МАН-ын гэрийн даалгавар

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

МАН-ын гэрийн даалгавар

МАН-ын гэрийн даалгавар

­ Бараг дөрвөн парламент дамжсан Үндсэн хуулийн шинэчлэлт өнөөдөр ахиад л үндэсний хэмжээнд том маргаан үүсгэж эхэллээ. Маргаан гэхээсээ бүр том хэрүүл болж мэдэх энэ сэдэв дээр монголчууд олон янзын байр суурьтай байгаа юм.“Төрийн завхралд Үндсэн хууль буруугүй” гэж нийтлэлч Б.Баабараас эхлээд Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд болгоомжтой хандагсад цөөнгүй байгаа бол гүйцэтгэх засаглалын эрх мэдэл сул нөхцөлд улс төрийн болоод эдийн засгийн хямрал тогтворжихгүй, энэхүү хямралаас гарахын тулд эцэг хуулиа эхлээд өөрчлөх ёстой гэж УИХ-аас байгуулсан Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн үзэж буй.

Эсрэгээрээ эцэг хуулийг өөрчлөхдөө Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэж Ц.Нямдорж, Д.Дорлигжав нараас эхлээд ил тод зарлах хүмүүс ч бас цөөнгүй.Үндсэн хуулийн шинэчлэлт дээр УИХ, Засгийн газраас хоёр ч ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэд өнгөрсөн зун, намаржин боловсруулсан төслийнхөө талаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, иргэдийн санал бодлыг сонсчээ.Хэлэлцүүлэгт оролцсон 327 мянган иргэн сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэхийг дэмжсэн байна. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байхаар хязгаарлах ёстой гэж үзжээ.Хэдий Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олон нийтийн хэлэлцүүлгийн төвшинд байгаа ч төслийн үндсэн гол санаа нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх. Хамгийн сүүлд төрийн ордны хананд 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зургийг хадаж, У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайдаар томилсон улс төрийн үйл явц нь өөрөө Үндсэн хуулийг өөрчлөх хамгийн эхний шалтгаан болж буй юм.Супер Ерөнхий сайдыг төрүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдрийн Х.Баттулга ба У.Хүрэлсүх гэсэн хувь хүмүүстэй нь холбож ойлгох нь өрөөсгөл. Тогтолцооны гажуудлаа засахын тулд хүнээ солих биш системээ л өөрчлөх асуудал яригдаж байна.

Түүнээс Ерөнхийлөгч Х.Баттулгын хөлийг тушиж, эрх мэдлийг нь хязгаарлахын тулд Үндсэн хуулийг өөрчилж, эсрэгээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр эрх мэдлийг төвлөрүүлэх зорилготой гэвэл бүр тэнэж төөрсөн хэрэг болно. УИХ-аас Үндсэн хуулийг шинэчилж баталлаа гэхэд М.Энхболдын парламентын үед, У.Хүрэлсүхийн гүйцэтгэх засаглалын цаг хугацаанд, Х.Баттулгын бүрэн эрхийн үед мөрдөгдөхгүй. 2020 оны парламентын сонгуулийн дараа, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас үйлчилж эхлэхээр ажлын хэсэг дээр яригдаж буй.

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа хууль санаачлах, хориг тавих бүрэн эрхтэй хэвээрээ байна гэсэн үг. Бас Үндсэн хуулийг шинэчлэн баталлаа гээд У.Хүрэлсүх парламентаа тараах супер эрхтэй Ерөнхий сайд болохгүй юм.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд хэн байхаас үл хамаараад төрийн гурван институциудын давхардсан эрх мэдлийг хуулийн хүрээнд ялгаж, зааглах, өнгөрсөн 26 жилийн хугацаанд 76 сайдтай, гурван гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй явж ирсэн алдаагаа засахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага тулгарч буйг олон хуульч, олон улстөрч ярьдаг. Харин яаж өөрчлөх хувилбар дээрээ улстөрчид, тэр ч бүү хэл УИХ дахь 65 бүлгийнхэн ч хоорондоо санал нэгдэхгүй байгаа. Гэхдээ их гүрнүүдийн дунд орших Монголын хувьд Ерөнхийлөгчийн засаглалаас илүү сонгодог парламентын засаглалтай байх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд их тохиромжтой хувилбар гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгджээ. Үндсэн хуулийг өөрчлөх нь УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН-д оногдсон гэрийн даалгавар. Томоохон бодлогогүй, алсын зорилгогүй, жижиг хэрүүлээс өөр сэвэх ажилгүй болсон эрх баригч намын, М.Энхболдын парламентын түүхэнд үлдэх ганц боломж нь Үндсэн хуулийн өөрчлөлт байж мэднэ.

Мэдээж, эцэг хуулийн өөрчлөхийн тулд их эсэргүүцэл, багагүй шүүмжлэлтэй нүүр тулах нь гарцаагүй. Гэвч, улс төр, эдийн засаг, нийгэм бүхэлдээ реформ нэхэж байгаа тохиолдолд, Үндсэн хуулийг шинэчлэхээс өөр гарц байна гэж үү. Гол нь МАН гэрийн даалгавраа яаж хийхээс биш зөв хийхээс Монголын маргааш хамаарч байна шүү дээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж