ЕБС-дад дауны синдромтой хүүхдүүдийн тусгай анги нэмье

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

ЕБС-дад дауны синдромтой хүүхдүүдийн тусгай анги нэмье

ЕБС-дад дауны синдромтой хүүхдүүдийн тусгай анги нэмье

Дауны синдромтой хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хүрээнд Монголд анх удаа тэдгээр хүүхдүүдэд зориулж 130-р бага сургууль “тусгай анги” гаргаж өгчээ. Бид энэ удаагийн дугаарын сурвалжилгаар тус сургуулийн тусгай ангийн хүүхдүүдийн сурах орчин, тулгарч буй бэрхшээлийн талаар сурвалжиллаа. Дауны синдромтой хүүхдүүдийг улсын хэмжээнд тоолсон судалгаа, тооллого байдаггүй. Гэхдээ дунджаар 700 төрөлт тутамд нэг даунтай хүүхэд төрдөг ерөнхий статистик дэлхийд байдаг аж. 

Монголын дауны холбоонд одоогоор 300 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд үүний тал хүрэхгүй хувь нь сургууль цэцэрлэгт хамрагдсан байдаг гэсэн судалгаа бий. Нийслэлийн хэмжээнд тусгай сургуулиудыг эс тооцвол анх удаа Монголын Дауны холбооны санаачилгаар Хан-Уул дүүргийн 130-р бага сургуульд эдгээр хүүхдүүдийг энгийн хүүхдүүдийн орчинд нийгэмшүүлж, танин мэдэхүйн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс дээрх санаачилгыг гаргасан гэх. Ингээд бид Хан-Уул дүүргийн 130-р сургуулийн тусгай ангийг зорьсон юм. Үүдээр орвол ангид 7-8 сурагчид хөгжмийн хичээлээ хоёр багшийн хамтаар давтаж байлаа. Дунд ангийн сурагчид бололтой эдгээр хүүхдүүд багшийн үйл хөдөлгөөнийг даган дуурайж нүүрэндээ инээмсэглэл тодруулан угтсан юм.

Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны Синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бөгөөд оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг гэж эрдэмтэд тогтоожээ. 

Түүнчлэн Дауны синдромтой хүмүүс бие махбод болон оюун ухааны хөгжлийн хувьд удаашралтай байдаг бөгөөд насанд хүрсэн хүний оюуны чадавхи 8-9 настай хүүхдийхтэй ижил байдаг. Мөн дархлаа муу учир зүрхний өвчин, цус багадалт, бамбай булчирхайн өвчлөл, сэтгэцийн өвчин зэрэг өөр олон өвчинд өртөх магадлалыг ихэсгэдэг аж. 

Иймд эдгээр хүүхдүүдийг нийгэмд тэгш эрхтэйгээр сурч боловсрох орчинг бүрдлүүлж өгсөн 130-р сургуулийн талаар товчхон өгүүлье. Тус сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд Дауны синдромтой хүүхдүүдийг дэмжих зорилгоор хоёр жилийн өмнө анги танхимыг бүрэн тохижуулж, сурах бичгээр ханган Дауны синдромтой хүүхдүүдийн сайн сайхны төлөө анги танхимаар хангаж өгчээ. Уг сургуулийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үеийн найз нарынхаа дунд сурч боловсорч, тэгш хамруулах зорилгынхоо хүрээнд дэмжиж ажиллаж байна гэдгийг онцолсон юм.

Энэ асуудлаар тус сургуулийн захирал Ц.Баярбат “Дүүрэг болгонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль байдаг. Манай сургуулийн хувьд цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай ангид суралцсаар байх хэдий ч 2018 оноос эхлэн эдгээр хүүхдүүд багшийн хамтаар Хан-Уул дүүргийн 63-р тусгай сургуулийн мэдэлд очиж байна. Гэхдээ 63-р сургуулийн харьяанд шилжих боловч энэ ангидаа хичээлээ үргэжлүүлнэ” гэв. 

Харин Дауны синдромтой хүүхдийн сурах арга барилын талаар, Дауны холбооны ангийн багш Э.Агиунаас дараах зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Эдгээр хүүхдүүдийн онцлог бол IQ нь жирийн хүнийг бодвол арай бага. Дотроо хэвийн, хөнгөн, хүнд, хүндэвтэр гээд ялгаатай зэрэг, чадварууд байдаг. Хэвийн хүүхэд нь уншиж бичнэ, сургуульд сурна, англи, төвд хэл сурна. Ямар ч асуудалгүй. Гол нь хүүхэд бүрийн онцлогт тааруулсан сургалтын хөтөлбөрөөр сургаж чадвал энгийн хүүхэдтэй адил бүх юмыг сурч хийж чаддаг. Энэ ялгааг нь мэргэжлийн хүмүүс олж тодорхойлох нь чухал байдаг. Бас нэг онцлог нь муу санаа, далд санаа гэж байдаггүй, огт мэддэггүй. Цэвэр хайр гэрэлтсэн хүүхдүүд байдаг. Жишээлбэл, Манай ангиас гэхэд гурван хүүхэд тусгай олимпоос азиас медаль аваад ирсэн гэв. Гэвч эдгээр хүүхдүүдэд дараах асуудлууд тулгарч байна гэдгийг эцэг эхийн төлөөлөл, багш ажилчид дуу нэгтэйгээр уламжлав. 

Тухайлбал, эдгээр хүүхдүүдэд энгийн сургуульд тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна. Бид нар аав гэдэг үгийг заахдаа зургийг харуулаад танай аавыг ингэж бичнэ гээд заадаг. Гэтэл академик боловсрол бол тийм биш. Урьд нь байсан тэгш хамруулах боловсролын хүрээнд нөгөө хүүхдүүд анги ахих тусам хичээлээсээ хоцроод эхэлдэг. Хоцроод эхлэхээр өнөөх хүүхдүүд академик боловсролыг удаан эзэмшдэг. Америк, Англи гэх мэтчилэн гаднын сургуульд энгийн ангиудад Дауны синдромтой хүүхдүүдийн тусгай анги байгаа. Яг энийг л бид нар монголд анх удаа авчирмаар байна” гэж хэллээ.

Энэ асуудлаар Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамнаас тодруулахад “Манай яамны дэргэдэх төслийн хүрээнд Дауны хам шинжтэй хүүхдүүдийг ердийн сургуульд бүлэг нээгээд суралцуулах үйл ажиллагааг туршилтын журмаар явуулсан. Төсөв хөрөнгийг шийдэхийн тулд 63-р сургуульд төсвийг нь өгөөд байрлах асуудлыг нь 130-р сургуульд шилжүүлээд явж байна. Улсын төсвөөс санхүүжилт хийгдээд мөнгө төгрөгийг авчихсан. Одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Уг асуудал нь боловсролын яамны шийдэх асуудал биш. Засгийн газрын түвшний асуудал. Иймд цаашид улсын хэмжээнд тусгай ангиудыг яаж нэмэгдүүлэх нь бодлогын асуудал” гэсэн хариуг өглөө. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж