Хадмууд, хамаатан садан, найз нөхөд гээд хэнд ч хэлсэн миний л буруу болдог
2017.12.16. Түр хамгаалах байр. Нэг давхар, хуучны энэ байшинд ормогц хүүхдүүдийн цовоо цолгиун дуу угтан авлаа. Төрсөн аав, хойд эцгийнх нь харгис авир, балмад үйлдлийг нь тэсэж дийлэхээ байгаад гэрээсээ аргагүйн эрхэнд дайжсан ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд төрийн хамгаалалтад ороод буй нь энэ аж. Хамгаалуулагчдын байранд гаднын хүн байтугай түр хамгаалах байрны захиргааны ажилтнууд ч орохыг хориглодог тул хүүхдүүдийн нас, төрх байдлыг харах боломж олдсонгүй. Энэ газрын талаарх анхны сэтгэгдлийг минь саяхан зассан сүлд мод, хар бараан үеэ түр ч атугай мартсан хүүхдийн инээд үлдэн хөөв. “Өнөөдрийн байдлаар манайд дөрвөн эмэгтэй, хүүхдүүдтэйгээ нийлээд арав гаруй хүн байна” хэмээн түр хамгаалах байрны алба хаагчид ярилаа.
Гэхдээ хоёр эмэгтэй нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ)-өөс ирсэн аж. ХЭҮТ-ийн байрны засвар дуустал тэд энд түр байрлана. Нийгэмд хандан хүчирхийллийг зогсоох цуврал сурвалжилга бэлтгэх зорилгоор тус төвийн үйлчлүүлэгчидтэй уулзах хүсэлтээ урьдчилан мэдэгдсэн тул биднийг саатуулсангүй, шуудхан л уулзалтын өрөөнд оруулав. Саарал ханын цаастай, жижигхэн энэ өрөө хамгаалал хүссэн эмэгтэйчүүдийн өрөөний эсрэг талын жигүүрт байрладаг. Ширээ сандал, гурван хүнд зориулсан буйдангаас өөр хогшилгүй тэрхүү өрөөнд бид эрчүүдийн харгис хэрцгий авирын золиос болж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон бүсгүйчүүдийн нулимстай үг, гашуун түүхийг нь сонссон юм. Бидэнд дөрвөн бүсгүйн хоёр нь л ярилцлага өгөхийг зөвшөөрлөө. Харин нөгөө хоёр нь сэтгэлээ уудлахыг хэдий хүсэвч гэрийнхнээсээ айж байгаагаа хэлсэн. Бага насны хүүгээ хөтөлсөн 40 орчим настай болов уу гэмээр эмэгтэй “Хадмуудаасаа айгаад байна” хэмээн хэлэхэд хоолой нь чичирч байсан юм. Урд шөнө нь тус байранд ирсэн түүний талаар “Одоо хүртэл цочролоосоо гарч чадаагүй байгаа” гэж төвийн алба хаагчид нь тайлбарлав. Орон нутгаас ирсэн өөр нэг ахимаг насны эмэгтэй түүнтэй ижил шалтгаан хэлсэн юм. Бидэнд тэднийг албадах эрх байхгүй.
ТАРЧИЛЖ БАС ТЭВЧИЖ ӨНГӨРҮҮЛСЭН 13 ЖИЛ
Ярилцахыг зөвшөөрсөн эхний эмэгтэй “Би нөхөртэйгээ гэрлээд 13 жил болж байна. Анх гэр бүл болох үед нөхөр маань ааш зан сайтай, боловсролтой, төлөв даруу нэгэн байсан. Харин нэг гэрт орж, анхны хүүхдээ гэдсэндээ тээсэн цагаас л нөхрийн маань жинхэнэ төрх илэрч, би зодуулж эхэлсэн” хэмээн яриагаа эхлэв. Гэрээсээ зугтаж гараад ХЭҮТ-д жил орчим амьдарсан тэрбээр үргэлж инээмсэглэх нь анхаарал татна. Түүний гуниг зовлонг цаг хугацаа эмчлэн мартуулж байна уу эсвэл өөрөө мартахыг хичээж байна уу гэлтэй. Харамсалтай нь, ийм хялбар дүгнэлт хийж болохгүй аж. Тарчилж бас тэвчиж өнгөрүүлсэн 13 жил, арга барагдсан өдрүүдээ нэхэн ярихдаа амнаас нь гарч буй үг өгүүлбэр бүр нь эмх цэгцгүй, гараа өөрийн мэдэлгүй толгойн тушаа байн байн савчуулна. Хөлөө хавчиж, нуруугаа атийлган суух түүний ярианаас “найдвар нэгэнт бөхсөн” гэдгийг нь түвэггүй ойлгохоор. “…Би 36 настай. Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Сургуульдаа үргэлжлүүлэн магистрт тэтгэлгээр суралцах урилга хүртэл гардан авч байлаа. Гэхдээ нутагтаа буцаж, хувиараа бизнес эрхэлж, дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Манай нөхөр Удирдлагын академийг төгссөн. Ээж нь эмч, аав нь сумын Засаг дарга. “Засаг даргын хүүтэй суучихлаа, одоо ч жаргах байх даа” гэж би эхэндээ баярладаг байлаа. Гэтэл эсрэгээрээ. Амьдрал минь там болсон. Үргэлж зодуулдаг учир сэтгэл санаагаар унаснаас болж эхний хүүхдээ кесар хагалгаагаар төрүүлсэн. Хагалгааны өрөөнөөс дөнгөж гараад хүүхдээ амлуулахаар сууж байтал нөхөр өрөөнд орж ирэнгүүтээ шууд л баруун талын хацар руу ухаан баларттал цохисон” гэлээ. “Тэр олон жилийн зодуур тамлалтаас хамгийн аймшигтай нь байсан” гэж хэлэхдээ зовхио буулган, дуугаа хэсэг хураав.
Хэдэн мянган эмэгтэй энэ нийгэмд чимээгүйхэн зовж байгаа бол
-Танай нөхөр яагаад ийм авир гаргадаг юм бол. Ямар ч шалтгаангүйгээр танд гар хүрдэг үү?
-Удмын юм билээ. Мөн архидалт, гэр бүлээс гадуурх замбараагүй амьдрал, ажилгүй байсан нь ч нөлөөлсөн байх гэж боддог. Согтуу ирэх бүртээ гэр орныхоо тавилгыг эвдэлж хэмхлэн, биднийг зоддог. Маргааш өглөө нь хэлэхээр “Би тийм чанга цохиогүй биз дээ? Яалаа гэж би тэгж хэлэх вэ” гэж өөрийгөө өмөөрдөг. Үнэндээ надад яг тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг ханддаг байсан. Энэ бүхэн миний сэтгэцэд нөлөөлж, сэтгэл түгших, шалтгаангүй айх, сандрах эмгэгтэй болчихсон. Үүнээс болж саалийн үнээ шиг л сүүтэй байсан хөх маань нэг сарын дотор юу ч үгүй ширгэчихсэн. Хамгийн харамсалтай нь, хүүхдүүдэд минь нөхрийн талын догшин зан ааш ажиглагддаг болсон. Тэд маань энгийн үедээ их томоотой. Харин уурлахаараа танигдахын аргагүй болдог.
-Хамгаалах байранд хэзээ ирсэн бэ?
-ХЭҮТ-ийн байранд энэ намраас хойш байрлаж байгаад түр хугацаанд энд ирсэн. Гурван хүүхэд минь надтай хамт энд байгаа. Том хүү минь 12 настай.
-Та энэ олон жил гэр бүлийн хүчирхийлэл дор амьдрахдаа хууль хяналтын байгууллага, үгүй ядаж өөрийнхөө талын төрөл төрөгсдөдөө хэлж байгаагүй гэж үү?
-Хадмууд, хамаатан садан, найз нөхөд, ураг төрөл гээд хэнд ч хэлсэн эцэстээ намайг л буруутгадаг. “Нөхрөө жаргааж чадаагүй, арчаагүй хүүхэн. Ийм сул дорой байж эртхэн салах чинь яасан юм” гэж намайг буруутгаж, доромжилдог. Зарим нь намайг хөдөө гэр рүүгээ яваач гэдэг л юм. Тэнд ядарсан хөгшин ээжээс өөр хүнгүй. Ядаж л намайг хамгаалах 102, 103 байхгүй шүү дээ. Би шөнийн цэнгээний газраар хэсэж, өөр хүнтэй харилцаа тогтоож эсвэл дагавар хүүхэд дагуулаад ирсэн бол намайг зодох шалтгаан юм байна гэж хэлэхсэн. Гэтэл би нэг ч удаа амьдралын замаас хазайсан үйлдэл хийж үзээгүй.
-Яагаад цагдаагийн байгууллагад ханддаггүй юм бэ?
-Үнэндээ цагдаад хэлвэл бүр их зануулж, алуулчих байх гэж айсаар яваад өдийг хүрлээ. Хоёр, гурван удаа л цагдаад өгсөн байх. Эрүүлжүүлэгдээд л гараад ирнэ. “Чи намайг түлхвэл би гудамжинд гарна. Чи л намайг авар. Ахиж зодохгүй. Хүн шиг амьдарна” гэж амлахад нь эхэндээ сэтгэл уярдаг байлаа. Хайрлаж, дурлаж суусан болохоор “Нээрээ ч тийм юм уу” гэж явсаар эцэст нь өөрөө аврал эрээд сууж байна. Бас хүүхдүүдээ шоронгийн хоригдлын хүүхдүүд гэж хэлүүлэхээс айдаг.
-Хамгаалах байранд ирье гэсэн бодол хэзээ төрсөн бэ?
-Өнгөрсөн жилийн яг өдийд. Нөхөр нэг шөнө “Очиж байна” гэж утсаар ярьсан юм. Зугтаах гэхээр дандаа зодуулснаас болоод энд тэнд очоод ухаан алддаг болчихсон байсан үе. Орж ирэнгүүтээ л миний хөмсгийг сэт цохиж, тэрүүгээр нэг цус болсон. Хүүхдүүд орилж байсан шиг санагддаг. Цус хараад улам бүр догширч, “Чамайг ална” гээд над руу дайрсан. Тэр үед “За ингээд л үхдэг юм байж” гэж бодогдсон. Мэддэг бурхандаа залбирсан. Аз болж түрхэн зуур унтсан хойгуур нь гурван хүүхдээ аваад гэрээсээ зугтаасан. Хүн цагаа тулахаар идэр есийн хүйтэнд ч амиа аврахын тулд хүүхдүүдээ шалдан нүцгэнээр нь хөнжилд ороогоод зугтдаг юм билээ. Ингэж гэрээсээ явснаас хойш бүтэн жилийн хугацаа өнгөрчээ.
-Сэтгэцийн өөрчлөлтөд орохоос гадна таны биед ямар гэмтэл учирсан бэ?
-Гурван жилийн өмнө нүдэндээ цохиулаад группт орсон. Баруун талын нүд маань дүрс ялгах төдий л хардаг. Хүний нүүр царай, төрхийг сайн ялгаж чаддаггүй. Нэг нүднийхээ булангаар л чиглүүлж харна. Баруун нүдний торлог бүрхэвчинд том хэмжээний цууралт үүссэн. Харин зүүн нүдний хамар нүдийг тусгаарладаг хананы яс нь гурван сантиметр хэртэй цөмөрсөн. Хагалгаанд орж, хиймэл ухархай суулгах талаар судалсан ч бүрмөсөн хараагүй болох магадлал өндөр байдаг гэнэ лээ. Тиймээс хувь заяандаа даатгаад л явж байна. Би гэрлэлтээ цуцлуулж, хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандсан байгаа.
Ирээдүйд миний амьдрал яах бол, үр хүүхдүүд маань өсч том болоод ямар хүн болох бол гэж айсандаа хүчирхийллийг тэвчиж явсаар эцэстээ сэтгэцийн эмгэгтэй болсон энэ эмэгтэйн амьдрал цаашид хэрхэх бол. Хөөрхий бүсгүйг хамгаалах байранд байгааг мэдсэн нөхөр нь “Мэдрэл нь муудчихсан байх аа. Тэнд юугаа хийдэг байна аа” хэмээн хамаатан садан, найз нөхөд, танилууддаа ярьж, эхнэрээ буруутгаж яваа гэх. Хүний охин үрийг хайрлан хамгаалж, жаргаана гэж суучихаад архинд толгойгоо мэдүүлж, амьдралд бууж өгсөн олон эрчүүдийн нэг төлөөлөл нь тэр. Сул дорой, арчаагүй байдлаа орон гэртээ, охид бүсгүйчүүдэд, нялх үрсдээ гаргаж байгаа нь үнэндээ жигшмээр. Эр нөхрийнхөө гарын шүүс болж, эргээд очих аав, ээжгүй тэдэнд бүлтгэр үрсээ хөтөлсөөр хамгаалах байранд очихоос өөр зам үгүй билээ.
ЗОДУУЛАХАД ЯМАР АЙМАР ӨВДДӨГ ГЭЭЧ
Бидэнд амьдралаа дэлгэж, сэтгэлээ уудалсан хоёр дахь эмэгтэй мөн л гурван хүүхэдтэй. 40 орчим насны тэрбээр сөөнгө хоолойгоор “Үүдэнд тамхи татчихаад оръё” гэв. “…Би ажил хийхээр 2001 онд хөдөөнөөс хотод ирж, барилга дээр ажиллах болсон. Тэр үед нөхөртэйгээ танилцсан. Гэр бүл болоод удаагүй байтал хадмууд надаас үргэлж өө хайн, үгээрээ дарамтлах болсон. Сүүлдээ нөхөр болон тэдний талын хамаатнууд архи уух бүртээ манай гэрт орж ирэн сандал, ширээ хүртэл над руу шиддэг болсон. Тэр битгий хэл нөхрийн хүргэн ах нь намайг хүчирхийлсэн. Бас нөхрийн ах, дүүгийн өсвөр насны хөвгүүд нь ч намайг зоддог боллоо. Тэгээд л би хүний гарт алуулснаас яаж ийгээд холдъё гээд хүүхдүүдээ аваад зугтсан юм. Зодуулахад ямар аймар өвддөг гээч” хэмээн нулимс дуслуулан ярилаа. Тэрбээр ХЭҮТ-д байрлаж байгаад хүүхдүүдтэйгээ түр хамгаалах байранд саяхан иржээ. Гэвч хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэг холдож, хичээлд нь явуулж чадахгүй байгаа аж. Нөхрийнх нь талын хамаатнууд түүнийг зодож дарамтлахаас гадна хүүхдүүдийг нь хүртэл ад үздэг байж. Том хүү нь ээжийгээ дагаж ирсэн учир хамгийн ихээр гадуурхагдана. Нялх байхаасаа аав ээжийгээ алдаж, авга эгчийндээ үрчлүүлэн мал дээр өссөн бүсгүйн амьдрал анхнаасаа л бартаа саад ихтэй байж. Өнчин үлдсэн түүнийг сургуульд сургаагүй тул одоо ч бичиг үсэг мэдэхгүй. Анхны нөхөр нь зуурдаар нас барж, балчир хүүгээ хөтөлсөөр хот газар бараадсан тэрбээр энэ нөхөртэйгээ анх учрахдаа “Одоо л нэг хүн шиг амьдаръя” хэмээн бодож байжээ.
