Үе үеийнхний араншингаас ангид “Z”-үүд

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Үе үеийнхний араншингаас ангид “Z”-үүд

Үе үеийнхний араншингаас ангид “Z”-үүд

Тэдний үгийг одооны өсвөр залуу үеийнхэн тогтож сонсохгүй, сонссон ч ойлгохгүй

Ж.Төгөлдөр. 19 настай. МУИС- ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Инженерийн ангид суралцдаг. Ж.Төгөлдөр 2015 онд ЭЕШ-ын математикийн хичээлд 800 оноог 100 хувийн гүйцэтгэлтэйгээр авч чадсан. “Би ирээдүйд цөмийн инженер болж Монгол орныхоо дэд бүтцийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин болно гэж бодож, мөрөөдөн идэвхтэй суралцаж байна” хэмээн ирээдүйн зорилгоо бидэнтэй хуваалцлаа. Б.Түвшинзаяа. 17 настай. Нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Мөн Хүүхдийн урлан бүтээх төвд дүрслэх урлагийн чиглэлээр тав дахь жилдээ суралцаж буй. Олон улсын болон манайхтай хамтарсан уран зургийн уралдаануудад оролцон үргэлж медальт байр эзэлдэг. Ихэнхэд нь түрүүлсэн гэхэд болно. Бас хайчилбар, хөрөг зураг зурж, хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олдог. Тэрбээр “Сүүлийн үед гоо сайхны салон болон арьс арчилгааны бүтээгдэхүүний интерьер, дизайнд нийцсэн уран зургийн захиалга ихтэй байгаа” хэмээн ярьж байна. Ирэх 23-ны өдөр “Хувь хүний тогтвортой хөгжил” ТББ-тай хамтран “Хүүхэд нас руугаа буцахуй” буюу “Back to the childhood” сургалт уулзалтыг үе тэнгийнхэндээ зориулан зохион байгуулах гэж байгаа аж. Энэ талаараа “Хайртай хүмүүстээ шинэ жилээр бэлэг болгон өгч болох уран бүтээл хэрхэн туурвихыг би зааж өгөх гэж байгаа юм” гэв. Зөвхөн өөрсдийгөө гэх нь үе үеийнхний араншин юм даа.

Тэдний буруу ч гэж юу байхав. Бүх насныхан дор бүрнээ “би мундаг” болох гэж хань татахын эрхэнд “Одооны энэ хүүхдүүдийн байгаа царайг”, “…Бид багадаа…” гэцгээн өмнөх хойдох үеүдээс өөрсдийгөө дөвийлгөн ярих дуртай. Одоо бол чөмгөө барсан, амаараа илүү ажилладаг үе үеийн “алтан хараацай”-нууд нь энэ үгийг сонсоход хүзүүгээ маажуулж буй үхэр аятай тун тааламжтайгаар харилцан биесээ магтаад л. Гэвч тэдний үгийг одооны өсвөр залуу үеийнхэн тогтож сонсохгүй, сонссон ч ойлгохгүй. Яагаад гэвэл одоо “Шинэ мянганыхан” өнгөрөөд “Z” үеийнхний эрин эхэлчихээд явж байна. Та үүнд бэлэн ч бай, үгүй ч бай “Z” үеийнхэн буюу “Linksters” (төрснөөсөө хойш технологитой салшгүй холбоотой байсан учраас энэ нэрийг авчээ) хэмээн нэрлэгдээд байгаа 1998 оноос хойш төрсөн хүүхдүүд эхнээсээ нас биед хүрээд эхэллээ. Харин шинэ мянганыханд 1981-1998 онд төрсөн хүмүүсийг хамруулан, үргэлж ажил ба зорилгоо өөрчилж байдаг сэхүүн зантай, залуухан саятан хэмээн олон улсад тодорхойлдог аж. Тэгвэл “Z” үеийнхэн гэж хэнийг хэлэх вэ. Энэ үеийн төлөөлөгч нь Ж.Төгөлдөр, Б.Түвшинзаяа нар. Тэдний үеийнхэн 2020 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэгийг эзлэх болно. Тиймээс “Z” үеийнхэн амьдралаас яг юу хүсдэг, өмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай болохыг одооноос эргэцүүлж эхлэх хэрэгтэй юм.

  • Энэ үеийнхэн бол ухаалаг хэрэглээ, интернетийг төгс эзэмшигчид.
  • “Z” үеийнхэн илүү даяаршиж, эх оронч ба үндсэрхэг үзлээс холдсон байдаг.
  • Одоо тэд ямар нэгэн түргэн хоолны газар, өөрийн нас биенд тохирсон ажил хийе гэхийн оронд цахим ертөнцөд ямар нэгэн шинэ старт-ап компани нээхийг илүүд үздэг болсон.

