Шинэ Зеландад Зул сарын баярын өмнө орон даяар “Secret Santa” арга хэмжээг уламжлал болгон зохион явуулдаг байна. Тус улсын шуудангийн газраас сүүлийн долоон жилд тогтмол зохион явуулж буй энэ арга хэмжээ нь огт танихгүй хүнд шуудангаар гэнэтийн бэлэг явуулах зорилготой ажээ.
Жил бүрийн Зул сарын баярын үеэр Шинэ Зеландын иргэд нэг нэгэндээ ингэж бэлэг явуулж, гэнэтийн бэлэг авсан нь зургаа #NZsecretsanta сэдвээр нийгмийн сүлжээнд тавьдаг уламжлал тогтжээ. Харин энэ жил Шинэ Зеландын шинээр сонгогдсон ерөнхий сайд Жасинда Ардерн “Secret Santa”-аас бэлэг хүлээж авчээ. Зул сарын баярт хамгаас дуртай ерөнхий сайд Жасинда Ардернд гараар хийсэн гацуур модны чимэглэл бэлэглэсэн байжээ. Тэрбээр бэлгээ хэрхэн задалж буй бичлэгээ твиттертээ тавьсан байна.
“Secret Santa” арга хэмжээг анх 2010 оны Зул сарын баярын үеэр Элтон Уолтер твиттерт анх санаачилснаас хойш цахим хэрэглэгчид нэг нэгэндээ бэлэг илгээх болсон юм.
Шинэ Зеландын шуудангийн газраас мэдээлснээр 2017 оны “Secret Santa” арга хэмжээнд 3600 гаруй хүн оролцоод байгаа гэнэ. 2016 онд “Secret Santa” арга хэмжээнд оролцогчдын 8 хувь нь бэлэг хүлээж авахаар бүртгүүлсэн ч хариуд нь бэлэг өгөөгүй муу Санта байсан гэнэ.
Эх сурвалж: the guardian