Японы Гадаад хэргийн сайд хувийн онгоцтой болохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Японы Гадаад хэргийн сайд хувийн онгоцтой болохыг хүсэв

Японы Гадаад хэргийн сайд хувийн онгоцтой болохыг хүсэв

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно гадаад айлчлал, дипломат ажилтнуудын нөхцөлийг сайжруулах үүднээс албан хэрэгцээнд ашиглах тусгай үүргийн онгоцтой болох хүсэлтээ илэрхийлжээ. 

Японы сайдууд гадаад улс, оронд айлчлахдаа дагалдан яваа албаны хүмүүсийн хамт зорчигч тээврийн онгоцоор зорчдог байна. Харин ерөнхий сайд болон Эзэн хааны гэр бүлийн гишүүд засгийн газрын тусгай үүргийн онгоцоор нисдэг ажээ.

Таро Коно болон түүний өмнө Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Фүмио Кишида нар 2013 оноос өдийг хүртэлх хугацаанд хийсэн гадаад айлчлал нь Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн дээрх хугацаанд хийсэн гадаад айлчлалын ердөө гуравны нэгтэй тэнцэнэ гэж Коно хэлсэн байна.

Тэрбээр мөн “Япон орны үндэсний ашиг сонирхлын үүднээс авч үзвэл зорчигч тээврийн онгоцоор нисэх нь том бэрхшээл болж байна. Бид тусгай онгоц худалдаж авч болно, эсвэл түрээсэлж, лизингээр ашиглаж болно. Мөн хувийн сектороос ашиглагдахгүй байгаа онгоцыг авч ашиглаж болно. Боломжит хэд хэдэн хувилбар бий” гэжээ.

Энэ дагуу эрх баригч Либерал ардчилсан намын гадаад харилцааны хэлтсээс онгоцны асуудлыг 2019 оны төсөвт суулгах боломжтой гэх хариуг Гадаад хэргийн сайдад өгчээ. 

Таро Коно жижиг, эсвэл хуучин онгоц байх нь хамаагүй гэсэн байна. Тэрбээр өөрөө зорчигчийн багтаамж багатай ч алсын нислэгт түлш сэлбэх шаардлагатай туулах чадвар сайтай G650ER онгоцыг санал болгожээ.

Гадаад хэргийн сайд Бахрейн, Арабын нэгдсэн Эмират, Франц, Британи болон АНУ-д айлчлаад өнгөрсөн ням гаригт /2017.12.18/ эх орондоо ирсэн байна. 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж