"Ардчиллын алтан хараацай" гэгддэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх этгээдүүдэд ял оноож, хавтаст хэргийн 90 гаруй хувийг төрийн нууцаас гаргасан билээ. Энэ асуудалтай холбогдуулж С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюунаас байр суурийг нь тодрууллаа.
-С.Зоригийн хэргийн материалын 90 гаруй хувийг нууцаас гаргалаа, хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял оноолоо. Энэ асуудалд таны байр суурийг тодруулмаар байна?
-Бид хэргийн материалыг нууцаас гаргах, бүх шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид бид гомдол гаргасан. Гэвч бидний хүсэлтийг прокурор, шүүгч аль нь ч хүлээж аваагүй. Захиалагчийг нь олоогүй учраас энэ хэргийг бид шийдэгдсэн гэж үзэхгүй байна. Бидэнд итгэл үнэмшил төрөхгүй байгаа. Хэргийн захиалагчийг олох ёстой. Хавтаст хэргийг төрийн нууцаас гаргасан нь зөв гэж үзэж байна. Цаашид хүмүүс танилцаж, дэнсэлж, дүгнэлтээ гаргах боломжтой болох болов уу гэж бодож байна. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай. Хэдийгээр бид эргэлзээтэй байгаа ч яллаж байгаа прокурор нь энэ хэргийг илрүүлсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр хэргийн материал ил болсноор зөвхөн биднээс гадна хуульчдад дэнслэх боломж гарах байх. Олон улсын парламентын холбоо хэргийн материалыг нууцаас гаргасныг дэмжиж мэдэгдэл явуулсан байна лээ.