Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна.
Өглөөний 09.30 цагт эхэлсэн Их суудлын хуралдаан 10.30 цагийн үед мэтгэлцэх шат руу шилжсэн ч УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй учраас зөвлөлдөх шат руу шилжлээ. Ингээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг 12.00 цагт уншиж танилцуулах аж.
Онцлоход, 2013 онд дээрх асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гомдол ирж Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн, шийдвэрээ гаргаж байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж шийдвэрээ гаргаж байсан аж. Харин энэ удаад дахин дээрх гомдлыг Цэц хэлэлцсэн тул Их суудлын хуралдаанаараа хэлэлцсэн аж.
Т.НОМИН