Гэхдээ Монголд энэ талаар идэвхтэй судалдаг субьект байхгүй аж. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд Харвардын их сургуульд сурч байхдаа бичсэн өгүүлэлдээ “Энэ үеийнхэн бол ухаалаг хэрэглээ, интернетийн өвч бүрэн хэрэглээг төгс эзэмшигчид. Тэд төрөөд хэлд орж амжаагүй байхдаа л эцэг эхийнхээ ухаалаг утсыг гар хуруугаараа чадамгай оролдож дөнгөнө. Тэдний үед технологийн үсрэнгүй хөгжлүүд ердийн амьдралын хэв маяг болно” хэмээн бичсэн байв. ТЭД ШУУД КОМПАНИ БАЙГУУЛАХЫГ ХҮСДЭГ Хүн төрөлхтөн үе үедээ өөрийн гэсэн онцлогтой бас нэртэй байсан. 1930-1950 оныхныг “GI-GENERATION” буюу “Аугаа үеийнхэн” гэж нэрлэдэг бол, “GENERATION- X” буюу “Х үеийнхэн”-д 1960-1980 оныхон хамаарна. Харин “GENERATION-Y” буюу “Millennial Generation” 1980-2000 оныхныг хамруулж, 1998 оноос хойших нь GENERATION-Z” буюу “iGen эсвэл Post Millennial”- д хамаарна. 2020 он хүртэл төрөгсөд “Z” үеийнхэнд хамаарна гэж судлаачид хэлж байгаа юм. АНУ-ын Robert Half агентлагийн гаргасан судалгаанд дурдсанаар шинэ мянганыхантай харьцуулбал “Z” үеийнхний дунд “Интернет донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг. Мөн тэдний 40 хувь нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ эрэлхийлдэг гээч. Нийт 50 оронд хийгдсэн судалгаанаас харахад дээр дурдсан бүхнээс хамааран “Z” үеийнхэн илүү даяаршиж, эх оронч ба үндсэрхэг үзлээс холдсон байдаг байна. Мөн энэ үеийнхэн өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцож, нийтлэг сонирхолтой байдаг аж. “Z” үеийнхэн эдийн засгийн хямралын үед төрсөн учир карьер ба мөнгөний тал дээр хэтэрхий их мөрөөдөлгүй.

Гэхдээ бие даасан. Энэ насныхны 70 гаруй хувь нь өөрийн гэсэн компанитай болохыг мөрөөддөг гэвэл ямар сонсогдож байна. Америкт өсвөр наснаасаа ажил хийж, санхүүгээ өөрөө хариуцах нь олонтаа. Зуны амралтаараа “MсDonalds”-д ажиллаж буй тухай Америкийн олон кинонд гардаг. Тэгвэл одоо тэд ямар нэгэн түргэн хоолны газар, өөрийн нас биенд тохирсон ажил хийе гэхийн оронд цахим ертөнцөд ямар нэгэн шинэ старт- ап компани нээхийг илүүд үздэг болсон аж. Яагаад гэвэл тэд өөрсдийн гэсэн бизнес босгож, амжилтад хүрэхийг хүсэж байна. ИРЖ ЯВАА ЦАГИЙН ӨНГИЙГ МЭДЭРЬЕ Ерөнхийдөө нийгмийн олон салбарт энэ үеийнхэн хийморьтой, цог золбоотой болчихсон. Эхэнд өгүүлсэн хоёрхон жишээн дээр эргэлзэж, анзаарах хэрэггүй. Цаана нь ярайх бусад олон жишээ, ололт амжилтуудыг нэг амьсгаагаар багтаах боломжгүй тул түр орхихоос өөр аргагүй. Харин энэ сарын 5-наас 9-ний хооронд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000 ам.долларын шагналын сантай тэмцээнийг энд онцолъё. Нийт 320 тамирчин 10 төрлөөр өрсөлджээ. Энд манай тамирчид насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд таван дээд амжилтыг шинэчилжээ. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хоёр амжилт Гиннесийн номонд бичигдэхээр болсныг Монголын хэвлэлүүд хангалттай мэдээлсэн. Дээр нь 100.000 мянган ам.долларын багагүй хэсгийг шагнал болгож авсныг хэлэх хэрэгтэй. Монголд статистикийн ойлголтоор 2010-2030 онд хүн амын “цонх үе” нээгдээд байгаа. Энэ жилүүдэд залуусын нийгэмд гүйцэтгэх үүрэг хамгийн их байна гэсэн үг. Тэдний өмнө тулгамдах асуудал ч нийгмийн зонхилох сэдэв байх болно. Тиймээс одооноос шийдвэр гаргаж, бодлого боловсруулах түвшинд ирж яваа шинэ үеийн өнгийг мэдрэх шаардлага үүсч байна.

Эх сурвалж: "засгийн газрын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж