УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.12.19/ болж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь төслийг санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзлээ.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөгийн хуулиар Монголбанкнаас гаргасан актыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянадаг байна. Гэвч энэ нь хараат бус байдалд нөлөөлж байна гэж үзэн, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Гэвч гишүүд дээрх заалтад шүүмжлэлтэй хандав.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
Монголбанк хэнд захирагдах вэ. Монгол банкнаас гаргасан акт одоогийн үйлчилж байгаа хуулиар Хууль зүй, дотоод хэргийн яаманд харъяалагдана. Гэтэл харъяаллыг хасах өөрчлөлт оруулжээ. Шүүх ч ажлыг нь хянахгүй юм байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
Манайх Захиргааны хуулийг хэрэгжүүлээд, мөрдүүлээд явж байна. Банкны ерөнхийлөгч хууль номоороо хэм хэмжээ тогтоосон акт гаргаж байгаа бол бидэнд яриад байх зүйлгүй. Алдаагүй юм гарга. Бид тэр даруй нь бүртгээд явуулж байя. Олон улсын валютын сангийнхан үүнийг эсэргүүцээд байхгүй гэж бодож байна. Тийм учраас энэ хуулийг буцаасан нь дээр.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Монголбанк өнөөдрийг хүртэл хуультай хуульгүй дураараа дургисан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахад арилжааны банкинд мөнгө гаргаж өгч хууль зөрчсөн байдаг. Нэг хүнийг дөрвөн банкны давуу эрхийн хувьцаа эзэмшигч болгосон. Өгсөн зөвшөөрлөө дараа нь хүчингүй болгож чаддаггүй. Тэгчихээд Дэлхийн банк ингэж ч зөвлөсөн, Олон улсын валютын сан ингэж ч зөвлөсөн гээд хэнийх ч биш боллоо. Одоо хуулийн зохицуулалтад орох хэрэгтэй. Хуулийн төслийг буцаах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна гэсэн юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дээрх хуулийн төслийг дэмжээгүй тул санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх болж, шийдвэрээ гаргаснаар хурлаа өндөрлүүллээ.
Г.ДАРЬ