Гэвч гэгээн сайхнаар төсөөлсөн амьдрал нь бүхэлдээ түнэр харанхуйгаас ч хар байх юм гэж мэдсэнгүй хэмээхдээ ихэр татан уйлсаар байлаа. Хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг. Аав нь ээжийг нь зодох бүрт айж хургадаг байсан хүү заримдаа ээжийгээ буруутгах болжээ. “Би хэний хүүхэд юм, намайг яах гэж төрүүлж байгаа юм гэж намайг буруутгаж, энгэрээс заамдсан тохиолдол ч бий. Ангийнхаа хүүхдүүдтэй муудалцахаараа ширээ цохиод босоод ирдэг гэж багш нь хэлсэн” гээд тэрбээр уртаар санаа алдав. Дөрөвдүгээр ангийн сурагч эл хүү нь өмссөн хувцаснаасаа эхлээд үеийнхэндээ шоолуулах үе зөндөө гэнэ. Гэртээ хоолгүйгээс гэдэс нь байнга хонхолзож, улсаас өгдөг үдийн хоолноос жаахан нэмээд идье гэхээр бас л хүүхдүүд өлөн зэлмүүн, өлсгөлөн гуйлгачин гэж шоолдог аж. Үүнээс болж хүү хичээлдээ дургүй болж, PC тоглоомд донтож эхэлжээ. “…Би хоёр удаа мэс засалд орсон. Намайг мэс засалд ороод, эмнэлэгт хэвтсэн хойгуур хүүхдүүд хоолгүй хоносон юм билээ. Өлссөнөөсөө болоод том хүү маань хоёр ч удаа дэлгүүрээс юм хулгайлсан байсан. Уг нь хүүхдүүдэд харж хандах эцэг, эх байх ёстой.
Гэтэл нөхөр өөрөө ажил хийхгүй, намайг ч хардаад хийлгэхгүй. Хичээлийн шинэ жилээр хүүхдэдээ ганц хоёр хувцас авъя гэсэн 200 мянган төгрөгөө архи ууж зодоон хийсэн нөхрийгөө эрүүлжүүлэхээс гаргаж, зодуулсан талд хохирлыг нь төлж байхдаа би хүүхдүүдээ маш их өрөвдсөн…” гээд хоолой нь дахин зангирав. Харин одоо сэтгэлийг нь зовоосон том хүүгийнх нь зан байдал дээрдэж байгаа аж. “Гэрээсээ явснаас хойш хүү минь надтай тайван ярьж, дүү нараа харж өгдөг болсон” гээд инээмсэглэх нь сайхан амьдрах найдвараа нэг мөр алдаагүйн илрэл болов уу гэмээр. Тэрбээр хамгаалах байранд өөртэй нь ижил зовлонтой нэгэн настай эмэгтэйтэй нийлж гоёл чимэглэл, ээмэг зүүлт урлаж, зарах болжээ. Олсон мөнгөөрөө хүүхдүүддээ амттан, хичээлийн хэрэглэл, хувцас авч өгдөг аж. “Гэр бүлээ цуцлуулсны дараа ХЭҮТ-өөс надад гэр, газар олгоно гэсэн. Би хүүхдүүдийнхээ сургуулийг сольж, өөрөө ажил хийгээд амар тайван амьдарна” гээд тэрбээр яриагаа дуусгалаа. Ердөө хоёрхон бүсгүйн амьдралыг сонсоход л дааж давшгүй их зовлон цээжинд хуралдаж, сэтгэл өвдөнө. Эр нөхөртөө зодуулж, дарамтлуулж, хадмууддаа ад үзэгдэж, хэн ч биш мэт амьдарч буй хэдэн мянган эмэгтэй энэ нийгэмд чимээгүйхэн зовж байгаа бол. Үхтэл үр харам хэмээн санаж, тэднийхээ төлөө өөрийгөө золиослож, дуслах нулимсаа чимээгүй арчиж, дуугарах амаа гараараа таглаж байгаа бүсгүйчүүдэд итгэлийн гэрэл хэрэгтэй байна. Ийн бодсоор бид Түр хамгаалах байрнаас гарах үед жихүүн салхитай ч, үдийн наран ээж байсан юм. Очиход хялмаалж байсан шинэхэн цас бударсаар гишгэсэн мөрийг хэдийнэ арилгажээ. Харин дотор үлдсэн хүүхэд эмэгтэйчүүдийн даарсан сэтгэлийг хэн дулаацуулж, зовлон шаналлыг нь яаж арилгана даа гэсэн бодол эрхгүй төрлөө.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" сонин