Эцгийнхээ нэрээс илүү компаниараа “овоглодог” олон бизнесмений нэг бол Ц.Мянганбаяр. “Монгол газар”-ын гэдгээр нь түүнийг монголчууд сайн танина.“Гоёл”-ын ивээн тэтгэгч, гоё хүүхнүүдийн дурсамж, дурлалын эзэн болсон түүнтэй уулзаж ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу, та?
-Сайхан өвөлжиж байна.
-Та Монголдоо суурин байна уу, Сөүлд эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэсэн мэдээлэл яваад байсан?
-Монголдоо байгаа.
-Та саяхан болж өнгөрсөн “Гоёл”-ыг үзсэн үү?
-Үзсэн.
-Олон жил “Гоёл” наадмыг та ивээн тэтгэж ирсэн. Харин энэ жил “Цагаан шонхор” групп ивээн тэтгэсэн байна. Тэгэхээр та “Гоёл”-ыг орхиж байна гэсэн үг үү?
-“Гоёл”-ыг би 1997 оноос эхлэн ивээн тэтгэсэн. Тэр үед Монголын дизайнеруудын холбоо надаас санхүүгийн дэмжлэг хүссэн юм. Өөрсдөө зохион байгуулах гэхээр мөнгөгүй, тиймээс надад хандсан. Миний хувьд нийгмийн хариуцлагын үүднээс “Гоёл” наадмыг дэмжихээр шийдсэн. Түүнээс хойш 20 жил санхүүжүүлсэн байна. Манай найз нөхөд ч загварын салбарт ажиллаж байсан юм. Өнөөдөр “Гоёл”-ыг Ч.Энхтайван ч, би ч ивээн тэтгэж байгаа. Өөр бусад олон аж ахуй нэгж ч дэмжиж ажилладаг. “Гоёл” хэн нэгний өмчилсөн наадам биш. Хүмүүсийн ярьдгаар би сайхан хүүхэн сонгох гэж уг наадмыг ивээн тэтгэдэггүй.
-Хүмүүс тэгж харддаг нь үнэн. Та загвар ертөнцийнхнөөс өөр ямар салбарт хөрөнгө оруулж байв?
-Үндэсний бөх. Миний дэмжиж, санхүүжүүлж ирсэн 20 гаруй бөх улсын цолтой болсон. Хамгийн сүүлд Монгол Улсын арслан Ц.Содномдоржийг улсын цолонд хүргэсэн. Манай компанийн хамгаалалтын албанд туранхай залуу л анх ажилд орж байлаа. Одоо нутаг усныхаа нэрийг өргөсөн сайн бөх болсон.
-“Гоёл-2018” наадмын шилдэг дизайнер, топ модель анх удаа 10 сая төгрөгөөр шагнуулсан. Цаашдаа энэ мөнгөн шагналыг олгох уу?
–Энэ жилийн “Гоёл” наадмын топ модель, “Гран при” шагналт дизайнерыг 10 сая төгрөгөөр шагнасан. Цаашдаа ч жил бүр энэ шагналыг өгөх болно. “Гоёл” наадмын нэр хүндийг улам өсгөж, олон жил загвар өмссөн, загвар урласан загвар өмсөгч, дизайнерын хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш нэг залуу загвар өмсөгч, дизайнер шууд топ модель, шилдэг дизайнер болчихдог юм биш. Тухайн салбарыг л хөгжүүлэх бодлогын үүднээс хийж буй арга хэмжээ. Энэ бол бидний хамтын шийдвэр л дээ.
-Нууц биш бол өнгөрсөн хугацаанд “Гоёл” наадмыг хэчнээн төгрөгөөр ивээн тэтгэв?
-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна.
-Хүмүүс топ моделиор хэн шалгарах нь таны үзэмжээс шалтгаалдаг гэдэг. Ивээн тэтгэгчийн хувьд топ моделийн шалгаруулалтад та нөлөөлдөг үү?
-Хүмүүс тэгж холбож, муу хэлэхийг л хүсдэг байхгүй юу. Тэрнээс биш надад тийм шаардлага, цаг зав ч алга.
-Гэхдээ таны гэргий энэ наадмаас шалгарсан топ модель шүү дээ?
-Байж болохгүй юу. /инээв/ Тэр чинь шүүгчдийн л шийдвэр. Тухайн үед од болон гялалзаж байсан үе нь тэгж таарсан байх.
-Та одоо хэнтэйгээ, хаана амьдарч байгааг сонирхож болох уу?
–Миний хувийн амьдрал хэнд хэрэгтэй юм бэ. Намайг муу ярьж кайф авдаг хүмүүст тэр орон зайг нь үлдээе. Хүмүүс юу гэж ярих нь дурын хэрэг. Амьдрал өөрийн гэсэн хуультай шүү дээ. Би тийм дэлгэсэн ном шиг байх дургүй.
-Бизнесмен хүн үргэлж л цаг, нартай уралдаж байдаг биз. Энэ их ажлын хажуугаар хүүхдүүддээ цаг зав хэр гаргадаг вэ?
-Би бусадтай л адил онцгойроод байх юмгүй хүн. Ерөнхийдөө би ихэнх цагаа ажилдаа л зориулдаг даа.
-Таны гэргий рекламд их тоглодог. Харин танд рекламд тоглох санал ирж байсан уу?
-Ирэлгүй яахав. Гэхдээ би хэний рекламд тоглоод явж байх вэ. Надад бүр зохиолын эмэгтэй дуучинтай цуг нэг тайзнаа дуулах санал хүртэл ирсэн. Би дуулдаггүй л дээ. Хүмүүст сонирхолтой л байдаг юм шиг байна.
-Та бизнесээ хийж байгаа юу. “Монгол газар” компанийг дампуурсан, өр ширэнд орсон гэх мэдээлэл нэг хэсэг гарсан?
–“Монгол газар” компаниа дампууруулах гэж байснаа больсон.
-Яагаад, танд өөрийнхөө босгосон компанийг өөрөө дампууруулах ямар том шалтгаан байв?
-Яагаад гэвэл манай компани Япон улсын “Иточу” корпорацитай 100 сая ам.долларын маргаантай байсан. Харин харилцан тохирсноор 250 мянган ам.доллар тэдэнд төлсөн. “Иточу” корпораци нь олон улсын худалдааны хуулиудыг зөрчсөн буруутай байсан. Тийм учраас компаниа дампууруулах гэж шүүхэд өгсөн өргөдлөө эргүүлэн татсан. Ийм л асуудал болсон. Одоо манай компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. “Монгол газар” компани алтны олборлолт болон хайгуулын ажлаа хийж байгаа. Ялангуяа бид хайгуулын ажилд багагүй анхаарал хандуулж байна. Ер нь уул уурхайн салбарт хамгийн чухал нь хайгуулын ажил байдаг. Хайгуулыг амжилттай хийж, шинэ орд газрыг илрүүлснээр тухайн улсын болон компанийн эдийн засагт чухал ач холбогдолтой л доо. АНУ-ын “Нью-Монт” гэдэг дэлхийд тэргүүлэх алтны корпорацийн ерөнхий захирал “Хайгуулын ажил гэдэг уул уурхайн салбарын цус нь юм” гэж хэлсэн байдаг. Монгол Улсад сүүлийн арваад жил хайгуулын ажил зогсонги болсон. Энэ нь шийдвэр гаргаж буй улстөрчдийн алдаанаас үүдэлтэй. Жишээлбэл, тэр урт нэртэй хуулиуд, Хөрөнгө оруулалтын тухай хууль байна. Бид өнөөдөр нээлттэй, ардчилсан нийгэм байгуулах гэж яваа юм бол тэр замаар л явахаас өөр аргагүй. Гэтэл өнөөдөр манай улсын хууль, эрх зүйн орчин маш тогтворгүй байсаар л байна.
-Улсаас алтны салбарыг хэр дэмждэг вэ. Энэ салбарт 20 гаруй жил ажилласан бизнесмений хувьд жаргал, зовлон нь юу байна?
–Төрөөс алтны салбарыг дэмжинэ гэж зарладаг ч огт дэмждэггүй. Манай алтны холбоо хурал хийгээд л улстөрчдийг урина. Тэгээд ч үр дүн гардаггүй. Манай улсын эдийн засгийн суурь болсон алтны салбарт төр огт анхаарал тавьдаггүй. Харин ч бодлогоор боож, хаадаг мөртлөө нүүрс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрөөс багагүй дэмждэг. Бид өнөөдөр адилхан л хөдөлмөрлөж байна. Монгол төгрөгийг хамгаалдаг валют бол алт шүү дээ. Хэдийгээр төгрөг маань зах зээл дээрх бараа таваараар баталгааждаг ч гэсэн Монгол банк дахь төгрөгийн баталгаа алт.
Жишээ дурдахад, төр засаг газар тариалангийн салбарыг түлшээр, сэлбэгээр, техник, үрээр нь хүртэл бүрэн хангадаг. Нэг бодлын зөв л дөө. Нөгөө бодлын бид төрийн ардаас нь гарсан, малчид тариаланчид урдаас нь гарсан юм уу. Сүүлийн үед нийгэмд алтны салбарыг ад үзэж, атаархдаг болсон. Одоо энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Үнэндээ ард түмнийг тэжээж буй хамгийн гол салбар уул уурхай шүү дээ. Би уул уурхайн салбарын бирж байгуулах гээд хариуцаж ирсэн хүмүүст олон удаа хандсан. Уул уурхайн салбар эрхэлдэггүй улстөрчид тоохгүй, өнөө маргаашаа л бодоод байдаг. Салбарын яам ч энэ ажлаа хийхгүй байна.
-Хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг цахимаар олгож байгаад түр зогсоогоод байна. Та энэ асуудалд байр сууриа илэрхийлэх үү?
-Аливаа үйл ажиллагаанд заавал давуу болон сул тал бий. Ашигт малтмалын тухай хуулинд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг цахим хэлбэрээр нэг хэсэг олгож байснаа больчихсон. Бас нилээдгүй хэмжээний мөнгийг бүртгэлийн хураамж, үйлчилгээний хөлс болон элдэв төхөөрөмж нэрийдлээр хурааж хуримтлуулсан байх. Яахав дахин шинээр сонгон шалгаруулалтааар олгож болно л доо. Гэхдээ уул уурхайн компаниуд цөөн тоотой бөгөөд хөрөнгө мөнгө муутай байгаа. Тийм учраас хүссэн хүсээгүй бусад орны хүмүүстэй хамтарч сонгон шалгаруулалтад ч юм уу оролцох л байх. Нэг талдаа энэ бол төсөвт мөнгө төвлөрүүлэх гэсэн арга. Хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим олголтын асуудлыг чөлөөтэй тавьж, олгосон лицензүүдээ бүгдийг нь татварын албанд, хөрөнгийн биржид бүртгэлтэй бас санхүүгээ ил тод тайлагнадаг болгох ёстой. Тэр тайлангаас нь хүмүүс хувьцаа авдаг болгомоор байна. Ингэж байж ард түмний баялаг болно.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт олигтой орж ирэхгүй байгаа нь хайгуулын лиценз олголтыг зогсоосонтой шууд холбоотой. Мэдээж, Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын компани маш их бий. Гэтэл эрх зүйн орчин ийм хаалттай байхад манай улсад хөрөнгө оруулах хүн бараг байхгүй шүү дээ. Сүүлийн жилүүдэд төрөөс хайгуулын ажлын үнэ цэнийг ойлгоогүйн улмаас шинээр нээгдсэн ордууд цөөхөн байна. Гадаадын банкир, хөрөнгө оруулагчидтай уулзахаар “Танайд ажиллах орд газар буюу актив байхгүй байна. Та бүхэн хэчнээн уриад ч ажиллах нөхцөл, эрх зүйн орчин байхгүй байна” гэдэг. Үнэндээ манай улстөрчдийн дунд уул уурхайн мэдлэгтэй, энэ салбарт ажиллаж үзсэн, зовлон жаргалыг нь ойлгодог хүн цөөн. Эрх баригчид, улстөрчдийн хийж чаддаг ганц ажил нь ард түмний нэрээр гадаадаас ихээхэн хэмжээний зээл авах болж дээ.
-Манай бизнесменүүд жаахан хөрөнгөжөөд ирэхээрээ улс төрд орох сонирхолтой болдог. Танд өнгөрсөн хугацаанд улс төрд орох боломж байсан уу. Яагаад улс төрд ордоггүй юм бэ?
-Манай улсад хууль эрх зүйн орчныг шинээр өөрчлөх ёстой. Бизнес хийдэг хүн бизнесээ л хийх хэрэгтэй. Улс төртэй хутгалдаж, лобби хийж болохгүй л дээ. Амьдрал өөрөө ч тийм байхыг шаарддаг. Оросын нэгэн зүйр үгэнд “Эрх мэдэл, эрүүл мэнд, мөнгө гурав нэг түрийвчинд багтдаггүй” гэдэг. Тэгэхээр улс төр, бизнес хоёрыг заавал эрхзүйн орчноор зааглах ёстой. Надад үнэндээ улс төрд орох цаг зав байсангүй. Өөрөө уул уурхайн салбараа сайн мэдэхгүй байж дахиад огт мэдэхгүй улс төрд гүйж орно гэж юу байх вэ. Улс төрийн ажил цаг хугацаатай. Улс төрд орсон ч тодорхой хугацааны дараа буцаад л буудаг хуультай.
Миний бодлоор төрд хамгийн түрүүнд бүх салбарт аж ахуйн өндөр мэргэшсэн боловсон хүчний арми хэрэгтэй байна. Төрийн мэргэшсэн боловсон хүчний багууд ойрын болон дунд, урт хугацааны төлөвлөлт хийдэг байх ба гүйцэтгэлийн хяналтын систем байх ёстой. Авлигыг тууштай уг үндсээр нь устгах ёстой. Үүнд хамгийн түрүүнд улс төр бизнесийг хуулиар тусгаарлах хэрэгтэй.
Зах зээлийн ардчилсан нийгэмд улстөрчид ч, бизнесменүүд ч их алдаа гаргаж байна. Өөрөөр хэлбэл, бид шинэ нийгмийн системд ямар ч бэлтгэлгүй байжээ. Үүнийгээ ч одоо маш их өндөр үнээр төлж, засаж явна. Хөрш хоёр том орны иргэдийн цалингийн доод хэмжээ манай орноос 2-3 дахин их болчихлоо. Тэнд улс төрийн тогтвортой байдал байгаа учраас л бизнесменүүд нь татвараа төлөөд бизнесээ хийгээд улс төртэй хутгалддаггүй. Улс төрчид нь ч бизнесийн салбарт ордоггүй эрх зүйн зохицуулалт тэнд байна. Тиймээс ч бидний нүдэн дээр улс орон нь маш хурдацтай хөгжиж байна. Гэтэл манай Засгийн газрын бодлогод урт хугацааны ямар ч бодлого, төлөвлөлт байдаггүй. Нэг нь гарч ирээд нөгөөгийнхөө бодлогыг татаж унагаад явдаг. Тиймээс ч гаднаас авсан өрийн хэмжээ 20 орчим тэрбум ам.доллар болоод байна. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Энэ өрийг шийдвэрлэхийн тулд нэгдүгээрт, манай улс төв Азийн усан хагалбарт оршдог учраас усан цахилгаан станцуудын сүлжээ байгуулж, экспортлох, хоёрдугаарт, байгалийн хий болон нүүрсний хийн аж үйлдвэрийг хурдацтай хөгжүүлэх, гуравдугаарт, шинээр дэлхийн хэмжээний никель, зэс, лити, уран зэрэг ашигт малтмалын ордуудыг нээн илрүүлж, эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Казакстан улстай ураны банк байгуулж, хойд урд хөрш болон японы зах зээлд ураныг нийлүүлэх хэрэгтэй. Манай урд хойд хөршүүд уранаар тун ядуу. Ялангуяа ОХУ.
-Монголд цахим мөнгө буюу биткойн хүчээ авч байна. Зарим мэргэжилтнүүд баталгаагүй, эрсдэл өндөртэй гэдгийг сануулж байгаа. Таны хувьд цахим мөнгөний талаар ямар бодолтой байгаа вэ. Бизнесмен хүний хувьд сонирхож асууж байгаа юм шүү?
-Банк санхүүгийн систем пирамид хэлбэртэй бол биткойн хэвтээ сүлжээ. Дээрээс нь ямар нэгэн удирдлага байхгүй. Монголд биткойн хөгжиж болно. Энэ тохиолдолд манай улс татварын хууль гаргах ёстой. Хоёрдугаарт, биткойн ойролцоогоор 200 тэрбум ам.долларын баталгааны сантай. Тэгэхээр энэ сүлжээг тодорхой хугацаанд ашиглаж болох ч хүссэн хүсээгүй төв банк өөрийн төгрөгийн цахим валютыг гаргахаас өөр аргагүй байна гэсэн үг. Тухайн орны төв банк өөрийн гэсэн цахим валютыг гаргаж байж биткойнтой холбогдох эрсдэлийг хянаж чадна.
Биткойны сул тал нь ирэх жилд 60 мянган ам.доллар хүрлээ гэхэд удалгүй 1000 ам.доллар болтлоо унах боломжтой. Биткойны хий хоосон өсөлт зах зээлийн бараа таваар, алтаар баталгаажаагүй учраас нурах магадлал өндөртэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, АНУ-ын зах зээл дээр нийт үнэт цаасны хэмжээ нь 200 их наяд ам.долларын баталгаатай байхад биткойн 200 тэрбум долларын хөрөнгийн үнэлэмжтэй байна. Энэхүү нийгмийн цахим сүлжээнд хуримтлал бий болгосон 200 тэрбум ам.доллар дотроо л гүйлгээ хийх боломжтой бөгөөд баталгаа байхгүй. Харин хөөсрөн өсөж буй нь өндөр эрсдэлтэй. Жишээлбэл, дэлхийн бусад орнууд татвар, хууль эрх зүйн орчиндоо зохицуулалт хийгээд өөрсдийн орны цахим валютыг гаргах асуудал дээр анхаарал тавиад ажиллаж байна. Одоохондоо бүх улс БНХАУ-ын төв банкны байр суурийг харж байна. Хэрвээ Хятад улс биткойныг хүлээн зөвшөөрөхгүй бол энэ бизнес шууд нурна. Учир нь БНХАУ худалдааны том эдийн засгийн орон шүү дээ.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх