“Оюутолгой” зэсээ хумьж, алтаа арвижуулна

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” зэсээ хумьж, алтаа арвижуулна

“Оюутолгой” зэсээ хумьж, алтаа арвижуулна

“Оюутолгой” ирэх онд улсын төсөвт 406 тэрбум төгрөг төлнө гэсэн хүлээлттэй

Тулгуур салбарт томоохон жийрэг болдог “Оюутолгой”-н уурхай ирэх онд зэсийн хүдэр олборлолтоо таван мянган тонноор бууруулахаар төлөвлөжээ. Энэ онд 130-160 мянган тонноор төлөвлөж байсан зэсийн үйлдвэрлэл нь ирэх онд 125-155 мянган тонн болж буурах юм. Гэхдээ цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж буй тул зэсийн ирээдүй гэрэлтэй байгаа. Тиймдээ ч ирэх жилүүдэд улбар металлын үнийн төлөвийг өөдрөгөөр тооцсон шинжээчид олон байна. Asia Mining сэтгүүлд “Ирэх жилүүдэд зэсийн үнэ хоёр жилийн өмнөх шиг унахгүй гэдэгт зах зээлийн шинжээчид итгэлтэй байна” хэмээгээд энэ удаагийн үнийн өсөлт бодитой эрэлт дээр бий болсон гэж үзжээ. Цахилгаан батарей бүхий автомашинаас гадна Хятадын эдийн засгийн өсөлт, АНУ-ын Холбооны нөөц бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдсэн нь голлох металлуудын үнэд нөлөөлсөн байх талтай аж. Он гарсаар 25 гаруй хувиар өсөөд буй нэг тонн зэсийн ханш ирэх онд 6100 орчим ам.долларт хэлбэлзэнэ гэж шинжээчид үзэж буй. Олон улсын зарим шинжээчийн таамаг өөдрөг байна.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын төсөвт 120.5 сая ам.долларын татвар, бусад төрлийн төлбөр төлсөн “Оюутолгой” ирэх онд 406 тэрбум төгрөг төлнө гэсэн хүлээлт давамгайлж буй. Түүгээр ч үл барам Сангийн яамны уул уурхай, газрын тосноос олно гэж үзэж буй хоёр тэрбум орчим төгрөгийн тэн хагасыг зэсээс олно гэсэн найдвар тээж байгаа юм. Үүний бараг тал хувь “Оюутолгой”-д ногдох нь. Үүнээс гадна, гүний уурхайн бүтээн байгуулалт нь ид өрнөж буй “Оюутолгой” алтны хүдрийн олборлолтоо ирэх онд энэ оныхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. 240-280 мянган унц алт олборлоно гэдгээ Turquoise Hill Resources компани хэд хоногийн өмнө мэдэгджээ.

Гэхдээ энэ онд дунджаар 1250 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа алтны ханшийг томоохон аналистууд тийм ч таатай гаргаагүй. Дэлхийн банк л гэхэд геополитикийн болон байгалийн гамшгийн хүчин зүйлийн нөлөөгөөр нэг унц алт дунджаар 1206 ам.доллар байна гэж таамагласан. “Оюутолгой”-н алтны хүдрийн олборлолтын энэ оны биелэлт 60-80 хувьтай байгаа аж. “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигч Turquoise Hill Resources-ийн толгой компани болох Rio Tinto групп ирэх онд зардлаа танаж, төсвийн сахилга батад онцгой анхаарах төлөвтэй байгаа юм. Энэ сарын эхээр томилогдсон ТУЗ-ын шинэ тэргүүн болох Саймон Томпсон одоо байгаа төслүүдээ урагшлуулахад онцгойлон анхаарч, хувьцаа эзэмшигчдэд тараах ногдол ашгаа нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна хэмээн мэдэгдсэн. Тиймдээ ч энэ оны эцэс болон ирэх онд зардлуудаа танахаар төлөвлөж буй. Наймдугаар сард таван тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байсан капиталын зардлаа оны эцэст 4.5 тэрбум ам.долларт барихаар төлөвлөж буй бол үйл ажиллагааны зардлаа ч 2.8 хувиар бууруулж, 700 сая ам.доллар болгохоор чармайж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь эд өрнөж буйтай холбоотойгоор “Оюутолгой” тоног төхөөрөмж худалдаж авахад ихээхэн зардал гаргасан.

  • Үндэсний аудитын газар Олон улсын аудитын байгууллагуудтай хамтарч, Дубайн гэрээнд аудит хийхээр болов.

  • “Оюутолгой” алтны хүдрийн олборлолтоо ирэх онд энэ оныхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн хүдрийн агууламж багасаж, ложистикийн өртгөөс шалтгаалж үйл ажиллагааны зардал нь өссөн юм. Мөн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор үндсэн хөрөнгийн зардал ирэх онд дунджаар 150 сая ам.доллар байх бол гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.1-1.2 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэйг Turquoise Hill Resources танилцуулжээ. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Оюутолгой”-н ил уурхайн олборлолт ирэх онд 4, 6 дугаар үе шатанд төвлөрөх бөгөөд овоолго дахь хүдэр боловсруулалт ч үргэлжлэх аж. Зэсийн нөөцөөр дэлхийд гуравдугаарт орох тус уурхайн олборлолт 2025 онд түүхэн дээд хэмжээндээ хүрч, жилд 550 мянган тоннд хүрэх юм.

Тэрчлэн Дубайн гэрээтэй холбоотойгоор ирэх онд “Оюутолгой”-д аудитын шалгалт оруулахаар болсныг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Улс орны эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ирэх онд аудит хийхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани болон “Оюутолгой” компанид иж бүрэн аудит хийх юм. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргах аж. Үүнтэй холбоотойгоор эхний ээлжинд Дубайн гэрээнд аудит хийхээр болж байна. Үндэсний аудитын газар Олон улсын аудитын байгууллагуудтай хамтарч, тусгайлсан горимоор уг гэрээнд аудит хийхээр хэдийнэ төлөвлөжээ.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж