2017 он дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Оны төгсгөлд иргэн та Ebarimt.mn-д бүртгүүлсэн НӨАТ-ын баримтынхаа хоёр хувийг буцаан авах боломжтой. Энэ асуудлаар Татварын ерөнхий газрын, татварын улсын байцаагч Г.Оюунбилэгтэй танилцлаа
-Ebarimt.mn сайтад баримтаа бүртгүүлсэний дараа “үнийн дүн зөрүүтэй”, “аж ахуй нэгж илгээгээгүй” гэсэн баримтуудыг хэрхэн бүртгүүлэх вэ? Ямар учраас эдгээр баримтууд бүртгэгдэхгүй байна вэ?
-Иргэд НӨАТ-ын сугалаатай баримтаа бүртгүүлэхдээ цахимаар www.ebarimt.mn болон гар утасны аппликейшнээр дамжуулж бүртгүүлдэг. Үүнээс гадна 131313 гэсэн тусгай дугаарт мессежээр баримтаа бүртгүүлж байна. НӨАТ-ын баримтыг шивж оруулсны дараа “баримт бүртгэгдлээ” гэсэн хариу ирдэг. Бүртгэгдсэн баримтууд борлуулалт хийсэн аж ахуй нэгжтэй тулгалт хийсний дараа “бүртгэгдсэн” төлөвт ордог. Харин зарим баримтууд “аж ахуй нэгж илгээгээгүй”, “үнийн дүн зөрүүтэй” гэсэн байдаг л даа. Эдгээр баримтууд нь борлуулагч талын баримттай зөрсөн учир бүртгэгдэхгүй байгаа юм.
-Иргэд баримтаа бүртгүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
–Иргэд баримтаа шивж оруулахдаа үсэг эсвэл, цэг, таслал, тооны алдаа гаргасан учраас бүртгэгдэхгүй байна. Түүнчлэн тухайн байгууллагын баримтын тод бүдэг, алдаатай хэвлэгдсэн эсэхээс шалтгаалан алдаатай орох асуудлууд үүсдэг. Иймд иргэд та бүхэн “аж ахуй нэгж илгээгээгүй” гэсэн баримтуудын цаасан баримтыг хаялгүй дахин шинээр оруулах хэрэгтэй. Ингэхдээ тухайн баримтаа устгасны дараа шинээр сугалааны дугаар, үнийн дүнг оруулна. Гэвч цаасан баримтаа хаясан тохиолдолд засварлах боломжгүй. Тэгэхээр баримтаа бүртгэгдсэн эсэхийг тухай бүрт нь шалгах зүйтэй. Веб сайтаас орсон тохиолдолд “Үнийн дүн зөрүүтэй” гэсэн баримтуудын ард цэнхрээр тодруулсан хэсэгт дарвал “дахин давтагдашгүй үнийн дүнгээ оруулна уу” гэсэн талбар гарч ирнэ. Энэ хэсэгт дахин давтагдашгүй 33 оронтой тоог оруулснаар таны баримт бүртгэгдэх юм.
-НӨАТ-ын буцаан олголт хэзээнээс орж эхлэх вэ?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар “НӨАТ-ийн урамшууллын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр улиралд багтааж жилд нэг удаа олгоно” гэсэн заалттай. Тэгэхээр 2018 оны 3-р сарын 31-ны дотор нэгдсэн байдлаар буцаан олголт олгогдоно.
Э.АРИУН