Замаасаа гарч, осолдсон галт тэрэг хурд хэтрүүлсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Замаасаа гарч, осолдсон галт тэрэг хурд хэтрүүлсэн байжээ

Замаасаа гарч, осолдсон галт тэрэг хурд хэтрүүлсэн байжээ

АНУ-ын Вашингтон мужийн Дупонт хотод замаасаа гарч, осолдсон галт тэрэг цагт 30 бээр буюу 48 км/цагийн хязгаартай бүсэд 128 км/цагийн хурдтай явж байсан гэж Үндэсний тээврийн аюулгүйн байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Белла Динх-Зарр мэдэгдсэн байна. Хурд хэтрүүлсэн нь ослын шалтгаан болсон гэж урьдчилсан байдлаар тогтоожээ.

Сиаттл хотоос Портлэнд чиглэлд зорчиж байсан “Амтрак” компанийн галт тэрэгний 14 цувааны 13 нь замаас гарч, хурдны зам дээр унажээ. Ослын улмаас гурван хүний амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтсэн юм. Нас барсан хүмүүс бүгд галт тэргэнд зорчиж явжээ. 10 хүн хүнд гэмтсэн бөгөөд нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэж Амтрак компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд байна.

Осол орон нутгийн цагаар 07.40 цагт гарсан бөгөөд өглөөний оргил ачааллын үе байсан тул хурдны зам хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Галт тэрэг долоон машины дээр унасан, тэдгээр машины хоёр нь ачааны машин байсан аж.

“Амтрак” компанийн ерөнхийлөгч Ричард Андерсоны мэдэгдсэнээр осол гарах үед төмөр зам дээрх галт тэрэгний хурд тохируулах систем ажиллагаагүй байсан гэнэ. PTC буюу Галт тэрэгний хурд тохируулах хяналтын систем нь галт тэрэг хурд хэтрүүлэн явах үед автоматаар хурдыг сааруулах, эсвэл бүрмөсөн зогсоох технологи ажээ.

Ослын газарт Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс томилсон 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхэлсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж