У.Хүрэлсүх: Утааг 10 хувиар бууруулна

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Утааг 10 хувиар бууруулна

У.Хүрэлсүх: Утааг 10 хувиар бууруулна

Иргэн Г.Цогтынх Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага нарангийн 2-р гудамжны 2-ын Б тоотод оршин суудаг. Тэднийх ам бүл гурвуулаа гэрт амьдардаг. Сүүлийн хоёр жил огт нүүрс хэрэглээгүй, зөвхөн цахилгаанаар халдаг Эко тулгат төхөөрөмж хэрэглэжээ. Цахилгаанаар халдаг энэхүү төхөөрөмжийг хоёр жилийн өмнө 2,1 сая төгрөгөөр худалдан авчээ. Одоо Г.Цогтын цахилгааны төлбөр сард 110 мянга орчим гардаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гэхэд 104 мянган төгрөгийн цахилгааны төлбөр гарснаас шөнийн тарифын хөнгөлөлт эдэлж, 34 мянган төгрөг төлжээ. Г.Цогтынх Эко тулгат төхөөрөмж хэрэглэхээс өмнө өвөлдөө хоёр портер нүүрс, нэг портер мод хэрэглэдэг байж. Өвлийн улиралд дунджаар 400-500 мянган төгрөг түлшинд зарцуулдаг байсан гэнэ. Гэтэл өнөөдөр цахилгаанаар халдаг төхөөрөмж хэрэглэснээр сард цахилгааны мөнгөнд өвлийн улиралд дунджаар 250 орчим мянган төгрөг төлөх боломжтой болсон гэдгийг Г.Цогт онцолж байлаа. Тэрбээр хэлэхдээ, өвөл болохоор л гэр хорооллын айлууд нүүрс түлж, утаа тортогтой зууралддаг. Манайх ч гэсэн нүүрс түлдэг байхад гэрийн бүх тавилга тортог болдог, хувцаснаас утаа үнэртдэг байсан. Харин одоо бол гэр цэмцгэр, утаа үнэртэхгүй, гэр дулаахан сайхан байна. Хамгийн гол нь энэ их агаар бохирдолд манайх гэдэг өрх утаа нэмэрлэхгүй байна гэдэг чухал шүү гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгаж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.12.19/  агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй зарим арга хэмжээтэй танилцсан. Үүний хүрээнд иргэн Г.Цогтынхоор зочилж, утаа бууруулахад хувь нэмрээ оруулж байгаад нь талархаж байгаагаа хэлсэн юм.

131 жижиг оврын уурын зуухыг төвлөрсөн дулаанд холбоно

Нийслэлийн агаарыг 100 хувь гэж үзвэл түүний 80 хувийг гэр хороолол, жижиг уурын зуухнууд эзэлдэг. Гэр хороололд 220 мянган өрх буюу яндангаас утаа гарч байна. Засгийн газраас утаатай тэмцэж, тодорхой арга хэмжээ авч байгаагийн нэг нь жижиг оврын зуухны тоо бууруулах, гэр хорооллын янданг бууруулах ажил юм. Тодруулбал,  Нийслэлд 3100 жижиг оврын уурын зуух байдаг аж. Энэ жил 68 жижиг, оврын уурын зуухыг татан буулгаж, төвлөрсөн дулаанд холбохоор төлөвлөжээ.  Мөн Засгийн газраас 21 мянган айлыг нүүрс түлэхгүй,  эрчим хүчинд холбож, 131 уурын зуухыг татан буулгахаар төлөвлөж байна гэв. Улаанбаатарын утааг бууруулахын тулд утаа гаргаж буй яндангийн тоог цөөлөх ёстой. Үүний дагуу Засгийн газар хэд хэдэн тодорхой ажил хийж байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон. Ирэх жил мөн нам даралтын уурын зуухыг бүгдийг нь нэгдсэн дулаанд холбож, 30 гаруй мянган өрхийг хуримтлууртай халаагуураар хангах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Мөн Ерөнхий сайд СХД-ийн 22-р хороонд байрлах төвлөрсөн дулаанд холбох ажлын явцтай танилцлаа. Энэ шугам ашиглалтад орсноор 15 ширхэг жижиг оврын зуух байхгүй болж, 46 барилгыг төвлөрсөн дулаанаар хангах юм байна. Одоо жилд 10 мянга орчим тонн нүүрс хэрэглэж байгаа аж. Төвлөрсөн дулаанд холбох ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төвлөрсөн дулаанд холбох Баянзүрх дүүрэгт 25 жижиг оврын зуухыг нэгтгэж, 46 барилгын төвлөрсөн дулаанд холбох, тус дүүрэг 4-р хороонд 27 зуухыг нэгтгэж, 73 барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажлуудыг ч мөн энэ ондоо багтаахаар төлөвлөж байгаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолсон юм. Нийслэлд 3100 жижиг оврын уурын зуух байдаг аж.

Цахилгаан халаагуурууд 150 мянгаас 2,5 сая төгрөгийн үнэтэй

Гэр хорооллын орон сууц, гэрийг нүүрс түлэхгүйгээр халаалтаар буюу цахилгаанаар шийдэх маш олон боломж бий. Үүний нэг нь цахилгаан халаагуур. Цахилгаан халаагуурууд олон төрөл, гэрт, байшинд тохирсон, хананд өлгөдөг гээд олон төрөл байдаг бөгөөд цахилгаан халаалтын системийн үзэсгэлэнд Ерөнхий сайд оролцов. Гэр, байшинг хэмжээнээс нь хамаарч дулаанаар хангах зэрэг олон төрлийн халаалтын системийг 20 орчим компани экспортоор оруулж ирж, заримыг нь Монголдоо угсардаг юм байна. Цахилгаан халаагуурууд хамгийн бага нь 150 мянган бөгөөд дээд тал нь 2,5 сая төгрөгийн үнэтэй. Халаалтын системийг гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлбөл үнийн дүн буурах боломжтой гэдгийг бизнес эрхлэгчид онцолж байлаа. Цахилгаан халаагууруудыг гэр хорооллын айл өрхүүд хэрэглэсэн тохиолдолд шөнийн тарифын хөнгөлөлт эдэлж буй. Засгийн газрын зүгээс цахилгаан халаагуур хэрэглэж байгаа иргэдийг дэмжих зорилгоор шөнийн тарифын хөнгөлөлт эдэлж байгаа учраас нэг ч гэсэн яндаг бууруулах боломжийг иргэд өөрсдөө ч мөн санаачлах ёстойг сануулж байв. Түүнээс гадна гэр, байшингийн дулаалга маш сайн байх ёстой ч албаныхан сануулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж