Хятадын нисэх хүчний таван онгоц даваа гаригт /2017.12.18/ урьдчилан мэдэгдэлгүйгээр Өмнөд Солонгосын агаарын хяналтын бүсэд нэвтэрсэн байна. Улмаар БНСУ-ын тал сөнөөгч онгоцоо илгээхэд хүрчээ.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэгдсэнээр даваа гаригийн 10.10 цагт баруун өмнөд зүгээс Хятадын хоёр Н-6 бөмбөгдөгч, хоёр J-11 сөнөөгч онгоц, мөн TU-154 онгоц агаарын хяналтын бүсэд нэвтэрчээ.
Энэ явдал Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хятад улсад төрийн айлчлал хийгээд буцаж ирснээс ердөө хоёр хоногийн дараа болсон юм. Хятад дахь айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар Өмнөд Солонгос АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах THAAD системийг суурилуулах асуудлаар зөвлөлджээ. THAAD систем хоёр орны харилцааг хүйтрүүлэх гол сэдэв болсон билээ.
Хятадын байлдааны онгоц агаарын хяналтын бүсэд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэвтэрсний хариуд Өмнөд Солонгосын тал F-15K снөөгч онгоцнуудыг тэр бүсэд илгээжээ. Хятадын онгоцнууд мөн Японы агаарын хяналтын бүс рүү орж, дараа нь Хятад руу буцсан байна.
“Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцнууд агаарын хяналтын бүсэд Хятадын цэргийн онгоц нэвтэрсэн болохыг тогтоосон. Тэд Хятадын онгоцнууд агаарын хяналтын бүсээс гарах хүртэл тактикийн арга хэмжээ авч, ажилласан” гэж Зэвсэгт хүчний жанжин штабын албаны хүн мэдэгджээ.
БНСУ-ын Нисэх хүчнээс шууд холбоогоор Хятадын талд анхааруулга өгсний хариуд Бээжин “цэргийн ердийн сургуулилт байсан, гэхдээ Өмнөд Солонгосын агаарын хяналтын бүсэд нэвтрэх ёсгүй байсан” гэсэн байна.
С.ЦЭЛМЭГ