Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордуудаас шинээр нүүрс тээвэрлэлт хийхийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Тавантолгойн ордуудаас “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресус” зэрэг томоохон компаниуд нүүрс тээвэрлэж, Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолдог. Гашуунсухайт боомтоор өдөрт 800-1000 орчим нүүрс тээвэрлэсэн автомашин нэвтэрдэг байсан бол өнгөрсөн тавдугаар сараас БНХАУ-ын талаас монгол жолооч нар хууль бус бараа, бүтээгдэхүүн хил нэвтрүүлж, хууль зөрчсөн хэмээн нэвтрүүлэлтийн тоог багасгасан. Тиймээс Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэх автомашины цуваа 120 км урт үргэлжилсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд газар дээр нь ажиллаж тус яамнаас ажлын хэсэг гарч, 120 км урт дарааллыг багасгах, шинэ маршрутаар тээвэрлэлт хийх болсон учраас ийнхүү түр хугацаагаар тээвэрлэлтийг зогсоосон аж. Тээвэрлэлтийг зогсоох шийдвэр гарсны дараа ойролцоогоор найм хоногийн дотор 120 км-ийн урт дараалал байхгүй болно гэж тооцоолж байсан юм. Шийдвэр гарснаас хойш буюу арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар урт дараалал 53 км болсон. Тиймээс ирэх долоо хоног гэхэд уурхайгаас нүүрсний тээвэрлэлт эхлэх боломжтой болох юм байна.
Нэг км-т ойролцоогоор 70-110 тонн багтаамж бүхий 35-40 автомашин дугаарладаг юм байна.
Нүүрсний ачилтыг зогсоосноос хойш буюу долоон хоногийн дотор урт автомашины урт дараалал 53 км болжээ. Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 500-600 нүүрс тээвэрлэсэн автомашин гарч байна. Гэхдээ нүүрс тээвэрлэлт шинэ маршрутаар явах юм. Өмнө нь уурхайн амнаас нүүрс ачаад шууд Гашуунсухайт боомт хүрдэг байсан. Харин шинэ маршрутаар уурхайн амнаас тээвэрлэлт хийсэн автомашинууд Цагаан хадны боомт дээр нүүрсээ буулгана. Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэл өөр машинууд тээвэрлэлт хийх юм байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар уртын тээвэрлэлт хийхгүй, Цагаан хадны боомт-Гашуунсухайт гэсэн маршрутаар тээвэрлэнэ. Гашуунсухайтаас 23 км-ийн зайтай байрлах Цагаан хадны боомт бол нүүрс тээвэрлэгчдийн дамжин өнгөрөх гол цэг. Цагаан хадны боомтыг Засгийн газраас хаах шийдвэр гаргасан Өмнөговь аймгийн удирдлага болон нүүрс тээвэрлэгчид эсэргүүцсэн учраас ийнхүү Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Цагаан хадны боомт нүүрс буулгах төв цэг болгох шийдвэр гаргасан юм.
Нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл бол БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээнд суух. Мөн төмөр замаа барих. Монгол Улсын Засгийн газар болон Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж байгаа бөгөөд эцсийн үр дүн оны дараагаас гарч эхэлнэ гэдгийг албаныхан хэлж буй. Түүнээс гадна УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нүүрс тээвэрлэгч автомашины тоог эрс нэмэгдсэн шалтгааныг тогтоох ажлын хэсэг гарган шалгаж буй. Өнгөрсөн тавдугаар сард 3500 орчим байж байгаад 7000 орчим болсон шалтгааныг тогтоох юм. Учир нь, нүүрс тээвэрлэдэг автомашины зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог юм байна.
Тайлбар: 2017 он гарсаар нүүрс тээвэрлэгч машин хил нэвтэрсэн тоо. /Сарын дундаж/
Нэгдүгээр сар | 866 |
Хоёрдугаар сар | 872 |
Гуравдугаар сар | 912 |
Дөрөвдүгээр сар | 1094 |
Тавдугаар сар | 1051 |
Зургадугаар сар | 1325 |
Долдугаар сар | 766 |
Наймдугаар сар | 671 |
Есдүгээр сар | 507 |
Аравдугаар сар | 550 |
Арваннэгдүгээр сар | 500 |
Арванхоёрдугаар сар | 600 |