Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн арилжааны танхимд өнөөдөр болсон форвард арилжааг нээхдээ, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гурван биржийн дотор товарийн буюу бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж ихээхэн онцлогтойн дээр давуу боломжтойг онцоллоо. Тэрбээр хэлсэн үгэндээ, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдсан цагаас Хороо бүх дүрэм журам, аргачлал зааврыг боловсруулан мөрдүүлж, холбогдох зохицуулалт, хяналтыг хийж ирсний дээр биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, нөхцөлийг тогтоох, арилжаанд нэвтрүүлэх боломж бүрдүүлснийг дурдав. Энэ талаар “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар мөн онцолж, Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсад анхны үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг эхлүүлж буй болон бүс нутгийн хамтын ажиллагааны эхлэл, цаашид өргөжүүлж боломж, зорилтынхоо талаар товч танилцуулсан юм.
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2013 онд байгуулагдсанаасаа хойш ноолуур, хонины ноос, тэмээний ноос, бодын хөөвөр, завод ноос, тосны ургамал, хүнсний буудай гэсэн найман нэр төрлийн бараа, түүхий эдийг арилжааг спот хэлцлээр буюу зөвхөн бэлэн байгаа бүтээгдэхүүнийг арилжаалж байгаа бөгөөд өнөөдрөөс ноолуурын арилжаанд форвард гэрээний боломжийг нэвтрүүлж байна. Форвард гэрээний арилжаагаар ирээдүйд бий болох бүтээгдэхүүнийг, тухайлбал малчид ямаагаа самнахаас өмнө ноолуураа борлуулах, хөдөө аж ахуйн хоршоод хавар бий болох бүтээгдэхүүнээ өвөл нь урьдчилан борлуулах боломж бүрдэж байгаа юм.
Тус бирж дээр өнөөдрийн байдлаар Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 16 брокерийн компани зуучлалын үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн буюу анхны өдрийн форвард арилжаанаас Монголиан Кашмир Уорлд ХХК боловсруулаагүй нийт 5.0 тонн орчим ноолуурыг хөдөө аж ахуйн “Энх бум”, “Шинэ наран зам” хоршоодоос кг тутмыг нь 90.0 мянган төгрөгөөр 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор худалдан авах хэлцэл байгуулав. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн биржийн тухай” хуульд заасны дагуу “Хоршоо” нь тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр байнгын бус гишүүнээр арилжаанд оролцох эрхтэй байдаг юм.
Эх сурвалж: СЗХ