Монгол Улс ноолуурын зах зээлийнхээ эзэн нь болохыг эрмэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Монгол Улс ноолуурын зах зээлийнхээ эзэн нь болохыг эрмэлзэж байна

Монгол Улс ноолуурын зах зээлийнхээ эзэн нь болохыг эрмэлзэж байна

Хөдөө ах ахуйн бирж /ХААБ/ өнөөдөр /2017.12.19/ анх удаа ноолуурын форвард арилжаа хийлээ. Энэ удаад 11 тонн ноолуурыг “Монголиа кашмер уорд” компани болон “Хатант интернэшнл” компаниуд худалдан авах гэрээ хийсэн юм. 

Форвард арилжаа гэдэг нь гэрээ хийснээс тодорхой хугацааны дараа бараагаа хүлээн авах, төлбөр тооцоо хийхийг хэлдэг байна. Тухайлбал, ХААБ-ын эхлүүлсэн ноолуурын форвард арилжааны гэрээ ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл хийгдэх аж. Энэ хугацаанд гэрээ хийсэн аж ахуй нэгж ноолуураа хүлээн авах, төлбөр тооцоогоо шилжүүлэх ажил дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. 

Анх 2011 онд Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль батлагдсан. Ингээд 2013 оноос Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаагаа явуулсан билээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд тус биржийн үйл ажиллагаа өргөжиж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С. Даваасүрэн онцолж байлаа. 

Хөдөө ах ахуйн бирж сонгодог утгаараа ажиллаж эхэллээ

ХААБ-ын гүйцэтгэх захирал Х.Баатар

-Форвард арилжааны давуу тал нь юу вэ?

-ХААБ өмнө нь спот арилжаа хийдэг байсан. Харин одоо ноолуурын форвард арилжаа хийж эхэллээ. Форвард арилжаа ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энд оролцож буй аж ахуй нэгжүүд малчид, хоршоодтой шууд гэрээ хийж байгаагаараа давуу талтай юм. Манай бирж үйл ажиллагаагаа явуулж эхлээд дөрвөн жил болж байгаа ч зөвхөн спот арилжаа хийдэг байсан. Сонгодог утгаараа малчид, хоршоод биржийн арилжаанд оролцох боломж өнөөдрөөс тавигдаж байна. Малчид энэ арилжаанд оролцохын тулд манай бирж рүү мессеж бичиж болно. Бид удахгүй мессеж хүлээн авах дугаараа зарлана. 

-Нэгдүгээр сард гэрээгээ хийгээд дөрөвдүгээр сард ноолуураа өгнө гэхээр ханшийн асуудал тулгарч байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Ноолуурын ханшийг тухайн үеийн зах зээлийн ханшаар өгч, авна. Монгол Улс ноолуурынхаа зах зээлийг Хятадуудад тавиад өгчихсөн. Тэгэхээр одоо энэ зах зээлийнхээ эзэн нь болохыг эрмэлзэж байна. Дотоодын аж ахуй нэгж Хятадуудтай өрсөлдөх байдлаар ноолуур авах нь шударга үнэ ханшийг бий болно.    

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар:

-Өнөөдөр форвард гэрээний хэлцэл хийж эхэлж байгаа нь ХААБ жинхэнэ утгаараа ажиллах эхлэл тавигдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогын түвшинд хамтын ажиллагаатай байдаг. Цаашид ХААБ-ын тодорхой хувь хэмжээг борлуулж, тодорхой хувийг төр эзэмших байдлаар явах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр биржийн хөрөнгийн чадавх сайжирч, үр ашигтай ажиллана гэж салбар яамнаас үзэж байгаа. 

Энэ бизнес бол ашигтай гэж харж байна

“Монголиа кашмер уорд” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангар

Хэдийгээр ХААБ форвард арилжаанд дэмжлэг үзүүлж, малчид аж ахуй нэгжийн дунд гүүр болох алхам хийж байгаа ч ноолуурын салбарын хамгийн том өрсөлдөгч нь Хятад ченжүүд юм. Хятад ченжүүд малчдын гэрт хүрч, ноолуурын арилжаа явуулдаг болоод олон жил өнгөрч байна. Тэгэхээр Хятад ченж гэх томоохон өрсөлдөгчийг хэрхэн давж, байр сууриа эзлэх талаар “Монголиа кашмер уорд” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангараас тодрууллаа. 

-Маш энгийнээр ярих юм бол форвард арилжааг Хятадууд монгол малчидтай хийгээд байсан. Нэг ёсондоо малчдад мөнгөө урьдчилаад өгчихдөг, дөрөвдүгээр сард ноолуураа авчихдаг байсан. Дэлхий дээрх ноолуурын зах зээлийн 40 хувийг Монгол Улс дангаараа бүрдүүлдэг. Тэгэхээр энэ салбарын тэргүүлэгч нь бид өөрсдөө байх боломж бий. Харамсалтай нь, одоо бол юун тэргүүлэгч байтугай хоёр гуравхан Хятад иргэд малчидтай форвард арилжааг хийж байна. Хятадууд форвард арилжаагаар энэ зах зээлийг барьж байна. Бид өөрсдөө яагаад хийж болохгүй гэж. Би “Монголиа кашмер уорд” компанийг байгуулсан зорилго бол ноолуурын наймааг монголчууд өөрсдөө хийх зорилготой юм. Монголчууд яагаад энэ зах зээл рүү ороогүй вэ гэхээр их хэмжээний мөнгө шаарддаг юм байна. Миний тооцооллоор бол Монгол Улс нэг жилд 700-800 тэрбум төгрөгийн ноолуур арилжиж байна. Энэ хэмжээний мөнгийг бид өөрсдөө бий болгож чадаагүйгээс гол өрсөлдөх чадвараа алдсан. Ноолуурын салбарт ирээдүй байна. Монгол Улс нийт ноолуурынхаа дөнгөж 15 хувиар дотооддоо үйлдвэрлэл явуулдаг. Үлдсэн 85 хувь нь гадагшаа гаргадаг. Тэр 85 хувиа ядаж утас болгоод гаргасан бол ажлын байр бий болно. Манай компанийн зорилго бол ядаж утас болгоод гаргах юм. Энэ бизнесийг бид ашигтай гэж харж байгаа.  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж