АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдлын шинэ стратегидээ Хятад болон ОХУ-ыг дайснаа хэмээн цоллосон байна. Харин Хятадын эрх баригчид үүнийг “Хүйтэн дайны хэнээрхэл” хэмээн хариу буруутгажээ. Трамп үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги баримт бичигтээ “Хятад, ОХУ хоёр АНУ-ын их гүрний байр суурийг эзлэх зорилготой нь тодорхой байна” хэмээн дурджээ.
Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин мэдэгдэлдээ ‘Бид АНУ-аас Хятадын стратеги бодлогыг мушгин гуйвуулахаа зогсоож, үеэ өнгөрөөсөн хүйтэн дайны хэнээрхлээсээ салахыг шаардаж байна” хэмээжээ. ОХУ мөн Хятадын нэг адилаар АНУ-ын шинэ стратеги бодлогын агуулгыг заналхийлсэн утгатай импералист шинжтэй хэмээн шүүмжилжээ.
Трампын прагматик хандлага
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегид Хятад, ОХУ-ыг АНУ-ын дайсан гэж тодорхойлсноос гадна дэлхийн эдийн засгийн хараат, шударга бус болгохоор оролдож, цэрэг армийн хүчээ бэхжүүлэн, хэвлэл мэдээллийг хянаж, нөлөөний хүрээгээ тэлэхийг хичээж байгаа’-г дурджээ.
Түүгээр зогсохгүй Хятад, ОХУ-ыг тус улсад аюул заналхийлсэн боловсронгуй зэвсэг бүтээж, АНУ-ын хэдэн зуун тэрбумын үнэ бүхий оюуны бүтээлийг хулгайлан, АНУ-ын давамгайллыг үгүй хийхээр санаархаж буй тухай ч оруулсан байна. Хятадын төрийн өмчит компаниуд төв Америкт төдийгүй Европт шударга бус худалдаа явуулж, гол үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж байгаа нь зээл, хөрөнгө оруулалтын цалмаар урхидаж буй хэрэг гэсэн байна.
АНУ үүнээс өмнө ч бас Хятадыг тус улстай явуулж буй гадаад худалдаанд шударга бус давуу тал бий болгож, өөртөө ашигтай, өрөөлд хохиролтой үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байсан ч үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид энэ талаар дурдсан нь түншиднь таалагдаагүй байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп эхлээд Флорида дахь гольфийн клубт хамт гольф тоглохдоо, дараа нь Бээжин дэх Хориотой хотод зоог барихдаа Хятадын дарга Си Жиньпинд хоёр орны найрсаг дотно харилцаа шинэ шатанд гарч буйг далим гарах болгонд хэлж байсан билээ.
Харин одоо Хятад-АНУ-ын харилцааг тодорхойлох албан ёсны тодорхойлолт нь түнш биш дайсан болж хувирчээ.
Нөгөө талаар энэ бол цэрэг армийн хүчээ бэхжүүлж, төрийн өмчит компаниудаар дамжуулан гадаад улс орнуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, нөлөөгөө ихэсгэж буйгаа нуухгүй байгаа Хятадад өгч буй АНУ-ын тов тодорхой мессеж юм.
АНУ, Хятадын гадаад худалдааны алдагдал сүүлийн жилүүдэд улам нэмэгдсэн нь хоёр орны харилцаанд сэв суухад хамгийн их нөлөөлсөн. Үүний нэг нь Барак Обамаг ерөнхийлөгч байхад дэгдсэн хөнгөн цагааны асуудал юм. Хятадын засгийн газар дотоодын банкуудаар дамжуулан хөнгөн цагаан үйлдвэрлэгчдэд бага хүүтэй зээл өгч, АНУ-ын хөнгөн цагааны зах зээлийг хямралд оруулсан хэргийг Трампын засгийн газар шалгуулж байгаа ажээ. АНУ хөнгөн цагааны зах зээлийг нь сүйрүүлсний хариуд Хятадын гангийн экспортод дээрхтэй адил арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн юм.
АНУ үндэсний аюулгүй байдлын стратеги бодлогодоо Хятадыг эдийн засгийн алуурчин гэж тодорхойлох тухай яриа гарсан ч ийм зүйл болсонгүй.
Трамп шинэ стратегийн бодлогоо танилцуулахдаа АНУ ОХУ, Хятад хэмээх хоёр өрсөлдөгчтэй эдийн засгийн өрсөлдөөний шинэ эринд шилжиж байгааг дурдсан байна.
Тэрбээр эцэст нь ”АНУ өрсөлдөгчидтэйгээ сайн түншийн харилцаа тогтоох ёстой” гэжээ. Трамп үндэсний аюулгүй байдлын стратегийн дөрвөн тулгуур нь улсын аюулгүй байдлыг батлан хамгаалах, Америкийн хөгжил дэвшлийг сурталчлах, Америкийн сүр хүч, нөлөөг бэхжүүлэх, энхтайвныг сахиулах гэж тодорхойлсон байна.
“Америк нэгдүгээрт” гэсэн Трампын сонгуулийн амлалтыг биелүүлэхээр Цагаан ордны ажилтнууд 11 сарын өмнөөс энэхүү 68 хуудас үндэсний аюулгүй байдлын стратегийг боловсруулахаар ажиллаж эхэлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 2015 онд үндэсний аюулгүй байдлын стратегиэ танилцуулахдаа уур амьсгалын өөрчлөлт бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хамгийн том аюул заналхийлэл хэмээн мэдэгдэж байсан. Харин Трамп үндэсний аюулгүй байдлын стратегид уур амьсгалын өөрчлөлтийг биш, эдийн засгийн аюулгүй байдлыг онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC