Цаазын ялыг сэргээвэл олон улсын гэрээг зөрчих үү?

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

VS

Цаазын ялыг сэргээвэл олон улсын гэрээг зөрчих үү?

Цаазын ялыг сэргээвэл олон улсын гэрээг зөрчих үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх ёстой гэж үзэн, энэхүү саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд буй.

Гэвч Монгол Улс 2012 оны гуравдугаар сард Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай протоколд нэгдэн орсон байдаг. Ийм байтал цаазаар авах ялыг сэргээхээр оролдох нь олон улсын хуулиар хүлээсэн үүргээ Монгол Улс шууд зөрчсөн хэрэг болно гэдэг асуудал хөндөгдөж буй.

Эл асуудлыг хөндөж, VS буландаа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарын байр суурийг онцоллоо.

Ж.Бямбадорж

Г.Уянга

Иргэний болон улс төрийн эрхийн пактыг НҮБ-аас 1966 онд баталсан байдаг. 1974 онд Монгол Улс соёрхон баталсан байдаг юм. Энэ пактад нэмэлт протокол оруулсан нь НҮБ-ын гэрээ конвенцид өөрчлөлт оруулахад нэмэлт протокол гэдгээр оруулдаг.

Тэнд орсон нэмэлт протокол дээр цаазаар авах ялыг улс орнууд халах тухай байдаг. Үүнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон. Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар бол гэрээ конвенцид нэгдэж, соёрхон баталсан бол дотоодын хууль тогтоомжийн нэгэн адилаар даган мөрдөх үүрэгтэй байдаг.

Хэрэв цаазаар авах ялыг сэргээнэ гэвэл ухралт. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан нийгэмтэй улс орон бүр НҮБ-ын конвенцид нэгдсэн. Нэгдсэн учраас цаазын ялаас татгалзсан. Цаазаар авах асуудал бол маш хурдан гүйцэтгэчих үйлдэл шүү дээ. Учир нь хүн бол нийгмийн амьтан. Нийгмээс тусгаарлаад ирэхээр удаан амьдрах ч сонирхолгүй болдог. Тэгэхээр бүх насаараа хоригдоно гэдэг бол өөрөө нэг талдаа цааз юм. Цаазын ялын учир холбогдлын талаар яривал маш олон зүйл ярина л даа. Тэгэхээр үнэхээр ийм шийдвэр гаргах бол сайн судалж, ул суурьтай хандаж байж гаргах ёстой. Би нэг жишээ хэлэхэд хэрэв С.Зоригийн амь насыг хөнөөсөн Амгаланбаатар гэгч этгээд таксины жолоочийг бүрэлгэсэн хэргээр цаазын ял авсныг нь тэр даруй гүйцэтгэсэн бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байх магадлалтай байсан. Нөгөөтэйгүүр, цаазын ялыг ярихтай зэрэгцээд хэлмэгдүүлэлтийн асуудал ч сөхөгдөнө.

Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд цаазаар авах ял хүчин төгөлдөр хэвээр байсаар атал 2010 оны нэгдүгээр сарын 14-нд тухайн үеийн Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэж мэдэгдсэнээрээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн. Бид бүхний дээр Үндсэн хууль байдаг, түүнд нийцүүлж бусад хуулийг гаргадаг. Төрийн тэргүүн нь мөрдөхгүй бол хэн мөрдөх вэ. Бид бүх нийтээрээ дагаж мөрдөх ёстой зарчим, хэм хэмжээ бол Үндсэн хууль.

Монгол Улс цаазаар авах ялыг хоёр ч удаа халсныхаа дараа буцаан хэрэглэж байж. 1953 оны наймдугаар сарын 5-ны Алах ялыг өөрчлөх тухай 96 дугаар зарлигт “БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдээс энх тайван цаг үед алах ялыг хойшид хэрэглэхийн хэрэггүй гэж үзнэ” гэж бичсэн байна. Гэвч эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, онц хүнд, харгис гэмт хэрэг нэмэгдсэний улмаас халснаасаа хойш нэг жил дөрвөн сарын дараа 1954 оны зургадугаар сарын 9-ний АИХ-ын тэргүүлэгчдийн 67 дугаар зарлигаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай егүүтгэсэн гэмт хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтоож, цаазаар авах ялыг сэргээсэн байдаг.

Гэрээ, протоколоос татгалзах шаардлага, тайлбараа гишүүн орнуудад хүргүүлээд гурван сараас багагүй хугацаанд нэг ч оролцогч татгалзлаа илэрхийлээгүй бол мэдэгдэл илгээсэн тал санал болгосон арга хэмжээгээ хэрэгжүүлэх эрхтэй. Аль нэг оролцогч татгалзвал НҮБ-ын дүрэмд заасан бусад аргаар зөвшилцөх боломжтой гэж дүрэмдээ заасан юм байна. Ер нь цаашид улс орондоо хэрэгжүүлэх шаардлагатай аливаа хууль батлах, хэм хэмжээ тогтоохдоо бусдын хамааралд орохгүй байхын тулд олон улсын гэрээ, конвенцод нэгдэхдээ сэтгэл хөдлөлөөр биш, судалгаатай, үндэслэлтэй хандаж байх шаардлагатай тухай Ерөнхийлөгч хэлсэн. Олон улсын тавцанд Монголын нэр хүнд конвенцод нэгдсэн, гарсан, эсэхээс илүү улс орноо хэрхэн авч явж, ард иргэдээ яаж амьдруулж байгаагаар хэмжигдэнэ. 

 

Бэлтгэсэн Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж