Шинэ ном: Цэвдэг жаран

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

МУИС-ийн шинэхэн номын санд өчигдөр тус их сургуулийн багш, профессор зохиолч До.Цэнджавын отгон ном “Цэвдэг жаран” романы нээлт болов.

Зохиолч До.Цэнджав уг номондоо: “Түүхэн цаг үе өөр өөрийн араншинтай. ХХ зууны эхэн, дунд үе буюу монгол тооллын ХV жарны хориод оны сүүлч гучаад оны үе бол Коминтерн болоод сталинч хатуу дэглэм коммунист хийрхлийн хар үүл айл өрх, хүн бүхний толгой дээгүүр нүүгэлтэж, баруунтан, зүүнтэн гэсэн улс төрийн үзэл санаа газар авч, тэр үеийн нам, засгийн удирдлагууд эсрэгцэн, хоорондоо өсөрхөн дайсагналцаж байсан айдас хүйдэс нүүрлэсэн, өөрийн гэсэн толгойгүй болчихсон үеүд юм” гээд “ … Түүхийг сануулж байхгүй бол мартагддаг юм байна,  он цаг алсрах тусам бүдгэрч, үнэндээ ч шинэ үеэс төрсөн нэн шинэ үеийнхэнд дам дамаа ойшоогдохгүй хайхрагдахаа ч больдог бололтой.

Түүхийг уран зохиолоор үнэн мөнөөр нь үлдээвэл илүү үр нөлөөтэй, хүрцтэй, үлдэцтэй, наалдацтай байдаг гэдэг нь дэлхийн уран зохиолд батлагдсан зүйл. Энэхүү он цагийн түүхэн үйл явдлыг ямар нэгэн улс төрийн үзлээс биш, үнэн мөнөөр нь, ямар шалтаг, шалтгаантай юм бэ? гэдгийг “Цэвдэг жаран” романаараа тодруулж гаргахыг хичээлээ” гэж онцолсон байв.

Энэхүү номын нэр л зохиолын агуулгыг хэлээд өгч байна. Зохиол бүхэлдээ хэлмэгдлийн тухай бөгөөд түүхийн хамгийн  эгзэгтэй үед манайхан дотроо баруун зүүн гээд хуваагдаж, аль ч учраа олохоо байчихсан, Оросын Коминтерний бодлого эрчимжиж, харгис Сталины тулгалтаас гарах аргагүй болчихсон хэцүү цаг үе байсныг зохиолч дээр өгүүлсэн.

Монгол оронд ардын хувьсгал ялсан арав гаруйхан жилийн хугацаанд гадны нөлөөнд автан шударга үнэнийг уландаа гишгэсэн төрийн бодлогоо хэрэгжүүлж чадахаа байсан хүнд нөхцөлд өөрийн бодолтой, тухайн цагтаа шаггүй боловсролтой А.Амар, Г.Дэмид нарын олон сэхээтнүүд, боловсрол багатай ч амьдралын хар ухааныг өөртөө шингээсэн улсынхаа төлөө хэлэх үгээ хаана ч хэнд ч ил шууд илэрхийлчихдэг Ж.Лхүмбэ, П.Гэндэн нарын зориг зүрхтэй лидерүүд цөөнгүй байв.

Эл номонд тэдний хэлмэгдлийн тухай болоод хар цагааныг дэнслэн хослуулсан маршал Х.Чойбалсан гуайн тухай, тэрбээр амьдралынхаа сүүлчийн арав гаруй жил Монгол улсын тусгаар тогтнолыг авч үлдэхийн төлөө амь бие хайргүй тэмцсэн тухай түүхийн үнэнийг олон жилийн судалгааны ажлынхаа үр дүнгээр нямбай чамбай өгүүлсэн “Цэвдэг жаран” роман ийнхүү уншигч түмнийхээ гар дээр очиж байна.

Энэ томоохон туурвилын ерөнхий редактор, түүхийн зөвлөхөөр Монгол Улсын Төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар ажиллажээ. Номын нээлтийн ёслолын арга хэмжээнд улс төрч, нэрт зохиолч, сэтгүүлч, түүхчид, түүний уран бүтээлийн андууд, оюутан шавь нар нь оролцлоо.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, Д.Бодоогийн шагналт сэтгүүлч, яруу найрагч, нийтлэлч До.Цэнджав уран бүтээлийн онгод хийморьтой, бүтээж туурвихын одтой нэгэн билээ.

Тэрбээр олон роман, тууж, өгүүллэг, яруу найргийн ном хэвлүүлсний дотор 2008 онд хүүрнэл зохиолын том төрөлд “Алтан өд”, 2010 онд “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадсан бил үү” эссэ номоороо хүүрнэл зохиолын богино төрөлд “Алтан өд” шагнал, Утгын чимэг богино өгүүллэгийн уралдаанд “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Мэнгэ”, “Найрын дарга”, “Хулангийн цавчаал”, “Дээдэс өршөө”, “Оддын судар”, “Арслан” зэрэг өгүүллэг нь тэргүүн байранд шалгарч байлаа.

Мөн ”Чонын алтан шагай”, “Хул салхи”, “Асар тэнгэрийн дор” (500 рубай) “Хөх жавар” (тууж өгүүллэг, эсээ) “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу” (эсээ) Мянган цэн үг” (1000 афоризм), “Он цагийн шастир”  (сэтгүүл зүй, нийтлэлийн), “Цагаагчин гахай жил” хэмээх туульсийн, шүүмж судлалын “Уран дүрийн ертөнц”, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй” (сурах бичиг) “Хэвлэл мэдээллийн менежмент” (сурах бичиг) олон арван номын автор, орчин цагийн хамгийн нэр хүндтэй зохиолчийн нэг болой.

Сэтгүүлч Г.Сумъяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж