УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.12.19/ болж, Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хөдөө аж ахуйн бирж ажиллаад олон жил болсон ч үр ашиг нь гарч байгаа юу гэдэг учир дутагдалтай байна. Энэ асуудалд Хүнс хөдөө аж ахуйн сайд анхаарч ажиллах шаардлагатай. Эргэж байнгын хороонд мэдээлэл хий” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Шинэ Засгийн газраас ард иргэд ихийг хүлээж байгаа. Анх байгуулагдахдаа “Нийгэмд шударга ёсыг тогтооно. Улс төрийг бизнесээс салгана. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авна” зэрэг олон амлалт өгсөн. Өнөөдөр юу болов. Амласан ажлаас юу нь хэрэгжив, юу нь хэрэгжээгүй вэ. Засгийн газар байгуулагдаад хоёр сар боллоо. Иргэд асууж байна. Хэлэх үгтэй баймаар байна. Энэ асуудлыг Засгийн газар танхим дотроо ярь” гэж зөвлөв.
Байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