Тэргүүн зэрэглэлийн устгал

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Тэргүүн зэрэглэлийн устгал

Обамаг АНУ-ын ерөнхийлөг­чийн тушаалаа авснаас хойш дөрвөн сар болсны дараа нь Тагнуулын төв газрын дарга Леон Панетта бин Ладеныг хайхад хамааралтай сүүлчийн хөтөлбөр, төслүүдийн талаар танилцуулжээ. Гэвч энэ нь Обамад нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй. Тэрээр 2009 оны зурга­дугаар сард албан зурвас  бичин “Аль-Каида”- гийн лидерийг олж хайх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахыг Панеттад даалгав. Үүнд бүхий л хчин чадлаа дайчлахыг ерөнхийлөгч даалгасан байв. Үүний зэрэгцээ тэрээр ерөнхийлөгч нисгэгчгүй онгоц ашиглах ТТГ-ын нууц хөтөлбөрт хүч нэмэгдүүлсэн байна. Үр дүнд нь Обамагийн ерөнхийлөгчийн эхний жилд нь бага Жорж Бушийн ерөнхийлөгчийн хугацааны сүүлийн жилийнхээс илүүтэй пуужингийн цохилт хийв. Террористууд хохирол хүнд хохирол амсав. Тэр жилийн долдугаар сард  CBS-ээр тараасан “Аль-Каида”- гийн мэдэгдэлд “үхэлд туугдсан” “эрэлхэг дарга нар” ба “газартай тэгшлэгдсэн олон тооны нууц байр, агуулахын тухай” өгүүлсэн байв. Уг баримтад “Манай газар нутаг дээр царцаа мэтээр үржсэн” туршуулуудын идэвхтэй ажиллагааны улмаас байдал “маш ноцтой” боллоо” гэж дурьдсан байна. Гэсэн ч тэр бин Ладены  ул мөрийг илрүүлж чадахгүй л байлаа.

Панетта 2010 оны наймдугаар сард Цагаан ордонд сайн мэдээтэй ирэв. ТТГ-ын шинжээчид бин Ладены элч 30 гаруй настай Абу Ахмед аль-Кувейтийг илрүүлэн тогтоож чадсан бололтой. Тэрээр нөөц дугуй дээрээ цагаан хирсний зурагтай цагаан өнгийн жиипээр явдаг байсныг нь ТТГ  мөрдөн хянаж байлаа. Нэгэн удаа хиймэл дагуулаас түүний машин Абботтабад дахь бетон байгууламжийн дэвсгэрт очсон зургийг авч чаджээ. Аль-Кувейти тэнд амьдарч байна гэж ойлгосон тагнуулчид ажиглалтаа чангатгав. Гурван давхар байшин, зочны байр, үйлчилгээний байгууламж зэр­гээс бүрэлдсэн цогцолборыг нис­гэгчгүй онгоцноос ажиглах болов. Тагнуулчид байрны оршин суугчид хогоо гадагш зөөдөггүй хашаан дотроо шатаадаг болохыг тогтоов. Үүний зэрэгцээ уг байранд утсан холбоо интернэт байдаггүйг олж илрүүллээ. Аль-Кувейти ба түүний ах үе үе гадагш гарч явдаг.  Харин гурван давхарт нь байгаа хүн хэзээ ч тэндээс гардаггүй болохыг тэд мэдэв. Тэрээр байрнаасаа гарлаа гэхэд хашаан дотроо л байдаг байжээ. Ингээд тэр гурав дахь үл мэдэгдэх хүнийг бин Ладен гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргажээ. ТТГ уг байгууламжид “Жороо морь” гэсэн кодын нэр өгсөн байжээ.

Обама энэ мэдээнд баярласан ч тусгай ажиллагаа явуулах гэж яарахгүй байлаа. Ерөнхийлөгчийн Терроризмтай тэмцэх тэмцлийн зөв­лөх Жон Бреннаны ярьснаар түүнтэй хамтран ажиллагсад ажил­лагаа явуулахын оронд “мэдээл­лийг нягтлан судалж, явцынхаа дунд нь уг байранд бин Ладен байгаа тухай таамаглалыг няцаа­хаар” оролдож үзсэн байна. ТТГ ч мэдээлэл цуглуулах ажил­ла­гаагаа идэвхжүүллээ. Саяхан “The Guardian” сонинд бичсэнээр тус албанаас вакцинжуулалт хий­нэ гэх шалтгаанаар бин Ладены хүүхдүүдээс ДНК-ын дээж авахуу­лахаар  нэгэн эмчийг Аббот­табад руу илгээв. Гэхдээ цогцолборт амь­дарч байсан хэнд нь ч тариа хийгээгүй.

2010 оны сүүлчээр Обама уг байгууламжид тусгай ажиллагаа хийх зохиомж боловсруулах үүргийг Панеттад даалгав. Үүний дараа ТТГ-ын дарга Тусгай ажиллагааны нэгдсэн командлалын удирдлага вице адмирал  Билл Макрейвентай холбогдов. Тусгай ажиллагаа явуу­лахад уламжлал ёсоор гол үүргийг АНУ-ын арми хүлээж байсан юм. Гэвч сүүлд нь “далайн хавнуудад” найдах нь их болсон байна. Энэ ажиллагааг явуулах эгшинд Макрей­вены дарга нь Тусгай ажиллагааны командлал-SOCOM-ыг толгойлж байсан, өмнө нь DEVGRU-ийн удирдагч байсан адмирал Эрик Олсон байжээ. 2011 оны нэгдүгээр сард JSOC-ийн Брайан нэртэй өмнө нь командлагчийн орлогч асан ажилтнаас ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг Макрейвен гуйсан байна. Америкийн хөлбөмбөгийн квотербэкийг санагдуулахаар хэв галбиртай Брайан сарын дараа Вирджинийн Лэнгли дэх ТТГ-ын хэвлэх үйлдвэрийн байшингийн нэгдүгээр давхрын өрөөнд суух болов. Брайан өрөөнийхөө хананд газрын зургууд, хиймэл дагуулаас авсан Абботтабадын зураг зэргийг өлгөн дүүргэсэн байв. Албан ёсоор түүнийг болон JSOC-ийн арав орчим ажилтнуудыг ТТГ-ын Террорын эсрэг төвийн Пакистан, Афганистаны хэргийн албанд захируулан өгсөн байв. Гэхдээ тэд үнэн хэрэгтээ бие даан ажиллажээ. Тэдний өрөөгөөр орсон төвийн нэгэн ажилтны яриа­гаар дотор нь бүрэн нууц уур амьсгал ноёрхож байсан гэнэ. “Юу хийж байгаагаа тэд чандлан нууцалж байлаа” хэмээн албаны ажилтан сэтгэгдлээ хуваалцав.

Тусгай ажиллагааны командлал болон ТТГ хоёрын хооронд онцгой харилцаа Вьетнамын дайны үеэс тогтсон байлаа. Харин одоо тэдний хоорондын зааг арилан тус газрын ажилтнууд цэргийнхэн хамтарсан даалгаврыг Ирак Афганистанд бие­лүүлэх нь нэмэгдэж байна. “Эдгээр хүмүүс хамтдаа өсч өндийлөө. Манай системүүд бие биендээ нэвтэрч, бид ерөнхий нэгэн хэлээр ярих болов. Ирак, Афганистан дахь командлагч асан Дэвид Пэтрэусийн ТТГ-ыг толгой­лохоор болж байгаа, Панетта Батлан хамаагалын сайд болсон зэрэг нь үүний тод жишээ” хэмээн Батлан хамгаалах яамны өндөр тушаалтан ярив.

Бин Ладеныг устгахаар дотоод дүрмийнхээ дагуу ТТГ-ын төв штабт боловсруулсан төлөвлөгөөг Тэнгисийн цэргийн хүчний бүтэц явуулсан нь хүчний байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргаж ирлээ. ТТГ-ын ерөнхий хуулийн зөвлөгчийн орлогч асан Жон Рэдсэний хэлснээр Абботтабадад хийгдсэн ажиллагаа нь “ТТГ-ын үйлдэлд JSOC-ийг бүрэн татан оруулсан” хэрэг болжээ.

Гуравдугаар сарын 14-нд Обама Цагаан ордны Шуурхай байд­лын танхимд Үндэсний аюул­гүйн зөвлөхүүдээ цуглуулан Аббот­та­ба­­дад үйл ажиллагаа явуулах хувил­баруудыг авч хэлэлцэв. Тэр бүгд нь JSOC-ийн  ажиллагаа эсвэл агаарын цохилт гэсэн хоёр хувилбарын талаар л байлаа. Тэдний хэсэг нь Пакистаны цэргийнхэнтэй хамтрах, нөгөө хэсэг нь тэдэнтэй ямар ч талаар хамтрахгүй байх талаар авч үзэв. Обама ажиллагааны талаар тэдэнд дуулгахгүй өөрөөр хэлбэл, ер нь огт хамтрахгүй байхаар шийджээ. “Пакистанчууд нууцыг наносекундаас  илүүтэй барьж чадах­гүй гэсэн болгоомжлол бай­лаа” хэмээн Обамагийн ахлах зөв­лөхүүдийн нэг надад хэлсэн юм. Зөвлөгөөний сүүлчээр ерөнхийлөгч довтолгооны төлөвлөгөөгөө үргэлж­лүүлэн боловсруулах үүргийг Мак­рейвенд даалгажээ.

Брайан ТТГ-ын төв байранд DEVGRU-гийн Улаан эскадрилийн дарга Жеймс,  мастер-ерөнхий ахлагч Маркийг урив. Дараагийн бүтэн хоёр долоо хоног хагасын турш тэд бин Ладены  гэрт хэрхэн нэвтрэх талаар нэгд нэггүй хэлэлцэв. Төлөвлөгөөний нэг хувилбараар нисдэг тэрэгтэй багийг Абботтабадын захад буулгаад тэд бие даан хотод нэвтрэх ёстой байлаа. Энэ тохиолдолд отряд  илэрч магадгүй гэх эрсдэл байв. Мөн отряд хотод явгаар хүрэхэд “далайн хавнууд” хүч чадлаа их алдана гэж үзжээ. Хонгилоор дамжин нэвтрэх бас нэг хувилбарыгавч үзсэн юм. Байрны дор бин Ладен зугтах нууц хонгил байж болохыг тэд үгүйсгэсэнгүй.  Гэсэн ч гео орон зайн хайгуулын тагнуулын албаны ирүүлсэн мэдээгээр цогцолборын ойролцоох дэвсгэр усаар дүүрсэн байлаа. Үүнээс үүдэн цогцолбор нь үерийн ус зайлуулах байгууламжтай гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Гэхдээ усны төвшин нь хөрснийх болохоор хонгилтой байх боломж маш бага гэж үзжээ. Тиймээс тэд буултыг цогцолборын дэвсгэрт хийх хэрэгтэй гэж үзсэн байна. “Тусгай ажиллагааны гол зүйл нь гэнэтийн байх ёстой. Тэдэнд дээвэр дээр нь нисдэг тэрэг десант буулгаад өөрсдаа хашаанд нь бууна гэсаэн санаа огт төрөөгүй биз” хэмээн дээр дурдсан  дайчин ярив.

Гуравдугаар сарын 29-нд Макрейвен төлөвлөгөөгөө Обамад танил­цуулжээ. Ерөнхийлөгчийн цэр­­гийн зөвлөхүүдийн санаа зө­рөл­­дөөнтэй байв. Нэг хэсэг нь төлөвлөгөөг дэмжиж, нөгөө нь агаарын цохилт хийх шаардлагатай гэж үзэж байв. Гурав дахь нь тагнуулын нарийн мэдээ автлаа үйл ажиллагаа явуулахын эсрэг байлаа. Десант буулгахын эсрэг Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс хатуу зогсч. Тэрээр ерөнхийлөгч Жимми Картерт “Бүргэдийн хумс” ажиллагааны төлөвлөгөөг танил­цуулахад Шуурхай байдлын танхимд байснаа сануулж байв. Тэр үед 1980 онд “Делта” тусгай ангийн дайчид Тегеран дахь Америкийн барьцааны хүмүүсийг чөлөөлөхөөр оролдоод Ираны цөлд осолдон найман хүнээ алдаад байв. “Тэр үед төлөвлөгөөг мөн л магтаж байлаа” хэмээн Гейтс сануулжээ. Штабын дарга нарын нэгдсэн хорооны орлогч дарга генерал Жеймс Картрайт тэр хоёр B-2 Spirit бөмбөгдөгч онгоцноос агаарын цохилт өгөхийг уриалж байв. Энэ хувилбар нь Америкийн цэргийнхнийг Пакистаны нутаг дэвсгэрт нэвтрэх шаардлагагүй бол­гож байсан юм. Гэхдээ Нисэх хүчнийхэн үүний тулд тус бүртээ 900 кг жинтэй 32 удирдлагатай бөмбөг шаардлагатай гэж тооцоолжээ. Ийм тооны бөмбөг нь газрын хөрсөнд есөн метрийн гүнд нэвтрэн тэнд байж болох нууц байрыг  устгахад хэрэгтэй байжээ. “Ийм бөмбөгийн дэлбэрэлтийн хүч нь газар хөдлөлттэй адилхан” гэж Картрайт надтай уулзахдаа тайлбарласан юм.  Абботтабад  тэр чигтээ эвдрэн ну­рах аюултайг ойлгоод Обама завсарлага авав. Эцэст нь тэр B-2 бөмбөгдөгч ашиглах хувилбараас татгалзаж төлөвлөгөөний практик боловсруулалтыг хийж эхлэх тушаалыг Макрейвенд өглөө.

Үргэлжлэл дараагийн дугаар

"Тэргүүн зэрэглэлийн устгал 1"-ийг ЭНД дарж уншина уу.

"Тэргүүн зэрэглэлийн устгал 3"-ийг ЭНД дарж уншина уу.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж