, өөрсдөө Засгийн газрынхаа санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв болгоогүй байж, юу, юугүй татвар бий болгоно гэх нь буруу, оновчгүй. Дээр хэлсэн арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь авсны дараа дотоод өөр ямар нөөц бололцоо байна, тэрийг харъя гэсэн агуулгаар хандаж байна.
-Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад багтаасан. Энэ асуудлыг Засгийн газрын төвшинд ярилцсан зүйл бий юу?
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Сангийн яамны хувьд татварын ил тод байдлыг хангахын тулд Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, гэсэн гурван хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Монголын арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл, дансны хуулгыг татварын байгууллагаар дамжуулж ил болгох. Дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд гадаадын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээг ил тод болгож, татварын байгууллагаар дамжуулж, холбогдох улс орнуудад хүргэж байх зарчмыг Татварынхаа хууль, холбогдох хуульд оруулж өгөх учиртай юм. Энэ бүх чиглэлээр ажиллаж байна. Бид хууль эрх зүйн орчноо сайжруулаад явах нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа юм.