Хүүхдүүд D витаминаар дутагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд D витаминаар дутагдаж байна

Хүүхдүүд D витаминаар дутагдаж байна

Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам/БСШУСЯ/ болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх” хэлэлцүүлгийг өчигдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгийн үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Бямбатогтохоос зарим зүйлийг тодрууллаа.


-“Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх” хэлэлцүүлгийг яагаад хийхээр болов. Хэлэлцүүлгийн үр дүн юу байсан бэ?

-Засгийн газраас ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс дааж байна. Тиймээс хүүхдийн бие махбодын өсөлт болоод оюун ухааны хөгжлийг нь хангахуйц шим тэжээлтэй чанарлаг аюулгүй байх ерөнхий шаардлага тавигдана. Сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийг нийтээр нь хооллож байгаа сургууль, цэцэрлэгт өгч байгаа хоолонд чанар, аюулгүй байдалд зарим нэг эргэлзэх асуудал гараад байна. Жишээ нь хоолны хордлого дэгдэлт гарч байна. Улсын хэмжээнд гарч байгаа хоолны хордлогын дэгдэлт 40 орчим хувь нь сургууль, цэцэрлэгийн орчинд гарч байна. Иймээс бид хүүхдэд өгч байгаа хоол тэжээлийг сайжруулах хэрэгтэй, чанар аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг үүднээс энэхүү хэлэлцүүлгийг явуулж, хамтран ажиллах чиглэл явагдаж байна.

-Цаашид эрүүл, аюулгүй хүнсийг хүүхдэд өгөх боломжийг сайжруулах ямар гарц байна вэ?

-Сайжруулах боломж бүрэн нээлттэй гэсэн үг. Хүүхдийн хоол тэжээлд юу дутагдаж байна вэ гэдэг нь судалгаагаар гараад ирсэн. Гагцхүү хоол хүнс хадгалах, хийхэд анхаарах, тээвэрлэх зэрэгт ихээхэн анхаарч зарим нь мэдэхгүйн улмаас буруу сонголт хийх асуудал байдаг. Үүнийг жижиг гэлтгүй сайн ярилцах, зөвлөх хэрэгтэй.

-Судалгааны дүнд хамгийн анхаарал татсан нэг жишээг дурдаач?

-Эрүүл мэндийн яамнаас хоол, хүнсний судалгааг 5-6 жилийн хугацаанд хийдэг. Энэ жилийн судалгаанаас харах юм бол Д амин дэмийн дутагдал түгээмэл байна. Тав хүртэлх насны хүүхдийг 61 хувь нь Д амин дэмээр дутагдаж байгааг анзаарагдлаа. Түүнээс гадна жирэмсэн ээжүүдийн 75 хувь нь Д амин дэмийн дутагдалтай  байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр амин дэм дутагдалтай ээжээс дутагдалтай хүүхэд гарна шүү дээ. Одоо 6 настай хүүхэд сурагчийн эгнээнд шилжлээ. Тэгэхээр Д амин дэмээр дутагдалтай тэр хүүхдийн сурах чадвар ямар байх билээ. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд амархан ядрах, сурах сонирхол муу байдаг учраас хүүхдийг шим тэжээлээр хангах тэргүүн зорилго болоод байна.

ВИТАМИН D БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ

Хүний бие дэх ясыг бүрэлдүүлэхэд D витамин чухал үүрэгтэй, кальци болон фосфорын солилцоонд оролцохоос гадна дархлаа тогтолцоонд чухал үүрэг бүхий амин дэм юм. Загас, өндгөнд витамин D-гээр нэмэлтээр баяжуулсан хоол хүнсэнд агуулагддаг боловч хүний бие нарны гэрлийн нөлөөн дор байгаа үед арьсан дээр нийлэгжин үүсэх боломжтой амин дэм юм.

Нярай хүүхдийн амьдралын эхний саруудад зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн эх сурвалж байдаг. Хөхний сүү, нарны гэрэл болон гаднаас бэлнээр витамин Д уулгах зэрэг аргуудыг нэрлэж болно. Харин хөхний сүүнд агуулагдах витамин D нь эхийн биед байгаа витамин Д-ээс шууд хамааралтай. Гэхдээ хөхний сүүгээр авч буй D витамины агууламж хүүхдийн биед хангалттай байх нь тийм ч түгээмэл бус юм. Дэлхий дээр буй улс орнуулын газар зүйг байршлын онцлог зэргээс хамааран нярай хүүхдүүд Д витамины дутагдалд орох нь элбэг. Хэрэв хүүхдийн нярай үед энэхүү витамин мэдэгдэхүйц хэмжээгээр дутагдах юм бол рахит, саа болон амьсгалахдаа хүндрэлтэй болох зэрэг эрсдлүүд үүсч болно.

Сүүлийн үед хийгдсэн судалгааны дүгнэлтүүд нь D витамины бэлдмэлүүдийг тохирох тунгийн дагуу уулгах нь нярай хүүхдийг рахит өвчнөөс урьдчилан сэргтийлэх, ялангуяа наранд ил гарах боломжгүй торниж байгаа хүүхдэд бодитой үр дүн үзүүлж байгаа нь батлагджээ.

Нэгэнт энэхүү амин дэм нь кальци болон фосфорын солилцоонд чухал үүрэгтэй оролцдог тул бие дэх энэхүү солилцоогоо эрчимтэй явуулж байхын тулд кальци фосфор агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байвал таны биед илүү ашигтай тусна.

Монголын хүн амын нөхцөлд хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч витамин D -гийн дутагдалд өртсөн байх нь элбэг. Тиймээс жирэмсэн эхчүүдэд зонхилон тохиолдох D витамины дутагдал нь гэр бүл болгоны анхаарвал зохих асуудал юм. Жирэмсэн эхчүүдийн хувьд D витамины дутагдал нар бага үздэг өвлийн улиралд илүү хурцаар явагддаг байна. Жирэмсэн үеийн D витамины дутагдлын онцлог нь жирэмсний явцад хэд хэдэн сөрөг шинж тэмдэг хавсран илэрдэг аж. Тухайлбал, хавантах, жирэмсний үеийн чихрийн шижин цаашлаад дутуу төрөлт зэрэгт хүргэх аюултай байна.


Ойролцоогоор 250 мл сүүнд 100 нэгж тун (IU) витамин D агуулагддаг байна.

Витамин D нэмэлтээр хэрэглэж болохгүй заалтууд:

  • Бие дэх кальцийн хэмжээ өндөр хүмүүс /Энэ үед нэмэлтээр Д витамины уух нь таны кальцийн солилцоог эрчимжүүлэх болно/.
  • Наранд их хугацаагаар байсны нөлөөгөөр бие тань хангалттай борлосон бол
  • Таны бие дэх D витамины хэмжээ хангалттай түвшинд байгаа мөн энэ түвшинд аваачих гэж нэмэлт бэлдмэл хэрэглэж байгаагүй бол
  • Кальцижих өвчинтэй бол / биеийн зарим нэг газраар яс ургасан бол/
  • Витамин D -ээс харшилтай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж